Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-н олголт 2021/03/10-аас эхэлсэн. Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хоёрдугаар сарын 23-аас авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 4789 харилцагчийн 651 тэрбум төгрөгийн хүсэлт ирж, гуравдугаар сарын 20-ны байдлаар 260 зээлдэгчид 11.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс байгууллагад 2.7 тэрбум, иргэдэд 8.8 тэрбумын зээл олгожээ.
Төрийн банкны харилцагч Г.Лхагватай ярилцлаа.
-Үйл ажиллагаагаа эхлээд хэдэн жил болж байгаа вэ?
-Үйл ажиллагаагаа эхлээд 30 гаран жил, энэ чиглэлээр ажиллаад 15,16 жил болж байна.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд өвчний улмаас хөл хорио тогтоогоод эдийн засаг бас нэлээдгүй агшлаа, энэхүү хөл хорио танай бизнест хэрхэн нөлөөлсөн бэ?
-Бүх үйл ажиллагаа нам зогссон. Би Урт цагаанд суудаг байсан. Урт цагаан ажиллахгүй хуучин байрандаа юмаа хийж байна.
-Хүнд хэцүү үеийг яаж даван туулсан бэ?
-Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгчээр л тун хэцүү байлаа.
-Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг аж ахуй нэгжүүдэд өгөх болсон. Үүнийг хэзээнээс анх мэдээд банканд хандах болсон бэ? Иргэний хувиар хандсан уу? Аж ахуй нэгжийн хувиар хандсан уу?
-Иргэний хувиар хандсан.
-Ямар ямар материал бүрдүүлсэн бэ?
-Барьцаа хөрөнгө, дансны хууль гэх мэт зүйлс. Би 20 сая төгрөгийн хүсэлт өгөөд 20 сая төгрөг авсан.
Эргэлтийн хөрөнгөтэй болж байна, материалаа авч байна. Үр өгөөжтэй байлгүй яах вэ.
-Банк таны зээлийг хэр хурдан шуурхай шийдсэн бэ?
-Хурдан шийдсэн, 4-5 хоногт шийдсэн. Хүндрэл гараагүй.
-Зээл авахад маш их хүндрэл чирэгдэлтэй гэж иргэд үздэг шүү дээ. Та тэдгээр иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?
Эхлээд сайн судлах хэрэгтэй. Яг хөөцөлдөх бичиг баримтаа бүрдүүлэхэд төвөггүй олдож байна лээ. Нөхцөлийг хангаж байвал.
-Та хэчнээн банканд харилцагчтай, хэдэн банканд хүсэлт өгснөөс Төрийн банкнаас зээл авсан бэ?
-Би хоёр банктай л харьцдаг. Тэгээд Төрийн банкнаас зээлээ авсан.
Зээлийн талаар бүрэн ойлголттой байгаа юу?
-Бүрэн ойлголттой байгаа. Мэдээж ажил сайн байвал өмнө төлөхийг бодно.
Д.СУГАР: НИЙТ ЗЭЭЛИЙН 84 ХУВЬ НЬ ИРГЭДИЙН ЗЭЭЛ БАЙНА
Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгогдож байгаа зээлийн талаар тодрууллаа.
-Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-г баталсан. Төлөвлөгөөний дагуу ажлын байрыг дэмжих зээлийг банкнууд олгож байгаа. Өнгөрсөн долоо хоногоос иргэдийн зээлийг олгож эхэлсэн. Төрийн банкны хувьд иргэдийн зээлийн олголт хэр байна вэ?
-Төрийн банк 2021 оны 3-р сарын 17-ны өдрөөс иргэдийн зээлийг олгож эхэлсэн. Иргэдийн зээлийн хүсэлт их ирж байгаа. 2600 зээлдэгчийн 100 тэр бум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн. Үүнээс бид 222 зээлдэгчийн 8,8 тэр бум төгрөгийн зээлийг судалж олгоод байна.
-Аж ахуй нэгжийн зээлийн олголт хэр явж байна вэ?
