УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр “Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байна гэсэн судалгаа гарсан. Соёлтой хэрэглээний хувьд бармен, үйлчлүүлэгчдийг заавал сургалтад хамруулах, усны хэрэглээг үнэ төлбөргүй болгох, нийтийн тээврээр зорчих маршрутыг зааж өгөх, хэт их согтуурсан хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зэргийг оруулж ирсэн. Мөн архийг шилээр нь биш, хундагаар зарахаар хуульчилсан” гэв.
Харин энэхүү санаачилсан хуулийг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хууль зүйн сайд архийг нэг шотоор зарна гэж ярьж байна. Тэгээд пивоо яах юм, халбагаар уух уу, тэгээд жаахан байж байснаа “хөөе ахиад нэг халбага пиво” гэж ингэж явах юмуу” гэж шүүмжилсэн байдаг.
Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Нямбаатарын архины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, архины хуулийг шинэчлэн найруулах санаачилга нь зөв байв. Харин архийг шилээр биш хундагаар зарна гэж хэлсэн нь бүхний гайхширлыг төрүүллээ.
Архийг шилээр биш хундагаар зардаг жишээг аль улсын ямар хуулиас уншсан юм бол. Магадгүй олон улсын жишгийг дагая гэсэн санаачлага буй биз. Монгол Улсад л анх удаа “архийг шилээр биш хундагаар” гэдэг хууль ийнхүү яригдсан байх. Үнэндээ олон улсад ялангуяа АНУ-д 500мл болон 1литр савлагаа бүхий архийг худалдан борлуулахыг зөвшөөрдөг байна. Харин түүнээс доош савлагааг хүлээн зөвшөөрдөггүй ба Х.Нямбаатарын хэлснээр хундага архийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй.
Түүнчлэн олон улсын жишгээр архийг цагийн хязгаарын дагуу худалддаг. Тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрт зарна. Мөн архи ууж болохгүй бүсийг тусгайлан зааж өгсөн байдаг ба тогтсон цагийн дагуу согтууруулах ундаагаар үйлчилж, архитай тэмцдэг.
Хууль зүйн сайд аа та үйлчилгээний газраас хундагаар архи худалдан авдаг уу? Та хундагаар архи худалдан аваад архинаас гарсан уу?
Монгол Улсад хоёр эрэгтэй тутамын нэг нь архины хамааралтай гэсэн судалгааг УИХ-ын чуулганы үеэр хэлсэн. Харин Хууль зүйн сайд Х.Нямбаатарын санаачилсан архийг шилээр бус хундагаар худалдан аваад энэ тоо буурч чадах уу. Үгүй л болов уу. Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх хуулийг 20 жилийн хугацаанд 8 удаа нэмэлт оруулж өөрчилсөн байдаг юм билээ. Гэтэл өдийг хүртэл архидалт буураагүй л байна. Харин таны санаачилсан хундагаар худалдан авч уух нь архидалтыг багасгахад хэрхэн нөлөөлөх вэ. Архийг шилээр бус хундагаар, Шар айргийг лаазаар нь бус халбагаар авахад Монгол Улсын хуулинд заах хэрэг юун. Ард иргэдээ архийг ямар үед шилээр, ямар үед хундагаар худалдан авахыг мэдэхгүй ухамсрын доройтолт орсон гэж боджээ.
Монгол Улсын хууль зүйн сайд танд архийг шил, хундагаар худалдан авахад анхаарахаас илүү олон асуудал байх ёстой атал үгүй бололтой.