Жил дамнан үргэлжилж байгаа коронавирусийн цар тахлын улмаас иргэд ажил орлого нь буурч, заримынх нь ажил зогсон эдийн засгийн хувьд хүндхэн байдалтай байгаа дүр зураг хаа сайгүй байгаа. Бид энэ удаад 7 буудлыг зорин иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
Учир нь 7 буудал дээр гар дээрээс худалдаа эрхлэгчид болон том, жижиг дэлгүүрүүд хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулдаг их хөлийн газар юм. 7 буудал автобусны буудал гэхээсээ илүүтэй бараг л задгай зах. Автобуснаас буунгуут л сэрийтэл шулсан яснууд, ууталсан гэдэс дотор бүхий нохойн хоолны наймаачид угтана. Жилийн дөрвөн улиралд, жавар нар, бороо шуурганд эгнэн сууж гар дээрээс наймаа хийдэг эдгээр иргэд хоногийн хоол, талхны мөнгөө олохын төлөө амьдардаг. Тэдэн дунд олон жилээр гадаа сууж байгаа хүмүүс цөөнгүй. Худалдан авагчид нь гэвэл нохойдоо зориулж авдаг ч нь бий, өөрсдөдөө зориулж авдаг нь бас бий гэх.
Нохойны хоол зардаг эгчтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Юм авахгүй, гүйлгээ муу байна. Хүмүүсийн амьжиргаа муудсан. Би ганцхан энэ ажлаараа хоолоо олж иддэг, хэцүү л байна. Улс 300 мянган төгрөг өгсөн тэр л хөл хорионд буян боллоо. Тэгээгүй бол ёстой барах байлаа. Хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудсан. Юмны үнэ хэтэрхий үнэтэй болсон. Нэг кг хонины махыг гулуузаар нь авахад 11 мянган төгрөг гэж байна шүү дээ. Бүх юмны үнэ нэмэгдсэн.
“Орлого байхгүй, өдөртөө хүн багатай наймаа муу байна”
“Иргэд хүнсний ногоо гэхэд нэг ширхэг төмс, нэг ширхэг лууван авч байна. Бид бараа зардаг ч сая сар гэртээ суулаа. Гэртээ суухаар ямар ч орлогогүй байлаа. Эргэж гарч ирээд бараа зарахад нэг хүн нэг оймс л авч байна. Дотуур хувцас авч байгаа хүн бараг алга. Ганц нэг оймс, улавч л авч байна. Өдрийн орлого багассан. Хүүхдийн эм, өөрсдийнхөө хоол ундыг авахад хэцүү болсон. Энэ жил иргэдийн худалдан авах чадвар муу байна. Энд хэдэн нохойн хоол зурдаг хүмүүс гэхэд л орон нутаг ажиллахгүй байгаа гээд 22-ноос хөдөлгөөнд орно гээд нохойн хоол ч ирэхгүй байна. Махны үнэ ямар үнэтэй байна. Адууны мах гэхэд л нэг кг нь 14500 төгрөг. Үхрийн мах нэг кг 15 мянган төгрөг. Дээдсүүд сонгууль гээд үхэх гээд байна. Тэр ямар учиртай юм бэ. Ард түмэн ямар байна. Нэг 300 мянган төгрөг өгөөд 30 хоног хорилоо. Нэг хүн өдөрт хэдэн төгрөгийн хоол идэх үү. Манайх Оргил худалдааны төвийн энд амьдардаг. Оргил руу ороход 10 мянган төгрөгөөр нэг өдрийн хоол авч чадахгүй байна. Энүүгээр л дүүрэн орлогогүй хүмүүс байна”
“Хөл хориог дараалаад сунгахад би гэртээ нэг сар 13 хоноод өнөөдрөөс наймаа хийхээр гарч ирлээ. Өнөөдөр Барс ороод бараагаа авлаа. Иргэдийн хувьд урдных шиг худалдан авалтууд байхгүй болсон. Хүмүүс өөрсдийнхөө боломжоор нэг хоёр ширхэг л жимс авч байна. Бүтэн сар гаран гэртээ байсан. Засгаас өгсөн 300 мянган төгрөгөөр ардаа хоёр хүүхэдтэй хүн би өөр юугаар тэжээх вэ дээр аргагүйн эрхэнд гарч ирээд зогсож байна. Өөр ажлын байр байхгүй. Хуучин Барс дээр очоод