Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г саяхан баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
10 их наядын төлөвлөгөөний томоохон хэсэг болох ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бодит эзэндээ саадгүй хүрч чадах эсэх, ямар эрсдэлүүд үүсэж байгааг сануулах үүднээс ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа “10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?” сэдвээр мэргэжилтнүүдийг урьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Сангийн яамны Санхүүгийн бодлогоын газрын дарга Ц.Зоригтбат
- Эдийн засагч Д.Ангар
- Голомт банкны ахлах эдийн засагч Г.Батзориг
Онцлох Эшлэл
Сангийн яам Санхүүгийн бодлогын газрын дарга: Ц.Зоригтбат
- Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 5.2% тай гарсан. Нөгөө талдаа төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 12% тай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нэгдсэн төсөв дээр аж ахуй нэгжүүдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт санхүүгийн дэмжлэг авахад хүндрэлтэй гэсэн үг.
- Нөгөө талдаа төв банкны үнэт цаасанд оруулах банкнуудын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар найман их наяд төгрөгт хүрсэн. Коронавирустай холбоотойгоор олон улсад ч зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкууд зээл гаргахаас илүүтэй төв банкны үнэт цаасанд хөрөнгө байршуулах хандлагатай болж байна.
- Тиймээс Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрүүдийг боловсруулах үе шатанд УИХ, Монгол банк холбогдох байгууллагууд зөвшилцөж ажилласан. Энэ хүрээнд банкнууд дээр байгаа сул мөнгөн хөрөнгийг зах зээл рүү оруулах арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гарсан.
- 2012 онд батлагдсан хуулийн дагуу байгуулагдсан Зээлийн батлан даалтын сан гэж байгаа. Зээлийн батлан даалтын тогтолцоог идэвхжүүлье, Засгийн газар олон улсын байгууллагуудын өгдөг зөвлөгөөний дагуу ил тод татаасаа өгөөд, үүнийгээ банкнуудын эх үүсвэр дээр хэрэгжүүлэх нь зөв юм гэсэн арга замыг сонгоод өнөөдөр банкнуудтайгаа хэлэлцээд явж байна.
- Засгийн газрын тусгай сангуудын балансын аваад үзэхэд зээл олгодог сангуудын муу зээлийн хэмжээ өндөр байна. Мөн тусгай сангууд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор яамаар дамждаг, захирагч нь өөрчлөгддөг гээд үйл ажиллагааны болон хүний нөөцийн эрсдэлүүд өндөр гарсан учир энэ удаагийн зээлийг цэвэр арилжааны банкуудын эх үүсвэр дээр тулгуурлаж, банк өөрөө зээлийн шийдвэрээ гаргах системээр явна.
- Зээлдэгчид тавьж байгаа гол шаардлага нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байх. 2019 оны байдлаар чанаргүй зээлийн түүхгүй байх. Зээл олголтыг арилжааны банкууд шийдвэрлэх бөгөөд ямар нэгэн тусгай сангаар дамжих, төрийн байгууллага, албан тушаалтнаас бодлогын чиглэл өгөх зүйл байхгүй.
- ААН-үүд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулах эрсдэл мөн байгаа.Төв банкны тухай хуулиар төв банк бол Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна банкны салбарын хяналт шалгалт хийх үүрэгтэй. Зээлийг зориулалтын бусаар зарцуулах эрсдэлийг Монгол банк банкнуудтай байгуулах гэрээнд зориулалтыг тодорхой заадаг. Тухайн байгууллага, ААН цалин тавих, түрээсийн зардлаа төлөх,үндсэн хөрөнгөөс бусад бараа материал авах ийм зориулалттай зарцуулна гэж зааж байгаа.
- Мэдээж энэ гэрээнд зээлдэгчид болон банкинд тавих хариуцлагыг тодорхой заасан. Зээлдэгч 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөхгүй тохиолдолд Засгийн газраас зээлийн хүүгийн татаасыг шууд зогсооно. Хэрэв зээлээ зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд тухайн зээлийн хүүгийн татаасыг банкаар болон зээлдэгчээр төлүүлнэ. Олгож байгаа арга хэлбэр болон хяналт тавьж байгаа хэлбэр өмнөх тусгай сангаас болон бусад бодлогын зээлийн сангийн хэлбэрээс өөр байна.
