Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын олон улсын нийгэмлэг, Монголын тогтвортой санхүүгийн байгууллагатай хамтран хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй байшин бариулах 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон юм.
Энэхүү төсөл нь хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Бид өнгөрсөн жил энэхүү төсөлд хамрагдан үр шимийг нь хүртсэн Х.Гандуламтай ярилцлаа. Тэрээр эрчим хүчний хэмнэлттэй төсөлд хамрагдсанаар гэр хороололд гал түлэхгүйгээр нарны эрчим хүчээр дулааны асуудлаа шийдсэн байшиндаа сэтгэл амар амьдарч байгаа. Иргэдийн нуруу нь дээр аж. Гэр хорооллын иргэдэд тулгамддаг ирдэг олон ачааг хөнгөвчлөн, тохитой сайхан амьдрах боломжийг олгосон энэхүү төсөлд ам сайтай байлаа.
Уг төслийг Х.Гандуламын хүүхдүүд судлан өнгөрсөн есдүгээр сард хамрагдсанаар 18 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг авсан байна.
Баянгол дүүргийн иргэн Х.Гандулам:
Манайх өмнө нь Баянзүрх дүүрэгт “Сэнгүр горхи” хотхонд байсан. Маахуур толгойд маш олон өндөр барилга баригдаад харагдах талбай бага болсон. Би хүүхдүүддээ газартай л болох юмсан гэж хэлсээр өөрийн гэсэн газартай болсон. Гэтэл хүүхдүүд Германы нийгэмлэгээс 18 сая төгрөгийн буцалтгүй тусламжтай эрчим хүчний хэмнэлттэй байшин барьдаг төсөл байдаг юм байна гэснээр судалж эхэлсэн. Нарны энергиэр эрчим хүчээ аваад өртөг багатай юм байна гээд энэ төслийг сонгосон. Үнэхээр л өртөг багатай гэдэг нь ороод гурван сар болж байхад мэдрэгдэж байна. Хамгийн их сэтгэлд таатай байгаа нь хог, утаа гэдэг асуудлыг бүрэн шийдсэн. Гандан хавийн гэр хороолол, хотын төвийг утаагүй болгох бүрэн боломжтой. Тэр нь надад маш сайхан санагдаж байгаа. Төслийн хүрээнд барьж ашиглалтад орсон манай пассив хаус гэдэг нь дулаан байлгахын тулд нүүрс түлж, нам даралт хэрэглэдэггүй. Харин актив гэхээр түлээ, нүүрс маш их эрчим хүч зарцуулахыг хэлдэг гэсэн.
Олон төрлийн хаусаас хамгийн их ашигтай нь юм байна гэдгийг олон улсын хяналт үзэж шалгаж нотолсон байсан.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өөрөө ирж үзсэн.
Манай байшин амьдралд хамгийн хэрэгтэй, нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд цэвэр агаартай байлгахад тустай.
Одоо гэхэд л манайх цонхнуудаа бүгдийн нээсэн. Өдийд айлууд хамаг цонхоо нээхгүй шүү дээ. Гурван давхар цонх нь дулаан энерги оруулдаг.
Нарны эрчим хүчээр дулаанаа шийдсэн учраас гаднаас орж ирж байгаа энергийг хураагаад хэрэглэх үедээ цацах төхөөрөмжтэй.
Байгальтайгаа ойр байх нь чухал. Олон давхар байшинд нийтээрээ байх нь их муу гэж боддог. Газар хөдлөлт боллоо гэхэд есөн давхарт байгаа хүү дээ санаа зовж байна.
Тэгэхээр аль болох л байгальтайгаа зохицож, ойр байж аргадаж амьдрах нь зөв юм байна.
Хүмүүс хэт их хотод төвлөрч байгаа нь хэцүү санагдаад үүнийг шийдэх ямар арга байдаг байна гэж боддог байсан. Харин ийм сайхан төсөл гарч ирсэнд баярласан. Энэ төслөөр хаана ч байшин барьж болох юм билээ. Газар нь энгэр, нар чөлөөтэй тусах л байвал цонхоороо дулаанаа аваад хураадаг.
Хөдөө айлууд тоггүй нарны тольтой амьдарч байгаа шүү дээ. Хөдөөний айлууд аргалаараа галаа түлдэг бол бид хотод ямар аргалаа түлнэ гэх биш. Тэгээд дулаанаа өдрийн нартайд хурааж авдаг.
Есөн сард цэвэр усны хоолойгоо татсан. Тэгээд 10 сараас барьж эхлээд 12 сарын 18-нд байшиндаа орсон. Хүмүүс “Хүйтэн орж байхад барилга барина гээд юу яриад байгаа юм. Хөлдөж үхэх юм биш үү” гээд байсан.
Харин тэр айхтар хүйтнийг мэдэрсэнгүй. Гадаа –30 байхад гэрт +20 байсан. Гэр хорооллыг ялангуяа пассив гэдэг байшинтай болоосой гэж хүсэж байна. Тэгвэл Улаанбаатарын гэр хороолол утаагүй болно. Энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд маш хэрэгтэй.
Хавар болж байгаа болохоор гэр хороололд жорлонгийн асуудлаас эхлээд хэцүү. Манайх халуун, хүйтэн ус, жорлонгоо дотроо шийдсэн. Гэрэл тогны асуудал гээд бүх юм сайхан байна” хэмээн ярилаа.
Энэхүү төслийн хүрээнд 40 харилцагчид 29 барилга барихаар төлөвлөж байгаа юм. Хамгийн дээд тал нь 80 саяын үнэтэй барилга байна. Төлбөрийнхөө 10 хувийн урьдчилж өгөөд, 60 хувийг нь ипотекийн зээлээр, 30 хувийг нь Германы нийгэмлэгийн санхүүжилтээр төлөх юм.
Төслийн шаардлага нь гэр хороололд амьдардаг, ипотекийн зээлийн шаардлага хангах, урьдчилгаа 10 хувиа төлөх боломжтой юм.
Төсөлд хамрагдах алхмууд нь
- Зээлийн шаардлага хангах эсэхээ банканд шалгуулах,
- Зээлийн шаардлага хангах бол барилгын компаниудтайгаа уулзан байшингаа сонгон үнэ тогтоолгох.
- Үнэ тогтоолгосон тохиолдолд банкнаас 18 сая төгрөгөө авна
- Барилга эхлэх боломжтой.
Энэ төслийн хүрээнд өөрийн гэсэн газартай төслийн шаардлагыг биелүүлсэн иргэдэд хаана ч байшин барьж болно гэсэн шүү.