2017 онд Монгол Улсын Засгийн газраас “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” боловсруулан УИХ-аар батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг ойлголт, мэдээлэлтэй болгох зорилготой “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяныг амжилттай өрнүүлж байна.
Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид тухайн хохирогчийн хүсэл, мөрөөдлийг судлан түүнд нь тохирсон мэдээллийг илгээн, өөрсдийн эрхшээлд оруулж, бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Тиймээс дэлхий нийтээрээ энэ гэмт хэргийг мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг хэмээн нэрлэж, үүнээс хамгаалах шүхэр буюу арга замыг хамтдаа эрэлхийлэн тэмцэж эхэллээ.
Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. Ингэхдээ 13.1 дүгээр зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг ялтай дүйхүйц заалт болж чадсан юм.
“Зууны мэдээ” сонины “Мөрөөдлийг хулгайлах гэмт хэргээс шүхрээ дэлгэн сэргийлэх цаг болжээ” нийтлэлд дээрх зохицуулалтын талаар хөндсөнөөс гадна өнгөрсөн онд прокуророос хүн худалдаалах 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай мэдээлжээ. Энэ нь гэмт хэрэг илрүүлэлт өмнөх үеэс 40 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 8.8 хувь нь хилээр нэвтрүүлж үйлдэгдсэн байна. Харин Эрүүгийн цагдаагийн албанд 2020 онд хүн худалдаалах 10 гэмт хэрэг, 2019 онд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн зэрэг зайлшгүй анхаарал хандуулах тоо баримтыг дурджээ.
Өнөөдөр л үүнийг таслан зогсоохгүй бол цаашид хохирогчдын нас улам залуужих аюул байгааг мэргэжлийнхэн анхааруулдаг. Тиймээс олон нийтийг хүн худалдаалах гэмт хэргийн шинж тэмдгүүдийг танин мэддэг болгох, түүнээс сэргийлж, охид бүсгүйчүүдээ хамгаалдаг, тэдэнтэй энэ сэдвээр ярилцдаг, мэдээлэлтэй нийгмийг бүтээхэд энэхүү “Мөрөөдлийн шүхэр” аян хувь нэмрээ оруулах юм. “Мөрөөдлийн шүхэр” аяны хүрээнд мэргэжлийнхний байр суурийг цувралаар хүргэж байгаа бөгөөд энэ удаад Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах, ХХМТГ-ын Шуудан, радио, телевизийн бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа болон НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн ажилтан С.Мөнхчулуун нарын өгсөн мэдээллийг хуваалцаж байна.
ХОХИРОГЧИЙГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах:
Хохирогчийг дэмжих сан байгуулаад хохирогч болсон цагаас нь эхлээд төр дэмжлэгээ үзүүлж эхлэх хэрэгтэй. Манай хуулиар бүх зардлаа халааснаасаа гаргаад баримтаа цуглуулаад шүүхэд өгөөд хохирлыг нь бодитоор олгоно гэдэг. Ингэж хохирлыг тооцдог хэдэн улс байгааг мэдэхгүй. Хүний наймааны хэрэг олон жил үргэлжилдэг. Үүний эцэст хохирогчид ямар ч нөхөн төлбөр ирдэггүй тул хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлэхийг хүсдэггүй. Зөвхөн өнгөрсөн онд Малайзаас 16 хохирогчийг буцааж авчирлаа. Хаана байгааг нь олно, аюулгүй байдлыг нь хангана, Монголд авчиртал зардлыг нь олно. Ингээд зогсохгүй эх орондоо авчраад эргэн нийгэмшүүлэх хөтөлбөрөөр 11 дэмжлэг үзүүлдэг. Зардлын ихэнхийг олон улсын байгууллагаас гаргадаг. Хохирогчийг дэмжих сантай болбол тэр сангаасаа төсвөө авна. Нөхөн төлбөрийг гэмт хэрэгтнээс гаргуулж байж энэ гэмт хэрэгтэй бүрэн тэмцэнэ. Манай төвд ирсэн хамгийн бага нь 13 настай хүүхдийн биеийг нь үнэлүүлсэн байна. Үүнийг өнөөдөр зогсоохгүй бол нас нь улам багасах эрсдэлтэй нийгэмд бид амьдарч байна. Хүн худалдаалах гэмт хэргийг зогсооход хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй, оролцоотой байх нь чухал юм.
ХЯНАЛТЫН ПРОГРАММУУДЫГ ЭЦЭГ, ЭХЧҮҮД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ
ХХМТГ-ын Шуудан, радио, телевизийн бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа:
Дижитал хэрэглээ өсөхийн хэрээр цахим орчин дахь хүүхэд хамгаалал тулгамдсан асуудал боллоо. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн. Хүүхдүүд ухаалаг утасны хязгааргүй хэрэглээнээс үүдэн оюун санаа, эрүүл мэндийн эмгэгтэй болохоос гадна бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх, садар самуунд уруу татагдаж гэмт хэрэгт өртөж байна. Эцэг эх хүүхдэдээ хараа хяналт тавиагүйгээс хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртсөнөө, хаана хандахаа мэддэггүй. Цахим орчинд зориулсан эцэг эхийн хяналтын программ олон бий. Тухайлбал, бага насны хүүхдүүдэд зориулсан “Messenger kids” гэсэн тусгай аппликейшн бий. Мөн “Parental control” аппликейшнээр хүүхдийнхээ дэлгэцийн цагийг аппликейшн болгоноор өдөрт хэдэн цаг хэрэглэхээр нь тохируулдаг. Хүүхдийнхээ утсыг хүүхдийнх гээд бүртгүүлчихлээр хэдэн цаг тоглосон, хэдэн цаг олон нийтийн сүлжээ ашигласныг нь эцэг эхийнх нь утас руу илгээдэг аппликейшн байгаа. Үүнийг судлаад эцэг эхчүүд хэрэглэж үзэх хэрэгтэй. Ekids.mn сайтаас хүүхдэд зориулсан мэдээллүүдийг аваад хүүхдийн эсрэг контентуудыг хэрхэн устгах вэ гэсэн гарын авлагуудыг харж болно.
ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ
НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төслийн ажилтан С.Мөнхчулуун:
Манай байгууллага бүтэн цагийн, хагас цагийн ажил хайж байгаа, гэр бүл нь сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарсан 18-27 насны 522 эмэгтэйн Хүн худалдаалах гэмт хэргийн /ХХГХ/ талаарх мэдлэг ойлголтыг өнгөрсөн оны зургадугаар сард судалсан. Тэдний 80 хувь нь ХХГХ-ийн талаар мэдээ, хэвлэл мэдээллээс сонссон, ерөнхийдөө мэднэ гэх боловч үүнээс 83 хувь нь хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу болох тухай нарийн мэдлэггүй байна. Тухайлбал, хөдөлмөрийн мөлжлөг гэж юу болох, Монголд үйлдэгддэг тухай болон мөлжлөгийн хэлбэр, төрлүүдийн талаар мэдэхгүй байна. Тиймээс ХХГХ, бэлгийн мөлжлөг, тус гэмт хэргийн шинж тэмдгийн талаар залуу охид, эмэгтэйчүүд, тэдний эцэг эхэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Мөн ажилд орох, ажлын санал хүлээж авах, шилжин суурьших шийдвэр гаргахдаа эцэг эхтэйгээ ярилцдаг, бодитой мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргадаг болохыг дэмжих, бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлдэг сүлжээ бий болгох нь чухал.