УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхээс нэг хоногийн хугацаатай завсарлага авсан билээ.
Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай бүлэг хэлэлцэх асуудлаас завсарлага авсан. Гэхдээ завсарлага авсан хугацаа арай бага байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авах эрхтэй байдаг. Тиймээс завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгах хүсэлт гаргаж байна" гэв.
АН-ын бүлгийн уг хүсэлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар "Завсарлага авах хугацааг өнөөдрийн 12:00 цаг хүртэл сунгаж байна" гэдэг хариулт өглөө.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Үндсэн хуулийн цэцийн гишүүн томилогдож байгаатай холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт дээр мэдэгдэл гарсныг та бүхэн харсан байх. Үндсэн хуулийн цэцийн Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн. Мөн Н.Чинбат гишүүн өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон.
Тиймээс Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж, орных нь хүнээ томилохоо тодорхой болгох нь зүйтэй болов уу. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг ч орж ирж магадгүй юм байна шүү”. Ийнхүү АН-ын бүлгийн завсарлагыг сунгаснаар дараагийн асуудлуудыг хэлэлцсэн.
Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг 78.8 хувийн саналаар дэмжлээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцов.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс 3 нэр дэвшигч нэрээ татаж, 2 нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан. Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, УИХ-д мэдүүлсэн юм.
Жуужаагийн Эрдэнэбулган нь 1970 онд Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд Дундговь аймгийн арван жилийн дунд сургууль, 1994 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1995 онд хууль зүйн ухааны магистр, 2012 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 53 нь дэмжсэн тул Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.