- Зээлийн батлан даалтын сангийн хуулиар ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийг тодорхойлж өгсөн. Энэ хуулийн тодорхойлолтод нийцсэн аж ахуй нэгж барьцаа хөрөнгө нь дутагдалтай нь батлагдаж байвал авсан зээлийн 60% батлан даалт гаргадаг. Аж ахуй нэгжийг дэмжих бүх зээлд батлан даалт гаргана гэсэн үг биш. Хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөө тавиад явж байгаа аж ахуй нэгж хуулиараа батлан даалт гаргах нөхцөл үүсэхгүй.
- 10 их наядын төлөвлөгөөний гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бол ажлын байр дэмжих зээл. Бид яг тухайн ажлын нэгжийн тоо хэмжээтэй уялдуулаад тооцож олгох тооцоог хийж тавиагүй. Нэг аж ахуй нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно гэж байгаа. Тухайн аж ахуй нэгжийн зээлжих чадвар, буцааж төлөх чадвар зэрэг нь тухайн ажлын нэгжид ажиллаж байгаа ажиллагсад, тухайн жилийн орлого гэх мэт бүх зүйлээс шалтгаална. Энэ нь бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа авч яваад зээлээ төлөх чадвартай гэдэг үндэслэлээр явах ёстой.
Өөрөөр хэлбэл тухайн аж ахуй нэгжийн зээл төлөх чадвар, санхүүгийн мөнгөн урсгал гэх мэт тооцоон дээр үндэслээд банк олгоно.
- Энд нэг залруулга хийхэд Сангийн сайд мөнгө хэвлэнэ гэж хэлээгүй. Мөнгө хэвлэх гэдэг нь аль ч төв банкны өөрийн үйл ажиллагаа. Мөнгө эргэлтэд оруулах, энэ нь зохистой байна уу, хэр хэмжээндээ байна уу гэдэг л асуудал. Дээр нь мөнгөний нийлүүлэлт, хэвлэх гэдэг хоёр өөр ойлголт. Мэдээж батлагдаж байгаа хөтөлбөр нь мөнгөний бодлогын зорилт хэмжээнд баригдана. Мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэх, зохистой хэмжээнд барих, ямар хэмжээний зээл санхүүжилт байна гэдэг судалгаа тооцоонд үндэслээд, төв банктай зөвлөлдөж хийсэн.
- Финлянд, Флиппин гэх орнууд зээлийн батлан даалтын сангаа ашиглаж тухайн зээлдэгч дээр ирэх эрсдэлийг хуваах зарчмаар ААН-үүдээ дэмжиж байна. Манайд ч мөн энэ зарчмаар энэ удаагийн зээл дээр тухайн зээлдэгч 90 хоногийн хугацаанд зээлээ төлөхгүй бол батлан даасан хэмжээгээр үүрэг гүйцэтгэх зохицуулалтыг хийгээд явж байгаа.
- Банк эрсдэлээ үнэлээд зээл олгохгүй бол яах вэ гэдэг дээр зээл гэдэг нь ард нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа гэсэн үг. Тухайн бизнес зээлээ төлж чадахгүй байхад зээл олгохгүй байх нь банкны үүрэг.
- Зээлийн эрэлт их байгаа юу гэдэг тал дээр мөн л судалгаанд суурилж баталсан хөтөлбөр. Энэ хөтөлбөр өөрөө эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх гэсэн 10 их наядын төлөвлөгөө. Засгийн газрын зорилтот хөтөлбөр гэх мэт зүйл биш. Үүнийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Татварын тайлан мэдээллээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг гүйцэтгэж байгаа аж ахуйн40 орчим хувь байгаа гэсэн тоо байгаа. Энэ нь гаргаж байгаа зээлийн хэмжээтэй харьцуулахад эрэлт их байна гэсэн үг.
Эдийн засагч Д.Ангар:
- 10 их наядын төлөвлөгөөг танилцуулахдаа Сангийн сайд 5-7 их наяд төгрөг хэвлэнэ гэж маш тодорхой хэлж байсан. Олон нийт үүн дээр нь эсэргүүцээд эхлэхээр маргааш нь энэ үгнээсээ буцаад хэвлэхгүй болоод явсан. Миний харж байгаагаар мөнгө хэвлэж л таарна. Мөнгө хэвлэх нь ч бас буруу зүйл биш. Энэ хямралын үед мөнгө хэвлэж эдийн засаг руугаа оруулахаас өөр аргагүй.
