Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улс даяар арваннэгдүгээр сарын 11-ээс хөл хорио тогтоосон. Энэхүү гэнэтийн шийдвэрийн улмаас ААН болон худалдаа эрхлэгчид санхүүгийн эрсдэлд орж эхэлсэн юм. Тухайлбал улирлын чанартай бэлэн хувцасны худалдаачид хөл хориог тооцоолоогүй өвлийн бараагаа татсан ба хөл хориог сулруулж хэвийн ажиллаж эхэлсэн боловч эрэлт багассанаар бизнес нь зогсонги байдалтай нүүр тулжээ.
Энэ талаар “Хархорин” худалдааны төвийн худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.
“Хархорин” худалдааны төвийн худалдаа эрхлэгчид:
“Хархорин” худалдааны төв болон бүх Монголд байгаа жижиг бизнес эрхлэгчид нийт 96 хоног хөл хорионд байлаа. Энэ хугацаанд санхүүгийн асар их дарамтад орсон. Манай худалдааны төвийн зөвхөн зургаадугаар давхрын худалдаачид гэхэд эрэлттэй үеэ тохируулан өвлийн хувцас, куртик зардаг хүмүүс. Тэдгээр хүмүүс өнөөдөр 200 тэрбум гаруй төгрөгийн алдагдал орсон. Энэ алдагдлыг нөхөхийн тулд Монгол Улсын Засгийн газраас нөхөн олговор олгох хэрэгтэй. Мөн Засгийн газрын үйл ажиллагаа буруу явагдаж, хөл хорио буруу үед сулруулж, бид үйл ажиллагаа явуулалгүй 96 хоног болсон байна. Бид улирлаар алдагдалд орлоо. МУ-ын Засгийн газар бидэнд тэтгэмж биш, тэтгэлэг биш нөхөн олговор олгох шаардлагатай байна. Засгийн газар буруу үйл ажиллагаа явуулж, бид хохирлоо. Одоо харин нийтэд тархсаны дараагаар биднийг хэвийн үйл ажиллагаанд оруулж байгаа юм. Үүнээс гадна юанийн алдагдалд мөн орсон. Арваннэгдүгээр сард 395 юань байсан одоо 450 юань болсон байна. Авсан бараа маань урд үнэ нь 25 мянга, гэтэл бид бараагаа 25 мянгаар зарж байна.
Хөл хорио нь жижиг бизнес эрхлэгчдийн хувьд багагүй хүнд цохилт болсон. Бэлэн хувцасны худалдаа эрхэлж байгаа түрээслэгчдийн хувьд арваннэгдүгээр сард эрэлттэй бараа буюу сезоны бараагаа татсан байсан үе. Энэ үеэр байсан бэлэн бүх мөнгөө бид шавхсан. Ингээд хоёр сар гаран хөл хорионд орсны дараагаар авсан бараагаа хэрхэн зарж борлуулах асуудал тулгарсан юм. Санхүүгийн хувьд хүнд үеийг бид өнгөрүүлж байна. Энэ тал дээр төр засаг дэмжлэг байдаг бол дэмжээсэй. Энэ цаг үед “Хархорин” худалдааны төвийн захиргааны зүгээс бидэнд тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлж байгаа нь дэмжлэг болж байна.
Хөл хорио эхлэхийн өмнө өвлийн хувцас буюу зузаан хувцсаа татсан байсан. Гэтэл одоо хавар цаг болоод ирэхэд өвлийн хувцаснууд тэр хэвээрээ байна. Дараа өвөл хүртэл агуулахад хадгалагдаж байгаа учраас мөнгө түгжигдэж эхэлсэн. Өвлийн бараагаа борлуулах боломжгүй болсон учир бид хаврын хувцсаа татан авахад хүндрэлтэй санхүүгийн чадамж хүрэлцэхгүй байна.