Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ДОЛДУГААР САРЫН 1-НЭЭС ИРГЭД, АНН-ҮҮДЭД САНХҮҮГИЙН ДАРАМТ ИРНЭ
Цар тахалтай тэмцэхийн хажуугаар улс орон бүр эдийн засгийн хямралыг бага хохиролтойгоор даван туулах бодлого хэрэгжүүлж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авмагц Эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засагчид Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг сайшаалтайгаар үнэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоног дахь макро үзүүлэлт болон цаашид ямар сорилт хүлээж байгаа талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Ковид-19 гарсантай холбоотойгоор манай улс 10 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүй хатуу хөл хорионд хоригдлоо. Долдугаар сарын 1-нээс бизнесийн байгууллагууд аж ахуй нэгжүүд өр зээлээ төлж эхэлнэ. Урьд нь хөнгөлсөн дулаан, цахилгааны үнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Ингэснээр төлбөрийн ачаалал нэмэгдэх юм. Үүнтэй холбоотойгоор манай эдийн засагт ямар дүр зураг бий болох вэ?
-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа талаар бид мэдэж байгаа. Нэг эерэг зүйл нь шинэ Засгийн газрын зүгээс хоёрдугаар сарын 10-нд 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө зарлаж хоёрдугаар сарын 14-нд баталсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн явдал нь Монгол Улсын эдийн засгийн макро түвшинд нэлээд эерэг нөлөөтэй харьцангүй дэмжлэг болох болов уу гэж харж байгаа. Хоёрдугаарт Монгол Улсын эдийн засаг нэгдүгээр улиралд харьцангуй өндөр өсөлттэй гарах болов уу гэсэн хүлээлт байна. Үүний шалтгаан нь уул уурхайн салбарын гадаад нөхцөл байдал, гарц нэмэгдсэн. Энэ салбарт 40 гаруй хувиар өсөлт байгаа. Тиймээс эдийн засаг 7 орчим түүнээс дээш хувиар өсөх хүлээлт миний хувьд байна. Монголбанкны зүгээс 6-7 орчим хувийн өсөлттэй байхаар хүлээж байгаа. Жилийн өмнөх оны мөн үеийхтэй харьцуулсан өсөлт 6-7 хувь байхаар. Энэ нь 2020 оны унасан тооноос өсөж байгаа учраас том эерэг зүйл гэж харахаасаа илүү Монгол Улсын доротсон эдийн засагт ом дэмжлэг болох юм гэж харах нь зүйтэй. Яг энэ бодлогыг хэрэгжүүлэх цар тахалтай нүүр тулж байгаа процесс дээр бид нэлээд алдсаны улмаас өнөөдөр бизнесийн идэвхижлийн сард бизнесийн болон бусад үйл ажиллагааг 28 хоног хорьчхоод сууж байна. Энэ бол хоёрдугаар улирлын эдийн засгийн гүйцэтгэлд маш сөрөг нөлөөтэй.
Долдугаар сарын 1-нээс нөхцөл байдал санхүүгийн дарамт талдаа, иргэдийн амьжиргаа маш маш хүндрэх болов уу. Учир нь энэ богино хугацаанд эдийн засаг тэр хэмжээг даахуйцаар сэргэж амжихгүй.
Иргэдийн амьжиргаа гэдэг нь нэгдүгээр бизнесийн болон иргэдийн зээл, нийгмийн даатгалын төлбөрийн асуудлаас гадна хүүхдийн мөнгө, бусад халамжийн чиглэлийн үйл ажиллагаа долдугаар сарын 1-нээс зогсохоор одоохондоо хуульчлагдсан. Тиймээс иргэдийн амьжиргаа болон бизнесийн талдаа санхүүгийн дарамтууд ирэм юи болов уу. Ядуурал болон нийгмйин орлогийн доройтол нэлээд гүнзгийрэх болов уу гэсэн хүлээлттэй харагдаж байгаа. Харамсалтай нь долдугаар сарын 1-нээс эдийн засагт ирэх ачаалал хүндэрнэ. Үүний эсрэг бидний хэрэгжүүлж чадах арга хэмжээнүүдээс олон зүйл хамаарна.
-Нэгэнт долдугаар сарын 1-нээс санхүүгийн ачаалал нэмэгдэх нь тодорхой болсон үед ямар арга хэмжээ аваасай гэж харж байна вэ?