- Сүүлийн гурван жил Монгол банк маш хатуу мөнгөний бодлого явуулсан. Хатуу гэдэг нь эдийн засаг дээрээ эргэлдэж байсан бүх мөнгө төр өөр рүүгээ татсан. Төв банкан дээр найман их наяд төгрөгийн буюу ийм их хэмжээний үнэт цаас байна гэдэг нь үнэт цаасны хүү маш өндөр байнаа л гэсэн үг. Эрсдэл өндөр байгаа учраас банкууд зээл гаргах сонирхолгүй байна гэдэг нь зөвхөн өнгөц тайлбар. Хүү нь өндөр байгаа учраас банкнууд зээл гаргахгүй төв банкны хүүгээс хангалттай ашгаа олчхож байна гэсэн үг.
- Ковидийн эдийн засгийн хямралын үед улс орнууд эдийн засгийнхаа хувьд нийтлэг нэг арга хэмжээ авч байгаа нь бодлогын хүүгээ тэглэх. Тэглээгүй нь өмнө байсан хүүгийнхээ төвшинг 80-90% бууруулсан. Манайд харин дөнгөж 20% бууруулсан. Үүнээс болж Монгол банкны үнэт цаасан дээр байршиж байгаа мөнгө түүхэн дээд хэмжээнд хүрчихлээ.Түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэдэг нь эдийн засаг дээрээ эргэлдэж байх ёстой мөнгийг төр нь өөрлүүгээ татаад авч байгаа л гэсэн үг.
- Найман их наядаас жилийн 6%-ийн хүү авахаар банкууд Монгол банкнаас жилийн 500 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна. 500 тэрбум нь банкны системд хангалттай учраас зээл гаргахгүй байна. Статистик харвал сүүлийн жилүүдэд зээл олголтын хэмжээ буурсан. Шалтгаан нь төв банкны үнэт цаас болгоод байна. Монгол банкны Ерөнхийлөгч энэ нэвтрүүлгийг үзэж байвал бодлогыг хүүгээ бууруулах цаг нь болсон.
- Энэ зээлд төр оролцохгүй гэж байгаа боловч энэ бол худлаа тайлбар. Төр бол Зээлийн батлан даалтын сангаараа дамжуулж бүрэн оролцохоор байна. Хэдийгээр зээлийг нь арилжааны банк өгч байгаа боловч зээлийг батлан даалтын сан баталгаа гаргасны үндсэн дээр зээл гаргана. Улс төрчдийн компани дээр батлан даалтыг хурдан гаргана, жирийн аж ахуй нэгж дээр баталгаа гардаггүй барьцаа шаардах зэрэг эрсдэл маш өндөр байна.
- Нэгдүгээрт зээлийн батлан даалтын сан гэдэг нь маш том авилгын асуудал. ЖДҮ-гийн түүхийг давтах маш том эрсдэлтэй байна.
Банкуудын хадгаламжийн хүүг гурваас бага болгож байж хоёр их наядын зээл үр дүнтэй хэрэгжинэ
- Хоёр дугаарт хүүгийн маш буруу, зүй тогтолгүй хүүний төвшинг эдийн засагт төр өөрөө бий болгоод байна. Байгууллага 3% хүүтэй зээл авчихлаа гэхэд арилжааны банк нь буцаагаад 10% хүүтэй хадгаламж хэлбэрээр авч байна. Эсвэл Монгол банк 6% хүүтэй авч байна. Энэ бол төрийн логикгүй, ойлгомжгүй бодлого. Баруун гараараа 3% хүүтэй зээл өгчихөөд зүүн гараараа 6% хүүтэй зээл аваад байна гэсэн үг.
- Уг нь энэ 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэх нь зөв. Хэрэгжүүлэхийн өмнө төв банк бодлогын хүүгээ тэглэх ёстой байсан. Арилжааны банкнуудын хадгаламжийн хүүг 3-аас доош болгож байж энэ хөтөлбөр үр дүнтэй хэрэгжинэ.
