Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Энэ жил ЮНЕСКО-гоос "Мэдээ нийтийн сайн сайхны төлөө” сэдвийг сонгон гурван агуулгыг онцлон улс орнуудын төр засагт санууллаа. Үүнд;
- Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх алхмууд;
- Цахим бизнесийн орчны нээлттэй, тунгалаг тогтолцоог сайжруулах;
- Мэдээллийн боловсролыг сайжруулах замаар олон нийт сэтгүүл зүйг нийтийн сайн сайхны төлөө үйлчилдэг болохыг ухааран үнэлж, улмаар хамгаалдаг, шаарддаг болох нөхцөлийг хангах нь бүх улс орнуудад хамаарах хойшлуулашгүй уриа дуудлага болохыг уриаллаа.
Хэвлэлийн эрх чөлөөний өдөр угтан “Хил хязгааргүй сурвалжлагчид” ТББ 180 улс орныг хамруулсан жил тутмын хэвлэлийн эрх чөлөөний индекс үзүүлэлтээ танилцуулдаг уламжлалтай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх явдал нэмэгдэн “Хэвлэлийн эрх чөлөө “сайн” гэж үнэлэгдэх боломжтой орнуудын тоо буурчээ.
Нийт 180 орноос 73 улсад бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагааг бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хориглосон бол 59 улсад олон нийтийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд шахалт үзүүлсэн гэж шинжээчид онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн олон улс оронд коронавируст цар тахалтай тэмцэх нэрийдлээр сэтгүүлчдийн үйл ажиллагаа хязгаарлагдсаныг илтгэлд дурдсан ажээ. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 68 дугаарт эрэмбэлэгдэж байна.