Эцэг эхчүүд олон нийтийн сүлжээнд хүүхдийнхээ зураг, бичлэгийг нийтлэх нь элбэг байдаг. Энэ нь хүүхдийн бие махбод, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар Нийгмийн сэтгэл судлалын сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Пагмадуламтай ярилцлаа.
–Зарим олны танил хүмүүс гэр бүлийн маргаандаа хүүхдээ санаатай болон санаандгүй байдлаар оруулж олон нийтийн сүлжээнд нийтэлдэг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Тухайн хүүхдийн бага насны амьдрал, эцэг эхийн үүрэг оролцоо, анхаарал халамж нь өнөөдрийн нийгмийн бие хүн болон төлөвшихөд хамгийн чухал байр суурь эзэлдэг. Эцэг эхчүүд зураг бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ хүүхэд нь насанд хүрээд нийгмийн эд эс болно гэдгийг харгалзан үздэггүй юм шиг санагддаг. Аав ээж нь хоорондоо маргалддаг, зөрчилтэй амьдралд өссөн гэдэг нь хүүхдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлнэ. Улмаар нийгэмд эзлэх байр суурь, өөртөө итгэх итгэлээ алддаг. Эсрэгээрээ хэт их олны анхааралд өртөх гэж хичээдэг болчихно. Ээж аав нь зураг бичлэгийг нь нийтлэхээ больчихвол надад хайргүй, надаас ичдэг болчхож гэж бодох нь бий.
–Хүүхдийнхээ сургууль, анги танхим гэх мэт хувийн мэдээллийг цахим сүлжээнд нийтэлдэг. Улмаар тухайн хүүхэд хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл хэр өндөр вэ?
-Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч буй тухайгаа нийтэлдэг. Тухайн өрхийн санхүүгийн байдлаас шалтгаалан хүүхдийг барьцаалах, өсвөр насны эмэгтэй хүүхдүүд бэлгийн гаж хандлагатай хүмүүсийн нүдэнд өртөх магадлалтай.
–Эцэг эхчүүд цахим орчинд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
-Хүүхдийн нүүр ил гарсан зургийг аль болох нийтлэх хэрэггүй. Цахим орчин бол хувийн орон зай гэж хүмүүс үздэг ч гэсэн энэ бол нийтийнх. Гэртээ болж буй бүх үйлдлийг олон нийтийн өмнө дэлгэж байна л гэсэн үг. Танай гэрт болж буй хэрүүл маргааныг гудамжинд явж байгаа хэн нэгэн олж харах бүрэн боломжтой.
–Үг, үйлдэл бүхнийг нь олон нийтийн сүлжээнд нийтлэх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ?
-Өсвөр насны хүүхдүүд бол харагдах байдлаасаа ичих, зугтаах тохиолдол байдаг. Хүүхдийн зургийг нийтэд түгээснээр хөндлөнгийн хүмүүсээс сайн муу маш олон сэтгэгдэл ирдэг. Үүнээс үүдэн тухайн хүүхэд нийгмээс айх айдастай болдог. Энэ нь айдсаас үүдсэн бие хүний эмгэгүүдийг үүсгэх нь бий. Нөгөө хэсэг нь өөрийн бүх үйлдлээ нийтэд түгээх хүсэлтэй болж хүмүүждэг. Муухайгаар хэлбэл бие засах тухайгаа хүртэл цахим хуудсандаа нийтлэх гэх мэт.
–Санхүүгийн бололцоо муутай хүмүүст тусламж үзүүлж байгаа зарим хүмүүс хүүхдийн зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй нийтэд түгээдэг. Энэ нь тухайн хүүхдийн нийгмийн харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлдөг юм бол?
-Хүмүүс зураг авснаараа л сайн сайхан ажил хийж байгаагаа батлан харуулж байгаа мэт санадаг болчхож. Хүүхдийг насанд хүрнэ гэдгийг хэн ч тооцож үздэггүй. Насанд хүрээд нийгмийн амьдралд орно, найз нөхөд, гэр бүлтэй болно шүү дээ. Тусламж авсан хүүхэд тухайн агшинд баярлаад зурагаа даруулчихдаг. Гэтэл цаг хугацаа өнгөрсний дараа асуудал бий болно. “Өө чи ийм амьдралтай хүн байсан юм байна шүү дээ, яаж явж байгаад өдий хэмжээнд хүрчихсэн юм” гэх мэт яриа үүсэх тохиолдол бий. Ийм зүйл хүчирхийллийн хохирогчдод ч тохиолддог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаар мэдээ, сурвалжилга бэлтгэж байгаа хэвлэлийнхэн гэрийнх нь гадаа очоод зураг, бичлэгийг нь ил болгодог. Ингэснээр тухайн хохирогч хүчирхийлэлд өртсөнөөс илүүтэй нийгмээс айх айдастай болно. Тиймээс аль болох хүүхдийнхээ зураг, бичлэгийг битгий нийтлээрэй.
–Хүүхдүүд эцэг эхдээ хувийн нууц, өсвөр насны үерхэл, анги дээр болсон үйл явдлынхаа талаар хуваалцдаг. Гэтэл эцэг эх нь нууцаар бичлэг хийгээд цахим орчинд нийтлэх нь элбэг. Энэ талаар?
-Хэдэн настай хүүхэд вэ? гэдгээс шалтгаална. Жишээлбэл өсвөр насны охидуудын хувьд анх удаа сарын тэмдэг ирэх үед хамгийн түрүүнд ээждээ ханддаг. Гэтэл ээж нь энэ тухай дотны найздаа ярих тохиолдол бий. Үнэхээр таны хүүхэд “Ээжээ, ааваа энэ нууц шүү” гэж ярьж байгаа тохиолдолд битгий задлаарай. Хамгийн их нууцтай, ярих сэдэвтэй нас бол өсвөр үе. Тэдний хувьд “хэнд итгэх вэ” гэдэг хамгийн чухал асуудал. Нэг удаа итгэлийг нь алдсан тохиолдолд насан туршдаа дахин хэзээ ч итгэхгүй байх нь бий. Хүүхэд наснаасаа эхлэн сэтгэл зүй нь гэмтчихнэ. Бага насны хүүхдийг жоохон юм чинь гэж үл тоодог. Гэтэл 0-7 нас хүртэл хүүхдийн тархины хөгжлийн 70 хувь нь явагддаг. Ээж гэдэг хүн намайг хамгаална гээд итгэчихсэн байтал ээж нууцыг нь задруулчихсан. Ингэснээр хүүхдэд “Ээж маань надад хайртай юу, үгүй юу” гэсэн эргэлзээ төрч эхэлдэг. Ирээдүйд эхнэр, нөхөртөө итгэхээ больчих ч юм билүү. Өнөөдөр таны нэр дээр харьяалагдаж, танаар овоглож байгаа ч гэсэн ирээдүйд нийгмийн хүрээлэлд орно шүү. Магадгүй монгол улсад нэр нөлөө бүхий алдартай хүн болох ч юм билүү. Хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахыг хүсэж л байгаа бол битгий сөрөг зүйл хийгээрэй.
Ярилцсанд баярлалаа