ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг буюу "улаан бүсэд" ажиллаж буй их эмч Б.Болор-Эрдэнэ шууд холбогдон мэдээлэл өглөө.
Тэрээр өвчтөнүүдийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. "Яг одоо 8 хүн эмчилж байна. Өчигдөр 10 хүн эмчилж байсан. Хоёр нас баралттай. Нас барах эрсдэл маш өндөр байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд халдвар авснаа мэдэхгүй, эмнэл зүй бүдэг балархай байхад эм уугаад өөрийгөө гайгүй боллоо гэж бодоод удсан хүмүүс байна. Дур мэдэн эмчилгээ хийсэн ганц нэг хүмүүс байна. Хүндрэл амархан байна. Эрүүл залуу хүмүүс хүндэрч байна. Энэхүү хорио цээрийн үед хүмүүс гэртээ байх нь чухал байна. Халдвар хамгааллаас сэргийлэх нь чухал байна.
Хүн бүр халдвар авахгүй, халдвар тараахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өглөө бүр өгч буй мэдээллийг сайтар тусган авч халдвар хамгааллын энгийн дэглэмээ маш сайн барих хэрэгтэй. Хэрэв зовиур илрээд, хүндэрвэл эмнэлэгт заавал ханд. Авч байгаа арга хэмжээ нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр учир хүндэрсэн үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна.
Хүний тоо нэмэгдэхийн хэрээр хүний нөөцийн асуудал хүндэрч байгаа. Хүндрэлээ дагаад олон эрхтний дутмагшилтай хүмүүс байгаа учраас нарийн мэргэжлийн эмч нар бас ажиллаж байна. Хүмүүс хоёр уушгины хатгалгаагаар хүндэрч ирж байна. Суурь өвчтэй хүмүүс амархан хүндэрч байгаа. Манайд суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүртэл хүндэрсэн тохиолдол байгаа. Хүний дархлаа тогтолцоо өөр байгаа учраас яг ийм хүн хүндэрнэ гэсэн зүйл байхгүй. Шинж тэмдэггүй үедээ буюу өөрт ямар ч зовиургүй үедээ халдвар авснаас хойш 3 хоногоос эхлэн халдвар тараах нь их байна. Хүндэрсэн хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаа удаан байгаа.
4 сарын 6-нд шинж тэмдэг илрэн гурав хоногийн дараа амьсгалж чадахгүй болоод 103-аар манайд хүндрээд ирсэн хүн байна. Богино хугацаанд хүндрэл явагдаж байгаа. Манайд хөгжингүй оронд хэрэглэж байгаа вирусийн эсрэг эмүүдийг хэрэглэж байгаа.
14 хоног эрчимт эмчилгээний тасагтаа тусгаарлагдан ажиллаж байгаа. Одоо би орж ирээд 3 дахь хоног дээрээ ажиллаж байна. 14 хоног ажиллаад 7 хоног гэртээ өөрийгөө хянаж байгаа.
Энэхүү өвчтөн уушгиндаа үрэвсэлтэй, амьсгалын аппаратын дэмжлэгтэй амьсгалж байгаа. Нэг өрөөнд гурван хүн байдаг ба өнөө өглөө энэ өрөөний нэг өвчтөн өөд болсон. Эдгээр өвчтөн байнгын асаргаан дунд байх ёстой ба бид дэргэдээс нь холдож болохгүй нөхцөлд ажиллаж байна" гэлээ.