Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-г саяхан баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД:
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
- Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
- Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
- Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.
10 их наядын төлөвлөгөөний томоохон хэсэг болох ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бодит эзэндээ саадгүй хүрч чадах эсэх, ямар эрсдэлүүд үүсэж байгааг сануулах үүднээс ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ удаа
“10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ЖДҮ-ИЙН ТҮҮХИЙГ ДАВТАХ УУ?”сэдвээр мэргэжилтнүүдийг урьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Сангийн яамны Санхүүгийн бодлогоын газрын дарга Ц.Зоригтбат
- Эдийн засагч Д.Ангар
- Голомт банкны ахлах эдийн засагч Г.Батзориг
Онцлох эшлэлээс хүргэе
Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат:
- Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 5.2% тай гарсан. Нөгөө талдаа төсвийн алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 12% тай тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нэгдсэн төсөв дээр аж ахуй нэгжүүдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт санхүүгийн дэмжлэг авахад хүндрэлтэй гэсэн үг.
- Нөгөө талдаа төв банкны үнэт цаасанд оруулах банкнуудын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны эцсийн байдлаар найман их наяд төгрөгт хүрсэн. Коронавирустай холбоотойгоор олон улсад ч зах зээлийн тодорхойгүй байдлын улмаас банкууд зээл гаргахаас илүүтэй төв банкны үнэт цаасанд хөрөнгө байршуулах хандлагатай болж байна.
- Тиймээс Засгийн газрын 10 их наядын хөтөлбөрүүдийг боловсруулах үе шатанд УИХ, Монгол банк холбогдох байгууллагууд зөвшилцөж ажилласан. Энэ хүрээнд банкнууд дээр байгаа сул мөнгөн хөрөнгийг зах зээл рүү оруулах арга замаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэр гарсан.
- 2012 онд батлагдсан хуулийн дагуу байгуулагдсан Зээлийн батлан даалтын сан гэж байгаа. Зээлийн батлан даалтын тогтолцоог идэвхжүүлье, Засгийн газар олон улсын байгууллагуудын өгдөг зөвлөгөөний дагуу ил тод татаасаа өгөөд, үүнийгээ банкнуудын эх үүсвэр дээр хэрэгжүүлэх нь зөв юм гэсэн арга замыг сонгоод өнөөдөр банкнуудтайгаа хэлэлцээд явж байна.
- Засгийн газрын тусгай сангуудын балансын аваад үзэхэд зээл олгодог сангуудын муу зээлийн хэмжээ өндөр байна. Мөн тусгай сангууд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор яамаар дамждаг, захирагч нь өөрчлөгддөг гээд үйл ажиллагааны болон хүний нөөцийн эрсдэлүүд өндөр гарсан учир энэ удаагийн зээлийг цэвэр арилжааны банкуудын эх үүсвэр дээр тулгуурлаж, банк өөрөө зээлийн шийдвэрээ гаргах системээр явна.
- Зээлдэгчид тавьж байгаа гол шаардлага нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байх. 2019 оны байдлаар чанаргүй зээлийн түүхгүй байх.Зээл олголтыг арилжааны банкууд шийдвэрлэх бөгөөд ямар нэгэн тусгай сангаар дамжих, төрийн байгууллага, албан тушаалтнаас бодлогын чиглэл өгөх зүйл байхгүй.
- ААН-үүд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулах эрсдэл мөн байгаа.Төв банкны тухай хуулиар төв банк бол Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээс гадна банкны салбарын хяналт шалгалт хийх үүрэгтэй. Зээлийг зориулалтын бусаар зарцуулах эрсдэлийг Монгол банк банкнуудтай байгуулах гэрээнд зориулалтыг тодорхой заадаг. Тухайн байгууллага, ААН цалин тавих, түрээсийн зардлаа төлөх,үндсэн хөрөнгөөс бусад бараа материал авах ийм зориулалттай зарцуулна гэж зааж байгаа.
