2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, ХҮН-аас Датакомын Д.Энхбат нар өрсөлдөнө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлдэг зохицуулалттай.
ХОЁР ТАЛЦСАН АН-ААС С.ЭРДЭНЭ НЭР ДЭВШИХЭЭР БОЛОВ
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэг талдаа гарах болов уу гэсэн Ардчилсан намын зүгээс энэ удаагийн сонгуульд хоёр нэр дэвшигчийг тодруулсан. Өөрөөр хэлбэл, М.Тулгат даргатай Ардчилсан намаас С.Эрдэнийг, О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас Н.Алтанхуягийг тус тус нэр дэвшүүлсэн.
СЕХ-ны ажлын хэсэг “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хүлээн авсан.
С.ЭРДЭНЭ НАМТАР
Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. Улс төрч, хуульч, Удирдахуйн ухааны доктор. 1990 оны Цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Багануур дүүргийн МоАХ-г үүсгэн байгуулж, анхны даргаар нь ажилласан. УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдсон. УИХ дахь АН-ын бүлгийндаргаар нэг удаа, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар нэг удаа тус тус сонгогдон ажилласан.
– АН түүний үед хоёр хуваагдсан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүчтэй оролцоотой хийгдсэн. С.Эрдэнэ харин ч Х.Баттулгыг эсэргүүцэн зогсож байсныгаа АН-ынхаа өмнө байгуулсан гавьяа гэж үздэг.
– Тэрбээр Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа сонгогдохдоо 160 гаруй тогтоол шийдвэрийн төслийг боловсруулсан байдаг. Мөн 56 хуулийг санаачлан боловсруулсны 31-ийг буюу 60 хувийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, 2 хуулийн төслийг санаачлагчийн хүсэлтээр буцан татаж, ахин 2 төслийг санаачлан боловсруулжээ.
– 2012-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж бодлогын үр шимийг хүртэх иргэд, олон нийтийн санаа бодлыг сонсох явдал нь бодлого боловсруулах суурь зарчим учраас хүн ам, зорилтод бүлгүүдийн санал бодлыг сонсох ажлыг 2012-2013 онд хэрэгжүүлж, хүүхэд өсвөр үе, залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүд, гэр бүлийн асуудлаар " Үндэсний хэмжээний чуулган зөвлөгөө"-нүүдийг хийсэн.
– Зөвлөгөөний үеэр иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсож, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, боловсруулсан баримт бичгийн төслийг хэлэлцүүлж байсан нь цаашдын бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэх ажлын эхлэл болсон аж.
– Ингэснээр хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудал, салбар дундын бодлогын уялдаа холбоог бий болгож, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, чиг удирдлагаар хангах үүрэг бүхий бүтцийг бий болгон Хүн амын бүлгүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг хангах эрх зүйн орчинг сайжруулжээ.
Түүний санаачилсан хуулиас дурдвал,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлаас 2012 онд батлуулж хэрэгжүүлснээр Улсын хэмжээнд нийт 646 мянган иргэлийн ажилласан хугацааг 5-11 жилээр нөхөн тооцсон нь нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ боллоо.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа Эрүүл мэндийн даатгалын цахим картаар шууд төлөх, төлбөрт хяналт тавих зэрэг эрхийг хуулиар тогтоолоо.
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлан батлуулсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хууль болсон.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
- 1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
- 1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
- 1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
- 1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
- 2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
- 1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
- 1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
- 1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
- 1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
- 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
- 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
- 1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
- 2000 онд МоАН-ын дарга
- 2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- 2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
- 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
- 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
- 2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
- 2017-2021 онд Ардчилсан Намын дарга