Сошиалд олон дагагчтай олны танил 2,3 эрхмүүд спорт бараа зардаг цахим дэлгүүрээс бэлэг авна өөрийн сторидоо хийнэ сурталчилжээ. Харин олны танил З гэх эрхэм өөрийн дэлгүүр мэтээр цахим хуудаснаа нийтлээд байсан юм. Үүнээс үүдэн иргэд захиалга өгч залилуулсан гэх мэдээллийн дагуу бид хохирогч болсон залуутай уулзаж ярилцлаа.
Хохирогч: /өөрийн нэр, царайгаа нууцлахыг хүссэн/
“Нэгдүгээр сарын эхээр инстаграммын олны танил хүмүүс “Манай дэлгүүр, ойрын дэлгүүр” гээд рекламдаад байсан. Тиймээс найдаад нэг сарын 24, 28 хоёр удаа захиалга өгсөн. Тэгсэн нөгөө дэлгүүр луйвар хийсэн болж таарсан. Тухайн хүн бараа нь удахгүй ирж байгаа 23-нд хөл хорио сулрахаар барааг нь тараагаад өгнө гээд намайг хүртэл аргалсан. Тэгээд хоёр сарын 19, 20 хавьцаа бусад захиалга хийсэн хүмүүс залилан гэдгийн мэдсэн байсан. Энэ хаяг луйвар байсан юм байна, дахиж битгий бараа захиалаарай гээд яваад байсан. Бид фейсбүүк групп, чат нээн хохирсон хүмүүс нийлээд дансны хүүлга баталгаажуулсан. Ойролцоогоор 400-500 хүн, 160 саяаас 180 сая төгрөгөөр үнэлэгдэх мөнгөн дүнгээр зөвхөн sporty.mng-д хохирсон байсан.
-Та хэдэн төгрөгөөр бараа захиалсан бэ. Хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр бараа захиалж хохироосон хүн байгаа бол?
-Би 520 мянган төгрөгөөр захиалга хийсэн. Хамгийн их мөнгөн дүнгээр хохирсон нь долоон сая төгрөгөөр бараа захиалсан эгч байгаа.
Залилах гэмт хэргийн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй. Итгэл олох зорилгоор үргэлжилсэн хэлбэрээр залилсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа
Цахим худалдаанаас болж хохирсон хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулна ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.
Тэрээр “Иргэд ямар нэгэн байдлаар онлайн мэдээллийн цахим хуудаснаас худалдан авалт хийх, түүгээр үйлчлүүлэх тохиолдолд мэдээж баталгаатай байгаа эсэхийг судлах нь хувь хүн иргэний хариуцлагын үүрэг. Ямар нэгэн тохиолдлоор цахим мэдээллийн хэрэгслээр үйлчлүүлж байгаад залилуулсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Мэдээж цагдаагийн байгууллага тухайн хэргийн бүртгэж авахаас гадна дүн шинжилгээ хийнэ. Ямар тохиолдолд онлайн дэлгүүрт ямар цаг үед иргэд хохироод байгааг, эргүүлээд хэдэн төгрөгийн хохиролтой болохыг шалгадаг. Энэ залилах гэмт хэргийн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй. Итгэл олох зорилгоор үргэлжилсэн хэлбэрээр залилсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа юм.
Тухайн цахим мэдээллийн хэрэгсэл, онлайн дэлгүүр нь нэг ба түүнээс олон хүнийг энэ мэтчилэн үйлдлээр үргэлжилсэн хэлбэрээр залилах юм бол цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг явуулна. Үүнд Мэдээлэл харилцаа холбооны компанитай хамтран ажилладаг. Тухайн онлайн дэлгүүрийн цахим мэдээллийн хуудсыг хаах хүртэл арга хэмжээг авна.
Иргэд ямар байдлаар хохирогч болоод байна вэ гэхээр аливаа мэдээ мэдээллийг нягталж үзэхгүй байна, сэтгэл хөөрлөөр хандаж байна. Мөн цахим мэдээллийн онлайн дэлгүүрүүдийн үйлдлийн аргыг өөгшүүлж байна. Энэ нь би 30-хан мянган төгрөгийн бараа захисан юм чинь гэдэг байдлаар үйлдлийн аргын өөгшүүлж, нөгөө хүн нь 30, 30 нь мянган төгрөгөөр 10 хүн залилахад 300 мянган төгрөгийн ашигтай гэх байдлаар гэмт этгээдүүдийн үйлдлийн аргыг өөгшүүлж байдаг” гэлээ.
Иргэний хэлснээр 400-500 хүн 180 сая төгрөгөөр хохироод байна. Нийслэлийн цагдаагийн газраас иргэд өөрсдөө шүүлтүүртэй хандах сошиал орчинд олон дагагчтай олны танил эрхмүүдэд итгэхгүй байхыг анхаарууллаа.