Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (CEPI), Вакцин дархлаажуулалтын глобал альянс (GAVI), ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хэрэгжүүлж байгаа КОВАКС хөтөлбөрийн шугамаар ирж буй эхний ээлжийн 14,400 тун АстраЗенека/Оксфорд вакцин Монгол Улсад ирлээ.
Вакциныг Засгийн газрын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авав.
Тэрбээр Ковакс хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа орнууд, байгууллагуудад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Ковакс бол дэлхийн олон оронд вакциныг жигд тараах зорилготой хөтөлбөр. 14400 тун вакцин бага тоо боловч том эхлэл. Манай улс хүн амын 20 хувийг Ковакс хөтөлбөрийн вакцинаар дархлаажуулна. Дэлхийд вакцинаа түрүүлж авах эхний 18 орны тоонд орсон. Олон оронд хуваарилагдаж байгаа учраас бага багаар ирэх хуваарьтай байна. Гуравдугаар сардаа багтаад 27800 тун Пфайзер компанийн вакцин ирнэ" гэлээ.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Ковид-19-ийн эсрэг вакциныг халдвараас урьдчилан сэргийлэх гар угаах, амны хаалт зүүх, бусдаас зай барих зэрэг дэглэмтэй хослуулан хэрэглэвэл цар тахлыг ялах маш чухал зэвсэг болж чадна.
ДЭМБ, CEPI, GAVI, НҮБ-ын Хүүхдийн Сан зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа АстраЗенека вакцин нь хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй.
Монгол Улс 3 дугаар сарын 11-ний байдлаар 67,000 гаруй хүнийг, тэр дундаа халдвар авах эрсдэл өндөртэй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулаад байгаа нь сайшаалтай. ДЭМБ вакциныг түгээх бэлтгэл ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цар тахлыг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, бусад түншлэгч байгууллагуудтай нягт хамтран ажилласаар байх болно” гэлээ.
ДЭМБ-аас дараагийн ээлжийн вакцин ойрын хэдэн сарын хугацаанд ирэх юм. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн зүгээс КОВИД-19-ийн дархлаажуулалтын аяны бэлтгэлийг хангахад Монгол Улсын Засгийн газарт мэргэжил, арга зүй, логистик, санхүүгийн тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна гэв.