Ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй зээлд өнөөдрийн байдлаар 9.500 зээлдэгчид нийт 650 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна. Бизнес эрхлэгчид хэдийгээр зээлдээ хамрагдаад эхэлсэн боловч 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд орсон учраас авсан зээлээ ажлын байраа хадгалахад зарцуулж чадаж байгаа эсэх талаар “Эко бьюти халгай” ХХК-ийн захирал Т.Оюунжаргалтай ярилцлаа.
-Хатуу хөл хорионы үед 100 хувь ажиллахгүй байгаа. Гэхдээ ажлын байраа хадгалах тал дээр юу хийж байгаа вэ. Ковид гарснаас хойш бизнесийнх нь нөхцөл байдал ямар байна?
-Ковид гарснаас хойш хамгийн их хоригдсон салбар бол яалт ч үгүй манай салбар. Ковид гарснаар зарим саруудад огт цалингаа тавьж чадаагүй. Ийм нөхцөл байдал маш их байгаа. Дээрээс нь ажлын байраа хадгалахын тулд нэг ч гэсэн хүнийг энэ хэцүү үед буцаахгүйн төлөө олсон бүгдээ цалин, татварт өгнө.
-Танайх зээлтэй юу?
-Зээлтэй.
-Долоодугаар сарын 1-нээс эхлээд зээлийн эргэн төлөлт эхэлнэ. Хөнгөлсөн, чөлөөлсөн дулаан, цахилгаан, усны төлбөрөө төлнө. Бэлтгэлтэй байгаа юу. Долоодугаар сарын 1-н тулахад яаж зохицуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Үнэхээр мэдэх юм алга. Аливаа нэг шийдвэр гарлаа гэхэд ингээд явья гэдэг шийдэл алга. Дахиад хөл хорих юм бол бид төлөвлөсөн төлөвлөгөөндөө очихгүй. Хөл хорилоо л гэвэл тэр өдөр нь яаж ийж байгаад байгаа бүх мөнгөө хувааж хүмүүстээ хуваарилдаг. Тэгээд ард нь НӨАТ, татварын хур өр нэмэгдэж байна. Манайх 32 ажилтантай, дикретээ авсан 2-3 хүн байгаа. Бид энэ хүнд үед нэг хүнийг ч гэсэн цаашаа гэж явуулаагүй. Чадахгүй шүү дээ. Аль болох байгаагаараа бий болгох гэж явна.
Төрөөс явуулсан бодлого зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна
-Ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах гэж үзсэн үү. Авч чадсан уу?
-Зээл авах гэж хөөцөлдсөн. Бидэнд олдох нь маш эргэлзээтэй юм билээ. Яагаад гэвэл НӨАТ-ынхаа өрийг төлчих эсвэл та татвар дээр цалингийн НДШ-ийн өртэй зэргийг харгалзаж үзнэ гэхээр бид цалингаа арай гэж тавьж байхад татвар, НӨАТ-ын өр хуримтлагдаж байгаа. Цалингаа тавьж чадахгүй зарим тохиолдол ч байсан. Гэтэл банк цалингаа тавьж чадахгүй байгааг юугаар нотлох юм гээд байгаа. Байгаа бүхнээ барьцаалж НӨАТ, татвараа төлчихөөр эргээд зээл гарахгүй гэвэл би эргээд цалингаа тавьж чадахгүй болно. Дахиад л зээл тавьж өрөө төлнө. Ийм л эргэлзээтэй байдал үүсчихээд байгаа.
Төр засгаас явуулаад байгаа бодлого өөрөө зөв юм шиг харагдаад байгаа боловч, яг зорилтот бүлэгтээ хүрэхгүй байгаа нь энэ. Уг нь би авсан зээлээрээ 30 гаруй ажилтнуудын ажлын байрыг дэмжинэ.
Хүнд үед нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн нь ч их дарамт болж байна. НДШ бол ажилтан, ажил олгогч хоёроос нэмэлтээр авч байгаа татвар. Сүүлийн үед шинээр ирж байгаа ажилтнууд НДШ төлөхгүй байх тал дээр ярилцаж үзээч гэсэн хандлага их гарч байна.