Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ӨРӨГ хэлэлцүүлэг “Цар тахлын үед хэвлэл эрх чөлөөгөө эдэлж чадаж байна уу” сэдвээр салбарынхантай хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ковидын 19-ын халдвар гарсан үеэс эхлэн улс орнуудын засгийн газар онцгой арга хэмжээнүүд авч байгаа. Үүний зэрэгцээ хүний эрх зөрчих, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байхыг НҮБ, “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд анхааруулсаар байгаа.
Манай улсад ч мөн цар тахлын үед мэдээллийг нэг эх сурвалжаар өгөх, төрийн ордонд сэтгүүлчдийн ажлыг хязгаарлах, төрийн байгууллагуудыг хэвлэлд ярилцлага өгөхийг хориглох зэрэг үйлдлүүд гарч байгаа учраас дээрхи сэдвийг хөндөж, бодит байдал дээр ямар байгаа талаар ярилцлаа.
Зочин:
- О.Ариунбилэг
СНЭ-ийн цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч
- Г.Гүнжидмаа
ХМЗ-ийн гүйцэтгэх захирал
- Н.Өнөрцэцэг
Зариг.мн сайтын эрхлэгч
Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ энэ жил 180 орноос 68 дугаар байранд жагссан нь өмнөх онооос таван байраар урагшилсан байна. Гэхдээ үүнд бусад хэд хэдэн улс орнуудад цар тахлын үед хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллах эрх боломж хумигдсантай ч холбоотой байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.
Онцлох эшлэлээс хүргэе
Найман телевизүүдийн хамтран бэлтгэж байгаа “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийг салбар төдийгүй үзэгчдийн дунд маргаан дагуулсан. Телевизүүдийн нэгдэж мэдээллийн хөтөлбөр хүргэх нь сэтгүүл зүй талаасаа яагаад буруу вэ?
Сэтгүүлч О.Ариунбилэг:
- Ардчилалын хамгийн гол багана бол хэвлэлийн эрх чөлөө. Олон ургальч үзэл байх нь чөлөөт хэвлэлийг бий болгодог. Нэг мэдээллийг редакци бүр өөр өөрийн өнцгөөс, өөр өөр эх сурвалжаас олон ургальч үзлээр үзэгчдэд хүргэдэг. Гэтэл үзэгчдэд 10 өөр өнгөөр хүрэх байсан мэдээг нэг дор төвлөрүүлж нэг л сувгаар хүргэх нь үзэгчдийн ч эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Социалист дэглэмтэй оронд л мэдээллийг нэг сувгаар, хяналттайгаар хүргэдэг.
- Олон телевизүүдээс наймхан телевиз нэгдэж байгаа, бусдыг нь сонгоолд үзэж болно гэж хэлж болох ч “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөрөө мөн тэгш бус байдлыг үүсгээд байна. Бусад редакциудад бид мэдээлэл өгөх боломжгүй, ажил ихтэй байна, орж болохгүй гэсэн хүмүүс Мэдээллийн урсгал хөтөлбөр дээр орж ярьж байна. Тэгэхээр үзэгч түүнийг л үзнэ. Мэдээллийн хэт төвлөрөл нь сэтгүүлзүйд “аюул” авчирдаг.
- Бусад “карантин-14” зэрэг урлаг, хошин хөтөлбөр бол байж болно. Харин мэдээг хэзээ ч ингэж нэгтгэж болохгүй. Сэтгүүл зүйн ирээдүйн эрх чөлөөнд маш том уршиг авч ирнэ.
- Мөн энэ нэгдсэн мэдээллийн хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра, Ерөнхий сайдын ах, найруулагч Б.Баатар нар зохион байгуулж байгаа нь, санхүүжилт нь Засгийн газрын хэвлэлээс гарч байгаа нь ч буруу.
- Цар тахлаар далимдуулж сэтгүүлчдийг вакцинжуулах төв, ХӨСҮТ рүү орж мэдээ бэлтгэе гэхэд эрхийг нь хаачхаад энэ найман телевизийг оруулж байгаа ч монополийн хуулийг ч зөрчиж байна. Ерөнхий сайдын зохион байгуулж байгаа мэдээллийн хөтөлбөрт кабенитийнх нь бүх сайд ирж ярьж байна.