- Мэдээж энэ гэрээнд зээлдэгчид болон банкинд тавих хариуцлагыг тодорхой заасан. Зээлдэгч 90 хоногоос дээш хугацаагаар зээлээ төлөхгүй тохиолдолд Засгийн газраас зээлийн хүүгийн татаасыг шууд зогсооно. Хэрэв зээлээ зориулалтын бусаар зарцуулсан тохиолдолд тухайн зээлийн хүүгийн татаасыг банкаар болон зээлдэгчээр төлүүлнэ. Олгож байгаа арга хэлбэр болон хяналт тавьж байгаа хэлбэр өмнөх тусгай сангаас болон бусад бодлогын зээлийн сангийн хэлбэрээс өөр байна.
- Зээлийн батлан даалтын сангийн хуулиар ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдийг тодорхойлж өгсөн. Энэ хуулийн тодорхойлолтод нийцсэн аж ахуй нэгж барьцаа хөрөнгө нь дутагдалтай нь батлагдаж байвал авсан зээлийн 60% батлан даалт гаргадаг. Аж ахуй нэгжийг дэмжих бүх зээлд батлан даалт гаргана гэсэн үг биш. Хангалттай хэмжээний барьцаа хөрөнгөтэй, барьцаа хөрөнгөө тавиад явж байгаа аж ахуй нэгж хуулиараа батлан даалт гаргах нөхцөл үүсэхгүй.
- 10 их наядын төлөвлөгөөний гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл бол ажлын байр дэмжих зээл. Бид яг тухайн ажлын нэгжийн тоо хэмжээтэй уялдуулаад тооцож олгох тооцоог хийж тавиагүй. Нэг аж ахуй нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно гэж байгаа. Тухайн аж ахуй нэгжийн зээлжих чадвар, буцааж төлөх чадвар зэрэг нь тухайн ажлын нэгжид ажиллаж байгаа ажиллагсад, тухайн жилийн орлого гэх мэт бүх зүйлээс шалтгаална. Энэ нь бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа авч яваад зээлээ төлөх чадвартай гэдэг үндэслэлээр явах ёстой.
Өөрөөр хэлбэл тухайн аж ахуй нэгжийн зээл төлөх чадвар, санхүүгийн мөнгөн урсгал гэх мэт тооцоон дээр үндэслээд банк олгоно.
- Энд нэг залруулга хийхэд Сангийн сайд мөнгө хэвлэнэ гэж хэлээгүй. Мөнгө хэвлэх гэдэг нь аль ч төв банкны өөрийн үйл ажиллагаа. Мөнгө эргэлтэд оруулах, энэ нь зохистой байна уу, хэр хэмжээндээ байна уу гэдэг л асуудал. Дээр нь мөнгөний нийлүүлэлт, хэвлэх гэдэг хоёр өөр ойлголт. Мэдээж батлагдаж байгаа хөтөлбөр нь мөнгөний бодлогын зорилт хэмжээнд баригдана. Мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэх, зохистой хэмжээнд барих, ямар хэмжээний зээл санхүүжилт байна гэдэг судалгаа тооцоонд үндэслээд, төв банктай зөвлөлдөж хийсэн.
- Финлянд, Флиппин гэх орнууд зээлийн батлан даалтын сангаа ашиглаж тухайн зээлдэгч дээр ирэх эрсдэлийг хуваах зарчмаар ААН-үүдээ дэмжиж байна. Манайд ч мөн энэ зарчмаар энэ удаагийн зээл дээр тухайн зээлдэгч 90 хоногийн хугацаанд зээлээ төлөхгүй бол батлан даасан хэмжээгээр үүрэг гүйцэтгэх зохицуулалтыг хийгээд явж байгаа.
- Банк эрсдэлээ үнэлээд зээл олгохгүй бол яах вэ гэдэг дээр зээл гэдэг нь ард нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа гэсэн үг. Тухайн бизнес зээлээ төлж чадахгүй байхад зээл олгохгүй байх нь банкны үүрэг.
- Зээлийн эрэлт их байгаа юу гэдэг тал дээр мөн л судалгаанд суурилж баталсан хөтөлбөр. Энэ хөтөлбөр өөрөө эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх гэсэн 10 их наядын төлөвлөгөө. Засгийн газрын зорилтот хөтөлбөр гэх мэт зүйл биш. Үүнийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Татварын тайлан мэдээллээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг гүйцэтгэж байгаа аж ахуйн 40 орчим хувь байгаа гэсэн тоо байгаа. Энэ нь гаргаж байгаа зээлийн хэмжээтэй харьцуулахад эрэлт их байна гэсэн үг.