- Энэ хөтөлбөрийн бас нэг ойлгомжгүй зүйл нь аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа томсгоно гэж яриад байгаа. Энэ ковидын үед ямар ч боломжгүй зүйл, аж ахуй нэгжүүдэд харилцагч байхгүй учраас. Уг нь 10 Их наядыг дахин санхүүжилтийн зориулалтаар ашиглавал аж ахуй нэгжүүдэд маш хэрэгтэй байсан. Аж ахуй нэгжүүд тэр мөнгийг бизнесдээ зарцуулах, шинэ төсөл хэрэгжүүлэх биш хуучин зээлээ төлөх. Хуучин 18%-тай авсан зээлээ 3%-руу оруулахыг нь төр дэмжих ёстой байсан.Харамсалтай нь энэ хөтөлбөр дээр тэгж болохгүй юм байна лээ.
- Монгол банк хоёр жилийн өмнө хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавихаар иргэд банкнаас зээл авч чадахгүй банк бус руу очсон. Банк бусын зээл сүүлийн хоёр жил бараг хоёр дахин өссөн. Ломбардаас зээл авсан. Банк бусын зээл жилээр нь ярих юм бол 40-60 хувийн хүүтэй, ломбардын зээл 200-300 хувийн хүүтэй. Иргэд сонголт байхгүй учраас 200-300 хувийн хүүтэй зээл авч байна. Гэтэл манай төрийнхөн ард иргэдийн амьдралыг ойлгохгүй, аж ахуй нэгжийн асуудлыг шийдээд сайхан яваад байгаа мэт. Монгол банкнаас гаргасан зээлийн дундаж хүү 16% гээд хиймэл тоонд итгээд яваад байгаа.
- Банкны шалгуурыг бууруулах ёстой. Банкнууд өөрсдөө шалгуураа бууруулахгүй. Төв банк бодлогын хүүг бууруулсан цагт л бууруулна. Найман их наядаа хадгалах газаргүй болоод, аж ахуй нэгжүүдийнхээ хойноос хөөцөлдөх ёстой.Ийм боломжийг бүрдүүлэх боломж төрд байгаа. Монголоос бусад бүх улс оронд банкнууд нь аж ахуй нэгжүүдийнхээ хойноос зээл өгье гээд гүйдэг.
- Тэр нь төв банк арилжааны банкнуудаас өндөр хүүтэй мөнгө татахаа болиоч ээ. Тэгэхээр энэ 10 их наядын хөтөлбөртэй, хөтөлбөргүй өөрсдөө хүүгээ буулгая, хугацааг нь уртасгая, барьцаагүй зээл олгоё гээд гүйнэ.
- Энэ 10 их наядын хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй, өндөр хүлээлт тавиад хэрэггүй. Яагаад гэхээр зээл олголт явсаар явсаар барьцаан дээр очоод унана, банкнууд барьцаагүй нэг төгрөгийн ч зээл олгохгүй. Харин амжилттай болгох нөхцөл нь ердөө төв банкны бодлогын хүүгээ бууруулах юм. Үүнийг би зохиогоод яриад байгаа биш бусад бүх улс оронд сүүлийн хоёр жил тохиолдсон зүйл. Аж ахуй нэгжүүд нь банкруу явах биш, банкнууд нь аж ахуй нэгж рүү явах ёстой.
Эдийн засагч: Г.Батзориг
- Эдийн засагт бол 2012 оны эдийн засагтай харьцуулахад 2021 оны эдийн засгийн онцлог нь өөр. Тухайн үедээ мега төслүүд хэрэгжээд эдийн засаг тэлсэн.
- 10 наядын хөтөлбөр бол гурван жилийн хугацаатай гэдэг утгаараа бид энгийнээр бодоод үзвэл жилд хоёроос гурван их наядын нийлүүлэлт хийхээр байгаа юм.
- Одоогийн унасан байгаа эдийн засаг дээрээ нэг, хоёр их наядыг хангалттай шингээх орон зай байгаа.
- 2021 оны хувьд ханшийг огцом өснө гэж харахгүй байна. Яагаад гэхээр эдийн засаг мөнгөгүй байгаа учраас хүнд нөхцөл байгаа тэгэхээр эдийн засагт мөнгө хэрэгтэй байгаа учраас түүнийг нь дэмжих хэрэгтэй гэж харж байна.