- Сэтгүүл зүй, санхүү зэрэг олон талаасаа төвлөрлийг бий болгож хэвлэл мэдээлэлд тэгш бус
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг /Мэдээллийн урсгал хөтөлбөрт ажиллаж байгаа сэтгүүлч/:
- Нэгдсэн байдлаар мэдээллийн хөтөлбөр гаргаж байгаа найман телевиз хувийн хэвшлийн байгууллага учраас яаж ч хамтарч ажиллаж болох эрхтэй гэж би харж байна.
- Нийлээд гурван цагийн мэдээллийн хөтөлбөр хийж өдрийн цагаар л цацаж байна. Орой нь бол найман телевизийн мэдээний редакциуд өөр өөрсдийн мэдээллийн хөтөлбөрөө тус тусдаа хийж байгаа.
- Сэтгүүлчийн хувьд би албаны эх сурвалжаас шууд байдлаар буюу монтажгүйгээр ярилцлага авах боломжтой гэсэн учраас нэгдэж ажиллахыг зөвшөөрсөн.
- Би хэзээ ч Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилах ажилд өнгөрсөн хугацаанд оролцож байгаагүй, одоо ч оролцохгүй.
- Энэ мэдээллийн хөтөлбөрийг олон бизнесийн байгууллагууд ивээн тэтгэж, тэндээс санхүүжилт нь гарч байгаа.
- 10 хоног үргэлжлэх мэдээллийн хөтөлбөр цаашид ийм байдлаар үргэлжилнэ гэвэл би оролцохгүй.
Г.Гүнжидмаа /Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал/:
- Худал мэдээлэл тараахгүйн тулд Цар тахлын хуульд хэвлэл мэдээллийн редакциуд үнэн бодит баталгаатай мэдээллийг авч түгээнэ гэсэн нэмэлтээр оруулж хуульчилсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид үүний эсрэг дуу хоолойгоо эрчимтэй өрнүүлсэн, одоо ч өрнүүлдэг.
- 2020.12-р сард ХМЗ-өөс 300 сэтгүүлчээс судалгаа авч үзэхэд 91 хувь нь монголд цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө тодорхой болон бүрэн хэмжээгээр хумигдсан гэдэг сигналыг өгсөн.
- "Мэдээллийн урсгал" хөтөлбөрийг СНЭ-ийн зүгээс эсэргүүцсэн, ХМЗ ажиглалтт хийж байгаа. Одоогоор бид албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй.
- Хэвлэлийн эрх чөлөөний асуудлууд дээр манай сэтгүүлчид, бусад эвсэл холбоод маш мэдрэмжтэй, мэдрэг хандаж, хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж байгаа нь сайн үзэгдэл. Салбарынхаа болохгүй байгаа асуудлыг тал талаас нь шинжилж харж байх нь өөрөө чөлөөт хэвлэлийн индексэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг.
Миний хувийн ажиглалтаар Мэдээллийн урсгал хөтөлбөрөөс хоёр зүйл нэлээд анхаарал татаад байгаа:
- Нэгдүгээрт, мэдээллийн давуу эрх бүхий төвлөрөл үүсэх эрсдэл. Энэ нь ирээдүйд үүсэж болох нэг мэдээллийн урсгалын эхлэл болох том эрсдэл мөн үү гэвэл мөн. Бид болгоомжтой хандах хэрэгтэй. Магадгүй 10 хоног яваад дууссан ч эх сурвалжийн давуу талыг нэг газар үүсгэж, нэг эх сурвалжаар нэгдэж ажиллах нь буруу.
- Мөн энэ хөтөлбөрт ажиллаж байгаа сэтгүүлчид мэргэжлийнхээ үнэт зүйлээр дэнчин тавьж олон нийтийн өмнө гарч байгаа гэж хэлж болно. Олон нийт эдгээр сэтгүүлчдийг, зохион байгуулагчдыг маш анхааралтай ажиглаж байгаа. Төр хамтарч оролцоогүй гэдэг гэдэг нотолгоо баталгаа нь гарч ирэн цаашаа яаж эргэхийг мэдэхгүй байна. Сэтгүүлчид мэргэжлийн үнэ цэнэ нэр хүндээ худалдахгүй гэдэгт итгэж байна.
- Хоёрдугаарт, мэдээллийн тэгш бус байдал. Нэгдсэн редакциудад давуу байдал үүсгэж байна.
- Санхүүжилтээ ил тод зарлах хэрэгтэй.