-Аж ахуй нэгжийн зээлийн хүсэлт, эрэлт өндөр байгаа. 3-р сарын 22-ны өдрийн байдлаар 2164 аж ахуй нэгжийн 544 тэр бум төгрөгийн зээлийн хүсэлт Төрийн банкинд ирсэн. Үүнээс 38 аж ахуй нэгжийн 2,7 тэрбум төгрөгийн зээлийг судалж олгоод байна. Аж ахуй болон иргэдийн нийт 260 харилцагчийн 11,6 тэрбум төгрөгийн зээлийг 2021 оны 3-р сарын 21-ны өдрийн байдлаар олголт хийсэн байсан. Үүний зэрэгцээ яг одоогийн байдлаар судлагдаж байгаа болон зарим зээл олгох шийдвэр гарсан 309 харилцагчийн 17 тэрбум төгрөгийн зээл олгогдоход бэлэн болсон байна. Нийт зээлийн 84% нь иргэдийн зээл байна. Энэ зээлийн хэрэгцээ иргэдэд эрэлт ихтэй байна гэж харагдаж байна.
-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа нь тавигдах шаардлага байна. Төрийн банкны хувьд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Аж ахуй нэгж дээр НӨАТ төлөгч байх ёстой гэсэн хамгийн онцлох шаардлага байгаа. Иргэдийн хувьд сүүлийн 6 сар, аж ахуй нэгжийн хувьд сүүлийн 12 сар бизнесээ эрхэлсэн байх ёстой гэдэг шаардлага байгаа. Энэ шаардлагыг хүмүүс их буруу ойлгоод байх шиг байна. Энэ шаардлага дээр бид 2020 онд ковидын нөлөөнд өртсөн байж болно, бид судалгаагаа 2018,2019 оны мөнгөн урсгал дээр хийгээд явж байгаа. Онцолж дурдах нэг зүйл нь Төрийн банк болон бусад арилжааны банкны бизнес зээлийн тавигдах шаардлага гээд тодорхой шаардлага байдаг. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд энэ шаардлага харьцангуй хөнгөн байгаа учир энэ зээлийг хэрэгцээтэй хүмүүст олгоход тодорхой үр дүн өгч байна гэж ойлгож байна. Төрийн банкны зүгээс энэ хөтөлбөрийг үр дүнтэй болгохын тулд аж ахуй нэгж болон иргэдийг бизнесийн хүрээнд холбож өгөх ажил хийж байгаа. Инкубатор маягийн үйл ажиллагаа хийж байгаа. Нэг талдаа түүхий эд бэлтгэдэг харилцагч байлаа гэхэд нөгөө талд нь түүхий эдээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг харилцагч байхад энэ хоёрыг хооронд нь холбож өгөх гэх мэт бизнес инкубаторын үйл ажиллагаа хийж байгаа. Энэ нь мөн энэ хөтөлбөрийг үр дүнтэй болгох үндэс болно гэж үзэж байгаа.
Төрийн банкны 4789 харилцагчаас 651 тэрбум төгрөгийн хүсэлт ирж, гуравдугаар сарын 20-ны байдлаар 260 зээлдэгчид 11.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн “Ажлын байрыг дэмжих зээл”-н олголт гуравдугаар сарын 10-аас эхэлсэн. Төрийн банкны хувьд тус зээлд хамрагдах хүсэлтэй ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хоёрдугаар сарын 23-аас авч эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 4789 харилцагчийн 651 тэрбум төгрөгийн хүсэлт ирж, гуравдугаар сарын 20-ны байдлаар 260 зээлдэгчид 11.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс байгууллагад 2.7 тэрбум, иргэдэд 8.8 тэрбумын зээл олгожээ.
Зээлийн нөхцөл:
- Жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, ААН-дэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөгийн зээлийг олгох боломжтой.
- Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д зээлийн дүнгийн 60%-д Зээлийн Батлан Даалтын Сангаас/ЗБДС/ баталгаа гаргуулах боломжтой. Харин иргэдийн зээлд ЗБДС-с батлан даалт гаргахгүй.
- Үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.
Зээлийн зориулалт:
- Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.
- Дахин санхүүжүүлэх зээлд ЗБДС-аас батлан даалт гаргахгүй.
Тавигдах шаардлага:
- Иргэн бол сүүлийн 6 сар, ААН бол сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх (тухайн бизнесийн чиглэлээрээ өмнө нь холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан эсэхийг нягтлах шаардлага юм, тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлага биш);
- ААН-н хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх ба Иргэнд энэ шаардлага хамаарахгүй.
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан.
- Зээлийн батлан даалттай сангийн батлан даалттай зээл авах тохиолдолд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх юм.