- Цусны эргэлт шиг цусны эргэлтийг дэмжиж байж хүнээр бол босч явна.
- Төв банкны үнэт цаасан дээр залруулга хийхэд төв банкны үнэт цаасан дээр найман их наяд явж байна гээд бэлэн мөнгө явж байгаа юм шиг ойлгоод байна. Нэг талдаа төв банкны үнэт цаасыг байршуулж байж төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэж харьцаа үзүүлэлтээ банк хангадаг. Өнөөдөр эх үүсвэрийн зардал 10%,11% татаж байна. Гэтэл бодлогын хүү нь дээр төв банкны үнэт цаасан дээр одоо бол зургаан хувийн өгөөжтэй хадгалж байна. Дөрвөн хувийн алдагдалтай хадгалаад байгаа юм.
-
Засгийн газрын үнэт цаас нь 2016 оноос хойш багассаар байгаад буурсан. Тэгэхээр ганц хөрвөх чадвартай эх үүсвэр нь төв банкны үнэт цаас байгаа юм. Мэдээж төв банкны үнэт цаасан дээр хадгалагдаж байгаа найман их наядаас гурваас, дөрвөн их наяд нь сулрах боломжтой. Үлдсэн нь боломжгүй, банкны өөрийнх нь харьцаа үзүүлэлтийг хангах ёстой.
- Хоёр их наядын хөтөлбөр дотор эрэлтээр аваад үзэхэд манайд бүртгэлтэй 83 мянган ЖДҮ байгаа. Иргэн аж ахуй нэгжээр нь ангилахад 42 мянга болно. 42 мянгаас 40% нь банкинд зээлтэй, эсвэл хөнгөлттэй зээлтэй гэхээр 22 мянга болж байгаа. 22 мянгаас банк нь бизнесийн насжилт харна гэнэ 1, 2-оос дээш жилийн насжилттай. Нэг доторх жилийн насжилттай 40%-ийг хасахаар зах зээл дээр банкны шаардлага хангах аж ахуй нэгж 10 мянган аж ахуй нэгж байгаа. Тэр 10 мянган аж ахуй нэгж дунджаар 100 сая төгрөгийн зээл авлаа гэж бодоход нэг их наядын хөтөлбөр байгаа юм.
- Хэрэв хоёр их наядаа хэрэгжүүлнэ гэвэл үлдсэн нэг их наядад чанаргүй аж ахуй нэгжүүд орж ирээд улмаар системийн хувьд банкны чанаргүй зээл үүсэх эрсдэл үүсч байгаа.
- Иргэдэд тулгамдаж байгаа асуудал барьцаа, бизнесийн эрсдэл, муу зээл авсан эсэх нийт банкны шаардлагын 50%-ийг бүрдүүлж байгаа.
- Барьцаа чухал байгаа, барьцаан дээр батлан даалтын сан батлан даалт гаргаж байгаа нь онцлог байгаа.
УИХ-ийн гишүүн О.Цогтгэрэл:
- Эрх баригч нам сонгуульд ялаад хагас жил гаран болж байна. Хагас жил болж байхад тэр үед ковид эхэлчихсэн, хорио цээлийн дэглэмтэй байсан. Хагас жилийн дотор гэнэт 10 их наяд гээд бодлогоо бүрэн дүүрэн өөрчилж байгаа нь өмнөх Засгийн газар, Сангийн сайдын үед баримталж байсан санхүүгийн бодлого тэр чигээрээ буруу байсан гэсэн үндэслэл өөрсдөдөө гаргаж байгаа юм.
- Манай эдийн засаг миний бодлоор энэ ковидоос өмнө сайнгүй байдалд орчихсон байсан. Олон нийтэд засаг төр тайлбарлахдаа ковидоос боллоо гээд байгаа.
- Үндсэндээ 2010,2011 оноос 2021 он хүртэл эдийн засаг нэг хүнд ногдох долларын үзүүлэлт нь 4000 орчим доллар буюу 10 жил ерөөсөө өсөөгүй.
- 10 жил эдийн засаг байрандаа байсан. Эдийн засгийн суурь болох нэг хүний баялгийн хэмжээ нь буурсан.
