Цар тахал дэгдсэнээс хойш аж ахуйн нэгжүүд хөл хорионд орж үйл ажиллагааг нь хязгаарласнаар багагүй хохирол амсан хүндхэн байдалд байгаа. Засгийн газраас гурван жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалах гурван их наядын гурван хувийн хүүтэй зээлийг олгон өнөөдрийн байдлаар 9500 зээлдэгчид нийт 650 тэрбум төгрөгийн зээлд хамрагджээ. Цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ бизнес эрхлэгчдэд хэрхэн хүрч байгаа талаар “Удвал дент” ХХК-ийн захирал Г.Солонгоотой уулзаж ярилцлаа.
-Ковид гарснаас хойш бизнесийнх нь нөхцөл байдал ямар байна. Ажлын байраа хадгалах тал дээр юу хийж байгаа вэ?
-Хөл хориотой үед нийт үйлчлүүлэгчдийн 20 хувь нь л ирж байна. Туйлын хүндрэл үүссэн үед л хүмүүс эмнэлэг зорьж байна. Манайх эрүүл мэндийн байгууллагаас гадна бизнес гэж харвал санхүүгийн асуудал, өр зээл, ажлын байраа хадгалах гээд хүндрэлүүд гарсаар байгаа. Манайх 80 гаруй ажилтантай, гурван салбар эмнэлэгтэй. Бид ковидийн үед зорьж байгаа ганц зорилго бол ажлын байраа хадгалж үлдэх л асуудал. Мэдээж сайхан цаг ирэхэээр санхүүгийн нөхцөл байдал дээрдэнэ. Ажилчдынхаа ар гэр амьдралыг мэдэж байгаа болохоор нэг ч гэсэн хүнийг цомхотгохгүй ажиллах зорилго тавиад ажиллаад явж байна.
-Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг хөөцөлдсөн үү, авч чадсан уу?
-Гурван хувийн хүүтэй зээлд хүсэлтүүдээ өгсөн. Одоохондоо санхүүжилт зогссон гээд манайд хариу ирээгүй байна. Долоодугаар сарын нэгнээс хойш хуримтлагдсан өрөө дарахад 2-3 жилйин ажил болох байх
-Долоодугаар сарын 1-нээс эхлээд зээлийн эргэн төлөлт эхэлнэ. Хөнгөлсөн, чөлөөлсөн дулаан, цахилгаан, усны төлбөрөө төлнө. Бэлтгэлтэй байгаа юу?
-Долоодугаар сарын 1-нээс хойш аж ахуйн нэгжүүдэд хамгийн чухал үе ирнэ. Ковидтэй байсан үеэс илүү хүнд үетэй тулна. Бид хуримтлагдсан өр төлбөрөө дарна гэдэг нь дор хаяж 1-2 жилийн дараа цэгцрэх байх. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд урт хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг. Тиймээс бидэнд дахиад нэг жил дэмжлэгүүд их хэрэгтэй байна. Наад зах нь татварыг хөнгөлөхгүй юм аа гэхэд өрүүдээ шат дараатай авдаг ч юм уу. Зээлийн асуудлууд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг жил орчим аж ахуйн нэгжүүдээс хөнгөлсөн дүнгээрээ авах зэрэг дэмжлэг заавал хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ бүхнийг давж гарах үнэхээр хэцүү.