ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хөл хорио ба халдварын тархалтын талаар мэдээлэл өглөө. Хөл хорионы үед хөдөлгөөнийг хязгаарлах нь тархалтад гол нөлөөлнө гэдгийг тэрбээр тодотгож байна. Эрүүл мэндийн байгууллагаас энэ удаагийн хөл хорионы хугацааг 28 хоног байхаар анх санал оруулсан. Харин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр гаргасан.
Өмнөх хатуу хөл хориотой энэ удаагийн хатуу хөл хориог харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн төдийлөн буураагүй.
Хөл хорионы энэ үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас дахин хатуу хөл хориог 7-14 хоног сунгах санал гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлээд байна.
Хэрэв хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 25-наар дуусгавар болговол ковидын нэг өдөрт бүртгэгдэх тоо 1400 орчим байхаар тооцооллыг тархвар зүйн судалгаа харуулж байна.
Хатуу хөл хориог 7 хоногоор сунгаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлүүлсэн тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна.
Харин тавдугаар сарын 9-нийг хүртэл буюу дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарчээ. Хөл хориог цуцласны дараа тархалт бага зэрэг өснө. Гэхдээ тэр өсөлт эргээд буурах дүр зурагтай. Хөл хориог сулруулахдаа анхаарах шаардлагатай.
Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцин хийгдэхгүй байх юм бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна" гэлээ.