Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахууны худалдаа, нийлүүлэлт, шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Өнөөдрийг хүртэл нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авсан бол улсад 200 тэрбум төгрөг төвлөрөх байсан. Мөн энэ хугацаанд жолооч нар болон уул уурхайн төрийн өмчит компаниуд нэг их наядаар хохирохгүй байсан.
Хуурамч шатахууныг хадгалах стандартыг мөрдөөгүйн улмаас хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтэд шатахууны үйлдвэр шатлаа. Тухайн үйлдвэр хүн ам ихээр суурьшсан газар байсан бол том аюул болох байсан. Энэ асуудалд Ашигт малтмал, газрын тосны газар шалгалт хийгээч. Шалгасан нэр зүүгээд бэлэн тоо битгий яриач гэж хүсмээр байна.
2020 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-аас гэнэтийн шалгалт хийсэн. Хөндлөнгийн хүмүүс хамт яваад нийт 100 гаруй ШТС, 30 гаруй агуулахыг шалгасан.
Тухайн шалгалтаар бүх компаниас буюу 200 орчим зөрчил илэрсэн. Харин шатахуун импортлогч компаниуд зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, вагоноос дээж ав гэсэн. 2020 оны долоодугаар сарын 9-нд вагоноос дээж аваад дууссан. Гэтэл өнөөдрийг хүртэл шинжилгээний дүгнэлт гараагүй бөгөөд энэ нь хардлага төрүүлж байна.
Манай улсын керосины жилийн хэрэглээ 3 мянган тонн байдаг. Үүнийг хэрэглэдэг хоёрхон компани бий. Гэтэл манай улсад 2012 оноос өнөөдрийг хүртэл сая таван зуун мянган тонн керосин орж ирсэн. Үүнээс бензол гэдэг бодис ялгардаг бөгөөд хордлогын шинж тэмдэгтэй бодис. Үүний эсрэг шатахуун хэрэглэгчдийн холбоо тэмцэж байна.
Шатахуун хэрэглэгчдийн холбоо дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй албан бичиг Ерөнхий сайдад хүргүүлдэг ч тодорхой шийдэлд хүрээгүй" гэв.
Шатахуун хэрэглэгч Г.Хонгор "Чанарын шаардлага хангаагүй бензин худалдаж авснаас болоод тээврийн хэрэгсэлд минь ноцтой хохирол учраад байна. Энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр машиндаа шатахуун хийсэн. Шатахуун хийснээс хойш 28 километр яваад мотор доголдож эхэлсэн. Нэр бүхий шатахуун импортлогч компани өөрийнхөө бензинийг шинжлүүлсэн нэрээр миний буруу болгож байна.
Улаанбаатар хотод 220 мянган айл өрх байдаг. Ихэнх айлууд машинтай. Чанаргүй бензин хэрэглэсний үүднээс түлшний систем доголдох зэрэг хохирол гарч байна. Газрын тосны газрын лаборатори гэж байдаг. Хэзээ шинжилгээ хийхээ мэдэхгүй хүмүүс тэнд сууж байна. Чанарын шаардлага хангахгүй хуурамч бензинийг таслан зогсоох шаардлагатай" гэлээ.
Шатахуун хэрэглэгчдийн холбооны төлөөллүүд хуурамч шатахууны асуудлаар "Хуурамч шатахуун гарах болсон шалтгаан нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу 22 төрлийн химийн бодисыг хилээр татваргүйгээр оруулж ирж байгаа нь нөлөөлж байна. Манай улсын 1 сая нэг зуун мянган жолооч өнөөдрийг хүртэл хуурамч шатахуун хэрэглэж, иргэд хохирсоор байна. Шатахуун хэрэглэгчдийн холбооноос ажлын хэсэгт орж ажилъя гэсэн боловч тухайн ажлын хэсгүүд татан буугдаж байсан.
Мөн манай холбооноос нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд онцгой албан татвартай болох хуулийг санаачилж, өргөн барьсан ч буцсан. Харин хаврын чуулганаар энэ асуудлаар орж ирэх гэж байна. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татвартай болгосноор хуурамч шатахууны асуудлыг хумина" гэсэн тайлбарыг өглөө.