Эрэгтэйчүүдийн сэтгэл зүй, амиа хорлолтын талаар сэтгэл зүйч Г.Маралгуатай ярилцлаа.
Сэтгэл зүйч Г.Маралгуа:
"Эмэгтэй хүн байгалиасаа халамжлах хайрлах, бусдад хайрыг түгээх гэхчлэн үүрэг хариуцлага хувьд илүү жижиг зүйлд анхаарахаар төрдөг. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд байнгын өрсөлдөгч, ялагч байх, өрсөлдөөн дунд байхаар байгалиасаа сэдэлтэй төрдөг. Тэгэхээр энэ сэдлийн нь зохицуулж байдаг хамгийн анхны хүн нь ээж юм. Төрсөн цагаас нь эхлээд ээж хүүтэйгээ ямар харилцаатай байсан гэдэг нь буцаад тухайн эрэгтэй хүүхэд нас бие гүйцээд амжилттай явах эсэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Энэ тал дээр хоёр ойлголт байдаг.
- Нэгт нь ээж хүүгийнхээ алдаа дутагдал бүх зүйлийг нь хүлээн зөвшөөрдөг, буруутай зүйлийг нь ухааруулж ойлгуулдаггүй. Үүнээс болоод хэт бие төвтэй хүн бий болдог. Эрэгтэй хүний суурь түрэмгий занг нь хэт их хайрлаад байхаар илүү өдөөдөг. Хэт эго үзэлтэй эрэгтэй хүн хосын харилцаа болон ямар ч харилцаа үүсгэсэн асуудал үүсгэж байдаг. Хосын харилцаа зөвхөн өөрийгөө илтгэж харуулах, өөрийгөө мундаг гэдгийг үзүүлдэг болоод ирэхээр хүчирхийлэл бий болж ирдэг.
- Хоёрт ээж хүүгийн харилцаа болохоор ээж нь хүүгээ байнга дутуу мэдрүүлдэг, бусадтай байнга харьцуулдаг, илүү байхыг байнга шаарддаг бол насан туршдаа тухайн эрэгтэй хүн өөрийгөө дутуугаар мэдэрдэг, өөртөө сэтгэл ханамжгүй байдаг. Тэгэхээр мөн л яг ээж шигээ эмэгтэйг гэр бүлийн хүнээр сонгодог. Сул дорой байдлын мэдрүүлдэг, байнга шүүмжилдэг гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүн хүчирхийлэл үйлддэг, түрэмгий зан байдалтай, харддаг ийм хоёр нөхцөл шалтгаанаас бүрддэг. Цаашдаа ямар хүн болохыг энэ хоёр харилцаанаас хамаарч бий болдог. Сул дорой, зорилгогүй, шийдвэргүй байдал нь насны хямрал буюу 25-аас 30 насанд өөрийгөө өөрийнхөө үеийнхэнтэй харилцуулаад өөрийн статус, гэр бүл зохиох тал дээр бусадтай харьцуулахад доогуур байхаар түүнийгээ бусдаас илүү хүндээр хүлээж аваад сэтгэл гутралд ороод амиа хорлох шалтгаан болдог.
Эрэгтэй хүн байнгын өрсөлдөгч байдаг гэж байсан шүү дээ. Өрсөлдөгч, тэмцэгчээр өөрийгөө харуулах энэ хэрэгцээг нь хангадаггүй эмэгтэй хүн буюу "Чи яах юм бэ би хийе" гэдэг илүү эмэгтэй давамгайлсан үүрэгтэй гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүн хийх юмгүй өөрийгөө дутуугаар мэдэрдэг. Би энэ гэр бүлд ямар ч хэрэггүй юм байна, надтай надгүй энэ амьдрал болох л юм байна гэсэн үнэ цэнэгүй зорилгогүй байдал үүсэхээр сэтгэл санааны хямралд өртөх магадлал нэмэгдэж байгаа юм. Ажил хийх шаардлагагүй эхнэр бүх юм хийдэг тохиолдолд зав их байгаад архи, тамхинд донтох, өөр зүйлсийн хамааралтай болох эрсдэлтэй. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй аль аль нь үүрэгтэй, ачааг нь ерөөсөө хөнгөлөх шаардлагагүй.
Эрэгтэй хүн илүү холч бодолтой, одоо надад үүсэж байгаа асуудал биш ирээдүйд надад болон манай гэр бүлд үүсэж болох асуудлыг тооцоолж үйлдэл хийдэг. Тэгэхээр дотроо илүү боддог. Энэ байдлын нь хараад хуваалцахгүй удаан явсаар асуудлууд нь нэмэгдсээр байгаад суурь асуудал ихтэй байдаг.
Эмэгтэйчүүдийнх хоёр, гурван сарын өмнөх ойрхон үүссэн стресс байдаг бол эрэгтэйчүүдийнх хоёр, гурав бүр 10 насанд үүссэн асуудал байдаг. Бүр багаас үүдэлтэй суурь сэтгэл гутрал байдаг. Үүнийг хажууд нь байгаа хүмүүс ойлгож, ярилцаж сэтгэл зүйг нь хүндлэх хэрэгтэй.
Багаас нь ярьж сургаагүй болохоор насанд хүр эн хойно ч эхнэр, хүүхэд, дарга, найз нөхөдтэйгөө ойлголцохгүй. Энгийн үед сэтгэлээ нээж чаддаггүй. Заавал архи ууж байдаг ярилцдаг. Яаж сэтгэлээ нээхээ ч мэддэггүй. Заавал маш том асуудал үүссэн хойно ярьдаг, жирийн нөхцөлд асуудлаа ярьж чаддаг чадварт л багаас нь суулгах хэрэгтэй" гэлээ.