"Эко констракшн" ХХК-ийн барьж буй Ривер Вилла хотхоны барилга цэвэр болон бохир усаа татах шугмын хоолойг суурилуулахын тулд Сэлбэ голыг сэндийчжээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрөөс эхлэн гурван эксковатороор Сэлбэ голын яг дундуур ухаж эхэлсэн байна. Үндсэн шалтгаан нь зөвхөн цэвэр болон бохирын шугмыг л суурилуулах гэнэ.
Улаанбаатар хотын төвд байрладаг Сэлбэ гол нь өөрөө манай хотын нэн чухал хайрлаж, хамгаалах шаардлагатай газрын нэг. Тэгвэл ямарваа нэг барилгын компани нь Сэлбэ голыг ухаж сэндийчих нь өөрөө хууль бус үйлдэл юм.
Гэтэл нийслэл хот байгуулалтын хөгжлийн газар, Нийслэлийн ус сувгийн удирдах газрууд Сэлбэ голыг сэндийчих зөвшөөрлийг олгосон байв. Тухайн газарт барилга барьж, Сэлбэ голыг ухаж, сэндийчих зөвшөөрөл олгосон газруудыг дурдвал: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженер Б.Цэрэннадмид, Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газрын Ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Барилга Хот Байгуулалтын Яамны Барилгын хөгжлийн төвийн магадлалын хэлтсийн дарга нар тус тус багтаж байна. Үүнийг та доорх баримтаас харж болно.
Дээрх баримтаас гадна тухайн газрыг хууль бусаар олгосон талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөл хэллээ. Тэрбээр "Тухайн газарт барилга барих зөвшөөрлыг анх 2018 онд олгосон. Харин олгохдоо Сүхбаатар дүүргийн 2-р хороо гэж олгосон. Гэтэл тухайн гол байрладаг энэ богинохон хэсэг нь Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хамааралтай газар байсан. Гэвч энэ хэсэгхэн газрыг тодруулбал, сэлбэ гол, дунд гол, нарны зам багтсан бага хэмжээний газрыг Хан-Уул дүүргийн 15-р хороонд шилжүүлжээ" гэв.
Тэгвэл Б.Мөнхдөлийн хэлснээр тухайн барилгын ажил явагдаж байгаа хэсэг газар нь өөрөө Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул гэсэн гурван дүүргийн харьяа байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл 2016-2020 оны хооронд дүүргийн хилийг өөрчилж, үүний улмаас дүүргийн хил хооронд холилдсон байх магадлалтай юм.
Мөн тухайн Сэлбэ голыг ухах үйл ажиллагааг өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар түр зогсоох шийдвэр гаргажээ. Ингэхдээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Түүнчлэн Сэлбэ голыг ухаж байсан нь нотлогдсон "Эко констракшн"-д хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй энэ асуудлыг орхисон аж.
Хууль бус газар олголт, хууль бус зөвшөөрлын үр дүнд Сэлбэ голын ай сав үгүй болох эрсдэл бий болов. Энэ цаг үед холбогдох албан тушаалтан, хариуцсан эзэд нь зөв шийдвэрийг гаргах ёстой. Эцэст нь хэлэхэд Сэлбэ гол нь Улаанбаатар хот доторх цор ганц байгалийн тогтоц гэдгийг дахин сануулъя.