нэг хайрцаг алим 28 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 38-40 мянган төгрөг болсон. Яагаад үнээ нэмээд байгаа юм бэ гэхээр цар тахал хил, гааль хаалттай бүх жимс цаанаасаа үнэд орсон гээд аргагүйн эрхэнд авч байна. Өртэй өнөөдөр гарч ажиллахын тулд хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө авсан. Хөл хорионы өмнө бараагаа гүйцэт дуусгаж чадаагүй 800 мянган төгрөгийн жимс муутган устгасан. Буцаж гарах мөнгө байхгүй дахиад л өр тавиад гарч ирсэн”
“Одоо зээлгүй хүн гэж байхгүй. Тойроод бүх дэлгүүрт л хүмүүс зээлтэй байна. Өчнөөн сар хоригдсон хүмүүс чинь ямар ч ажил байхгүй. Сая 300 мянган төгрөг өгөөд жаахан өрөө өгсөн буцаагаад өр тавиад өрийн дэвтэр зузаараад сууж байна. Хүмүүсийн гар дээр хамаг мөнгө нь очсон бид хүртэл эргэлтийн мөнгөгүй л болсон. Махны үнэ энэ жил ерөөсөө буугаагүй. Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Одоо сайхан хоол хийж идэж байгаа айл ховор байгаа. Ажил нь зогссон гэртээ хэдэн сараар хоригдсон хүмүүс чинь өдөр өнгөрөөх хоёр ширхэг төмс, ганц лууван жаахан мах голдуу л зээлээд авчих уу л гээд. Яг хоолгүй боллоо гээд ороод ирж байгаа хүмүүст чинь мэддэг болсон учраас өгөхгүй байх хэцүү шүү дээ” хэмээн учирласан юм.
Хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгч “Ард иргэдийг үнэхээр мөнгөгүй болсон гэж бодож байна. 300 мянган төгрөг чинь хуучин авч л байдаг, хэрэглэж л байдаг тоодоггүй байсан шүү дээ. Гэтэл иргэд сая тараасан 300 мянган төгрөгийн дараа сандралдан нөөцийн маханд дугаарлаад л. Одоо хаана хямдхан хүнс, нөөцийн мах байна тэнд дугаарлаж байна. Төсвийн алба хаагчид нэг цалингаас нөгөө цалингийн хооронд зээлээс зээлийн хооронд явдаг шүү дээ. Одоо зээлийн хооронд явах нөхцөл ард түмэнд алга. Хүн зээлээ төлж чадахгүй юм чинь өнөөдөр талх, маргааш талх авлаа гэхэд нөгөөдөр дахиад зээл тавихаар орж ирэхгүй. Өөрийнхөө хэр хэмжээнд л тааруулж зээл авч байна. Зээлээр бараагаа өгөхөөр сарын эхэнд тэтгэвэр буухаар, сарын дундуур халамжийн мөнгө буухаар иргэд зээлээ эргэн төлдөг. Бид энэ хавийн оршин суугчдаа хэдэн төгрөгийн орлоготойг мэддэг болсон учраас боломжоор нь зээл өгнө. Хамаагүй зээл өгвөл би өөрөө алдагдалд орно шүү дээ. Ковид гээд иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Зөвхөн эргэн тойрны хэдэн хүмүүс яг л хэрэгцээтэй мах, талх, ойр зуурын хүнсээ авна. Чихэр, жимс, зайрмаг гүйхээ байсан. Өдөр ирэх тутам бидэнд ирж байгаа бараа бүтээгдэхүүн үнээ нэмээд эргээд иргэдэд худалдаалахад хүртэл хүндрэлтэй л байна. Иргэд биднийг л үнээ нэмсэн юм шиг бухимдалтай ханддаг. Ковидоос болоод хүмүүс гэртээ байна л гэх нь олон болсон. Улирлын чанартай ажилтай хүн ч бараг алга”
Цар тахлын улмаас хэдэнтээ хатуу хөл хорио тогтоон иргэд хүнсний дэлгүүрээс өдрийн хүнсээ зээл авч залгуулсаар байсан ч өдгөө дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарч, дахин зээл өгөх боломжгүй болсон талаар дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгчид ярьж байлаа.