“ТЭР” буландаа “Quen” группийн үүсгэн байгуулагч Н.Солонгоцацралтыг урьлаа.
Наранбатын Солонгоцацралт нь “Quen” группийн үүсгэн байгуулагчаар ажиллахын зэрэгцээ “Хөх хүрээ” тогтвортой боловсролын хүрээлэнд дэд тэргүүний ажлыг хашдаг юм.
Quen групп нь ХАЙР хэмээх брэнд бүтээж, эрдэсжүүлсэн ус гаргадаг ба өдгөө Хятадын өмнөд мужуудын зах зээлд нэвтрээд байна. Тэр анх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ судалгааг хийж байхдаа Дэлхий дээр байгаа хамгийн эртний ус буюу 600 сая жилийн настай Монгол орны ус дэлхийн хэмжээний брэнд болох боломж хэмээн харжээ.
Ковидтой холбогдолтойгоор түр хугацааны зогсолт хийсэн байгаа учраас тэд дотоодынхоо хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулах ажлаа эхлүүлээд байна.
“Эрдэмтэдтэй бид хамтраад өдөр тутамдаа ямар эрдсийг Монголчууд илүү авах шаардлагатай байдаг юм бэ гээд цайрыг сонгож авсан. Цайр хүний дархлааг дэмжихэд илүү оролцдог” гэв.
Тиймээс тэрээр “Хайр” бүтээгдэхүүнээр дамжуулаад өөрсдийгөө хайрладаг, бие биенийгээ хайрладаг хүмүүсийг бүтээх гэж зорьж байгаагаа ч дуулгалаа.
“Шантрахаар зүйл маш олон тохиолдсон ч тэр том зах зээл рүү, Хятад руу бид гарчихсан Монгол гэдэг нэрийг гаргаж ирнэ гээд бид зорьсон учраас тэр зорилго маань одоог хүртэл энэ амжилтын өмнө биднийг авчирсан. Цаашдаа ч гэсэн бид энэ итгэл үнэмшлээрээ хийж байгаа зүйлээ маш чамбайруулаад хичээж ажиллана" хэмээн бахархалтайгаар ярьсан юм.
Тэдний хамт олон бусдад үлгэр больё гэдэг үүднээс бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг хүүхдийн боловсролын төсөлд хандивладаг байна.
Учир нь тэрээр сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн ч өөрийгөө арай болоогүй хэмээн үзэж мэргэжлээрээ ажиллаагүй ч ажлын анхны гараагаа боловсролын төслийн удирдагчаар эхлүүлж байсан нь өдгөө энэ л салбарт шамдан Монгол хүнийг бүтээх гэдэг том консевц дээр ажиллах эхлэл болжээ.
“Суурь үндэслэлд нь ямар философитой, ямар онолтой эргүүлээд ямар орчинд яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг их том хүрээний ажил явж байгаа. Үүнийг бид шат дараатайгаар хийх ёстой юм байна гэж үзсэн. Эхлээд мэдээж бид хүн бүтээх гэж байгаа юм чинь Монгол хүн гэж хэн бэ гэдэг асуултад хариулах болж байгаа юм. Тэгэхээр бид өргөн цар хүрээний судалгааны ажлууд дээр их төвлөрсөн. Манай эрдэмтдийн баг 10-аад жил энэ судалгааны ажил дээр суусан. Одоо бид энэ судалгааны дүгнэлтээ эцэслээд энэ зүйлээ бид боловсролын системд шинэ, шинэчлэлд авчрахад хэрэгжүүлэхэд болсон юм байна. Одоо үүнийг бид бага багаар хэрэгжүүлж эхлье гэж 2015 онд бид “Хөх орон” нэртэй хүүхдийн цэцэрлэгийн төслийг эхлүүлсэн. Энэ бол манай суурь ажил байсан. Түүнээс эхлүүлээд дараагийн ажлууд маань боловсролын хүрээлэн болоод өргөжөөд явж байгаа” гэлээ.
Мөн бидний мэддэг юм шиг хэрнээ тэр бүр нарийн сайн мэддэггүй хүүхдийн боловсролын тухайд тэрээр “Хүүхэд миний найз шиг гэхдээ надаас илүү зүйлийг мэддэг юм шиг санагддаг. Хүүхэд дотроо агуу их зүйлийг тээгээд ирчихсэн байдаг юм билээ. Бид тэр ертөнцийг нээх л процессыг эцэг, эхчүүд, эргэн тойрны хүмүүс нь хийх л ёстой болохоос биш хөндлөнгөөс заах, сургах процесс биш юм билээ. Харин санал болгодог” тухай хуучиллаа.
Тэрээр “Ер нь ямар ч улс үндэстэнд ч тэр хувь хүнд ч тэр тодорхой хөгжлийн түвшингүүд байдаг. Тэгэхээр бид түүхээ эргээд харахаар унаж босож байсан маш олон үеүд байдаг. Одоогийн амьдарч байгаа нийгмээ бид шүүмжлэхээсээ илүүтэй хөгжих гээд явж байгаа бас нэг мөчлөг дээрээ ирчихсэн юм болов уу л гэж хардаг. Шүүмжлээд байхаасаа илүүтэй бурууг нь биш дутууг нь нөх гэж ярьдаг. Тэгэхээр бид ч гэсэн дутууг нь нөхөөд явчих юм бол сайн сайхан зүйлээ бүр илүү гэрэлтүүлээд тэр саар муухай чинь сайхны гэрэлд нь дарагдаад байхгүй болдог.
Би өөрийгөө их үндэсний үзэлтэй хүн гэж үздэг. Үндэсний үзэлтэй гэдэг нь үндсэрхэг гэдгээсээ их өөр ойлголт юм билээ. Эх орноо гэсэн тэр сэтгэлээ дотроо тээсэн хүмүүсийг үндэсний үзэлтэй гэж хэлдэг юм. Тэгэхээр үндэсний үзэлтэй хүмүүс аль болох олон болох тус улс үндэстнээ босгоод ирдэг” хэмээн итгэл дүүрэн ярьсан юм.