Дөрөв дүгээр сарын 12-ноос эхэлсэн зам засварын ажил үргэлжлэн 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Коронавирусийн улмаас хил гааль хаагдаж зам засварын материал оруулж ирэх боломжгүй байснаас үүдэн засварын ажилдаа битумыг ашигласан гэх мэдээллийг Зам засвар ашиглалт хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат бидэнд мэдээллээ.
Нэг турбум 50 сая төгрөгийн төсвөөр бүтсэн энэхүү ажил нь үр дүнгүй, өөрөөр хэлбэл үргүй зардал болж буй асуудалд хэн хариуцлага хүлээх вэ? Энэ талаар зам засвар ашиглалт хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат,
“Захиалагч байгууллага болон гүйцэтгэгч байгууллага ямарваа нэгэн байдлаар хариуцлага хүлээнэ. Гэхдээ засаж сайжруулах энэ үйл явц дууссаны дараа, үнэлэлт дүгнэлт гарсан хойно шийдэгдэх байх.
Цар тахлын үед хил гааль хаалттай байгаатай холбоотой хуучин хийдэг байсан битумаар гагнаас засварын ажлыг хийж байгаа. Одоогийн нөхөлт засварууд маань машины дугуйнд наалдаж байна гэх асуудал гарлаа. Ялангуяа төвийн гудамж замуудаар илүү их байна. Энэ нь хөдөлгөөний ачаалал түгжрэлтэй холбоотой. Автомашин зам дээр удаан зогсох, яндангаас гарах халуун уур зэрэг нөлөөлөх тодорхой нөхцөл шалтгаанууд байна.
Гэр хорооллын гудамж, зуслан, Яармагийн замуудад мөн адил битумаар хийхэд хөл хөдөлгөөний ачааллаасаа хамаараад дугуйнд наалдахгүй байгаа. Гэсэн ч энэ асуудлыг технологийн дагуу бүрэн хийлгэж дуусгана. 2015, 2017 оноос өмнө битумаар гагнаж, заадас засварын ажлыг хийдэг байсан.
Сүүлийн хоёр гурван жилд дандаа мастикаар хийж байсан юм. Энэ нь битумыг нилээн сайжруулсан чанарын агууламжтай материал гэсэн үг. Битумээр засварлах, мастикаар засварлах хоёр хооронд үнэ ханшийн ч ялгаа бий. Урсгал засварын ажилд өнгөрсөн жилүүдэд мөн л нэг тэрбум төгрөгийн засварын ажлаа тавьсан. Өнгөрсөн жилийн хувьд тэрбум төгрөгөөр арван гудамж замын заадас засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ жилийн хувьд битумаар хийснээрээ 32 гудамж зам засварыг хийсэн. Үүгээрээ л ялгаатай” гэлээ.