- Ковидоос өмнө эдийн засаг буруу тийшээ явчихсан, үүнийг засах байсан шалтгааныг ковид түргэсгэж илрүүлж гаргаж ирсэн байх.
- Мөнгө санхүү, төсөв баталдаг УИХ-аар асуухгүйгээр ийм том хэмжээний мөнгийг баталсан нь хууль зорчиж байгаа асуудал.
- Төсвийн тодотгол 4,8 их наядын алдагдалтай, төсөв бас 3 их наядын алдагдалтай. Тэр төсвийн онцлог ковидтой байгаа, ковид үргэлжилж байгаа үед яг нь өмнөх барилгачин Засгийн газар, яамдууд, сайдууд хөрөнгө оруулалт гэж тавьдаг, барилга байшин барьдаг. Ажлын байр бий болгосон, орлогыг дэмжсэн ямар нэг бодлого байхгүй.
- Өмнө бидний бодлого буруу байсан, тэр олон их наядын алдагдлын үр дагавар одоо эдийн засаг дээр гарч ирж байна.
- Монгол банк бодлогын хүү өндөр, дунд нь бизнесүүд хатангиршаад. Ковидоос өмнө тийм болсон. Ер нь сүүлийн 4 жилийн дүнгээр бараг 10 их наядын алдагдалтай төсөв баталсан.
- Дотооддоо бодлого зөв байсан бол ийм төвшинд хүрэхээргүй, ийм эрсдэлтэй зүйл рүү орохооргүй байсан гэж бодож байгаа.
- Өмнөх ЖДҮ-ийн бодлого төр бодлогоо хэрэгжүүлнэ гэснээ банк биш яам зээл олгодог. Энэ нь алдаа болчихно, шулуунаар ярих юм бол зүүн талд нь, одоо бүр баруун талд нь гараад Монгол банк өгнө буюу эдийн засгийг эрүүлжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх технологижуулах, төрөлжилтийг нэмэх ямар нэг төрөөс тавьж байгаа бодлогын шалгуур байхгүйгээр шууд дураараа өг.
- Бодлого гаргаж байна гээд төрийн дарга нар өгнө гэхээр ЖДҮ-ийн асуудал гарснаасаа айгаад шал эсрэг талд нь гаргасан.
- ЖДҮ-ийн зээлийн зорилго нь ажлын байрыг хадгалах гэж хэлж байсан. Нэг ажлын байрыг хадгалах зардлаа хэд гэж тооцож байгаа гэдгийг олгож байгаа банкныхан ч ойлгохгүй, Сангийн яам тэрийг хэд гэж тооцож байгаа юм?
- Зээл олгохдоо 2020оны 12 сарын 31-нд нэг ажилтантай байсан компанид тэр ажлын байраа хадгал гэж зээл өгөх гэж байгаа юу? Тийм бол нэг ажилтантай, 10, 20, 50 ажилтантай компани өөр өөр байх нь. Энэ өөрөө зээлийн шалгуурт орох юм уу? Ажлын байр хадгалах гэдэг үг нь ямар утгатай гэдгийг би сайн ойлгохгүй байгаа.
- Манай төсөв ковид дундаа орчихсон, дахиад хүндрэх магадлал өндөр байхад өмнө явж ирсэн бодлого тэр чигээрээ буюу барилгачин Засгийн газар, бүтээн байгуулалт гэдэг үгний доор ярьдаг.
- Бүтээн байгуулалт гоё сайхан гэж халхавчилж ярьдаг бодлогоосоо татгалзаж, бизнесийг дэмжсэн, орлого ажлын байр нэмэгдүүлсэн бодлогын асар том өөрчлөлт хэрэгтэй.
- Төсвөө тодотгож маш их мөнгө гаргаж ирж болох байсан.
- 10 их наяд дотор экспортыг дэмжсэн зээлийн төсөл явж байгаа,тэр ЖДҮ нь хамаагүй байх.
- 10 их наядын төлөвлөгөөнд. Стратегийн ач холбогдолтой салбарт 100 төсөл одоогоор судалж гаргаж зарлана Засгийн газрын 100 хоногийн өмнө гээд. Энэ ажил маань өөрөө хийгдэж байгаа. Тэгэхээр энэ ажил зарлагдаагүй байна. Ямар төслүүд орж ирж байгаа талаар одоо хэлэхэд эрт байна.