Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногийн өмнө өөрийн танхимаа бүрдүүлэн ажлаа эхэлж байв.
1. Цар тахлыг богино хугацаанд даван туулах
2. Эдийн засгаа сэргээх
3. Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо хөгжүүлэх
4. Шударга ёс, цахим засаглалыг бий болгох гэсэн дөрвөн үндсэн зорилт танилцуулж түүний Засгийн газар гараагаа эхэлсэн.
Тэгвэл өнгөрсөн 100 хоногт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээрх дөрвөн зорилтынхоо эхлэлийн хэрхэн тавив, юу хийж амжуулав, ямар сорилт боломж түүнийг хүлээж байгаа талаархи Өрөг.мн сайтын бэлтгэсэн товч тоймыг хүргэж байна.
Цар тахлын оргил үе, өнгөрсөн 100 жил тохиогоогүй эдийн засгийн хямралын эхлэл зэрэг өндөр сорилттой, эгзэгтэй үед тэрээр Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байна.
Нэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэн шаардлагатай хамгийн том сорилт бол мэдээж Цар тахлыг даван туулах буюу вакцинжуулалт.
2021.2.23 онд манай улс вакцинжуулалтыг эхэлснээр Азидаа вакцинжуулалтаа эрт эхэлсэн орнуудын нэг болж байв.
Хөл хориог аль болох тогтоохгүйгээр вакцинжуулалтыг дуусгана гэж ам гарч байсан ч Ковид-19-ийн халдвар эрчээ авч дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн хатуу хөл хорио тогтоов.
- Засгийн газраас 1.3 сая тун “СпутникV”, 500 мянган тун “Пфайзер”, 3 сая тун “АстраЗенека”, 4 сая тун “Синофарм” вакциныг захиалсан байсан ч Хөл хорионы хугацаанд вакцины татан авалт 10 гаруй хоног тасарч байв.
- Долдугаар сарын нэгэн гэхэд вакцинжуулалтад хамруулна гэсэн зорилт тавьсан бол 2021.5.10-ны байдлаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 92.6 хувь нь вакциныхаа нэгдүгээр тунд хамрагдаж улсын хэмжээнд 1 590 636 хүн 1-р тун, 622 740 хүнд 2-р тунд хамрагджээ.
- Мөн манай улсад хийгдэж байгаа БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вироселл вакциныг гурав хоногийг ДЭМБ бүртгэж авлаа.
- Вакцинжуулалт хурдтай явагдаж байгаа ч нэг өдөрт илэрч байгаа халдварын тоо 800-1000 буухгүй байгаа, мөн мутацилагдсан вирус илрэх эрсдэл байгаа учраас санаа амарч тайвшрах болоогүй.
Иргэд төдийгүй сэтгүүлчид Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаад үнэлж байна.
Хоёр. Цар тахалтай тэмцэхийн хажуугаар улс орон бүр эдийн засгийн хямралыг бага хохиролтойгоор даван туулах бодлого хэрэгжүүлж байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авмагц Эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
- Гурван жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус экспортыг дэмжих репо санхүүжилт, ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй гурван их наядын зээл, ипотекийн зээл, том төслүүдийн санхүүжилт зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа.
Ажлын байрыг хадгалах 3 хувийн хүүтэй зээлд өнөөдрийн байдлаар 9500 зээлдэгчид нийт 650 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.
Бизнес эрхлэгчид хэдийгээр зээлдээ хамрагдаад эхэлсэн боловч сая 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд орж үйл ажиллагаа нь хумигдсан учраас авсан зээлээ ажлын байр хадгалахад зарцуулж чадаж байгаа эсэх талаар бизнес эрхлэгчдийн төлөөлөл ингэж ярьж байна. /видеоноос үзнэ үү/
Мөн 2021.07.01-ээс эхлэн ААН, бизнесийн байгууллагууд зээлийн эргэн төлөлтөө хийх, НДШ-ээ хөнгөлөлтгүй үнээр төлөх, чөлөөлсөн байсан дулаан цахилгааны үнээ төлж эхлэх учраас санхүүгийн том сорилт хүлээж байгаа юм.
Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар ажлаа авах үед Төсвийн алдагдал ДНБ-ийн 12,3 хувь эзэлж төсвийн орлого алдагдсан байсан. Харин дэлхийн зах зээл дээрхи түүхий эдүүдийн үнэ ойрын үеүдэд өссөн гэсэн эеэг хүлээлттэйгээр эдийн засгаа тооцоолж байгаа.
Монгол Улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, түүн дотроо 30-40 хувийг нүүрс эзэлдэг. Гэвч сүүлийн нэг сарын хугацаан ковидийн халдварын улмаас нүүрсний экспорт гурав дахин буураад байна.
- Эдийн засагчид Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснийг сайшаалтайгаар үнэлсэн. Харин макро түвшинд эдийн засгаа сэргээхийн тулд томоохон төслүүддээ хөрөнгө оруулалт хийж, яаралтай хөдөлгөж эхлэх хэрэгтэйг сануулж байна.
Мөн ажлын байрын хадгалах гурван хувийн хүүтэй их наядын хөтөлбөрийн үр дүн тооцохдоо шинээр ажил олголтыг идэвхижүүлэх, шинэ төгсөгчид, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг анхаарах ёстой талаар эдийн засагч Б.Отгонтөгс ярьлаа.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах эгзэгтэй ажлын хажуугаар Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улс төржилтүүд ч явагдаж эхэлсэн.
Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улс төржилтөнд авталгүй вакцинжуулалтаа үр дүнтэй хамруулах, халдварыг тархалтыг хумих, 10 их наядын хөтөлбөрөө үр дүнтэй хэрэгжүүлэх, том төслүүдээ санхүүжүүлж эхлүүлэх, экспортын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг олон сорилтууд хүлээж байгааг сануулах хэрэгтэй.