-Энэ цар тахалтай тэмцэх ажил дээр бид дахиж алдаа гаргамааргүй байна. Бид хоёрдугаар сард 10 их наяадын төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор цар тахалтай тэмцэх ажлаа сайн хийж чадсан бол эдийн засгаа энэхүү 10 наядын төлөвлөгөөний дэмжлэг эдийн засгийн өөрийнх нь сэргэж байгаа уул уурхайн салбарын өсөлтийн дэмжлэг гээд эдийн засгаа харьцангүй богино хугацаанд сэргээх боломж байсан. Гэвч тэнд гаргасан хөл хориог гэнэт суллаж, олон нийтийн үйл ажиллагааг зөвшөөрснөөс болоод цар тахлын нийгэмд бүхэлд нь алдан бид хөл хорионд орохоос аргагүй байдалд хүрсэн. Энэ нь биднийг нэлээд сөрөг байдал руу орууллаа. Тиймээс дахиж цар тахалтай тэмцэж байгаа вакцинжуулалт, хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ маш сайн зөв удирдах хэрэгтэй. Эдийн засаг агшчихаад байгаа үед эдийн засгийг ага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих нь эдийн засгийг сэргээх, цааш нь доройтуулахгүй байх тал дээр үнэхээр чухал арга хэмжээ байсан. Харамсалтай нь тэрхүү зээлийг олгож эхлэн тэр зээл нь бизнесийн үйл ажиллагаанд орж эхлэх цаг мөчтэй давхцаад бүх нийтийн бэлэн байдал зарласан нь зээлийн эерэг үйлчилгээг саармагжуулж байгаа хэрэг юм.
-Гурван хувийн хүүтэй ажлын байрыг хадгалах зээл гарч байгаа боловч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа болохоор бизнес нь төдийлөн сайн дэмжлэг болохгүй байна гэж харж байна?
-Гурван их наяадын зээлийг сайн арга хэмжээ гэж харж байсан. Гэвч яг хөл хориотой давхацсан нь зээлийн эерэг үйлчилгээг сааруулж байгаа хэрэг юм. Монголбанкны Репо санхүүжилттэй нийлээд 800 гаруй тэрбум эдийн засагт орсон нь том дэмжлэг. Ипотекийн зээлтэйгээ нийлбэл 1.1 их наяд төгрөг. Гэтэл энэхүү бизнесийн орчныг бид чөлөөлж чадаагүй тохиолдолд энэ зээлийн бодит эерэг нөлөөллийг хүлээн авах эдийн засгийн боломж нь хязгаарлагдаж байна.
-ТӨР БОДЛОГЫН АЛДААГАА ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД АЧААЛАЛ ӨГЧ ЗАЛРУУЛЖ БАЙНА-
-Та тэтгэврийг шинэчлэх ёстой гэж ярьдаг эдийн засагчийн нэг. Нийгмийн даатгалын шимтгэлийг долдугаар сарын 1-нээс хөнгөлсөн бус үнээр төлж эхэлнэ. Энэ нь аж ахуй нэгжүүдэд дарамт болж байгаа талаар олон байгууллагууд хэлж байна. Долдугаар сарын нэгнээс хойш нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн хөнгөлөх боломж байна уу?
-Үргэлжлүүлнэ гэдэг бол өнөөгийн нөхцөл байдалд боломжгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг валютын сангийн зөвлөмжөөр нэмсэн. Гэвч “Валютын сан”, “Монгол улсын нийгмийн даатгалын сан” өөрөө хүндэрсэн байдалтай байгаа гэх дүгнэлтийн улмаас, ийм зөвлөмж өгсөн юм. Хүндэрсэн шалтгаан нь Монгол улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо буруу байгаа тухай юм. Энэ буруу тогтолцооны параметрүүдийг өөрчлөх аргыг бид сонгоод иргэдийнхээ тэтгэврийн насыг нэмэх, нийгмийн даатгалыг шимтгэлийг нэмэгдүүлэх энэ хувилбар руу орсон. Бодлогын шийдвэрийн хувьд хамгийн муу хувилбар, өөрөөр хэлбэл төр бодлогын алдаагаа иргэд, аж ахуй нэгжүүдэд ачаалал өгч залруулж байна. Миний хувьд боломж байвал нийгмийн даатгалын өссөн тэр хувилбарыг хууль гаргаж дахиад хойшлуулаасай гэсэн байр суурьтай байна.