ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч байгууллагуудын ШТС, түүний тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийлээ. Энэ хяналт шалгалтын ажлыг ШӨХТГ-аас ахалж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны төлөөллүүд оролцлоо.
Өнөөдөр хяналт шалгалтын ажлын дүнг нийтэд мэдээлж, хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.
2020 он гарснаас хойш шатахуунтай холбоотой гурван хяналт, шалгалт хийгдлээ.
1. ШӨХТГ-аас ахлан МХЕГ, АМГТХЭГ, Стандарт хэмжил зүйн газруудтай хамтран 2020 оны 5 дугаар сараас Нийслэлийн хэмжээнд худалдагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шалгалт хийлээ. Энэ шалгалт 2 үе шаттай явагдсан. Эхний үе шат нь зөвхөн Улаанбаатар хотод байгаа ШТС-уудаас түүвэрчилсэн байдлаар дээж авч, АМГТХЭГ-ын харьяа уул уурхай, газрын тосны лабораторид шинжлүүлж, мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргалаа. Энэ дүгнэлтээр нийт 20 аж ахуй эрхлэгчийн 19 ШТС, авто бензиний 22 дээж, дизель түлшний 10 дээж нь Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг хангахгүй байна гэсэн хариу гарлаа. Ингээд хоёр дахь шатны хяналт шалгалт хийж, дээрх дүгнэлтийг баталгаажуулах шаардлага үүссэн учраас импортоор орж ирж байгаа “Роснефть” компанийн газрын тосны бүтээгдэхүүнээс 20 гаруй дээж авч, АМГТХЭГ-ын харьяа уул уурхай газрын тосны лабораторид өгсөн. Гэвч 6,7-р сард өгсөн шинжилгээний хариу өнөөдрийг хүртэл гарахгүй байгаа талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Энэ шинжилгээний хариу гарч байж дотоодод зарагдаж байгаа газрын тосны бүтээгдэхүүн нь үнэхээр стандартын шаардлага хангаж байгаа юу, үгүй юу эсэх нь тодорхой болно. Тиймээс энэ шинжилгээний хариуг яаралтай гаргаж өгөхийг АМГТХЭГ-ын харьяа уул уурхай, газрын тосны лабораторийн удирдлагууд, Газрын тосны хэрэг эрхлэх газарт удаа дараа албан тоотоор хандсан ч үр дүн өнөөдрийг хүртэл гарахгүй байна. Иймд шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шинжилгээний хариуг яаралтай эцэслэн гаргаж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлэн ажиллаж байна.
2. Дараагийн хяналт шалгалт энэ оны наймдугаар сарын 6-ний өдөр хийгдлээ. Шалгалтаар шатахууны жижиглэн худалдааны үнэ нэмсэн асуудал нь үндэслэлтэй эсэхийг шалгахад ШТС-ууд үнээ ил тод мэдээлдэггүй, албан ёсны тушаал шийдвэр гараагүй байхад хууль зөрчин үнэ нэмдэг зөрчил илэрлээ. Энэ шалгалтыг хийхийн тулд АМГТХЭХГ-ын харъяа “Эрчэс ойл” ТӨХК, холбогдох 17 аж ахуй эрхлэгчдээс мэдээ мэдээлэл гаргуулан авч нэгтгэлээ. Иймээс ШӨХТГ-аас жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.
3. Түүнчлэн 2020 оны 09 сарын 4-6-ний өдрүүдэд ШТС-уудын шатахуун хадгалах, нөөцлөх савны цэвэрлэгээ, бохирдлын нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар түүвэрлэн авсан 7 ШТС-уудаас 4 нь шатахуун хадгалах савнаас нь бохирдол буюу ус илэрсэн байна. Үүнд:
– Эхний дүгнэлтээр “Тэс петролиум” ХХК-ийн ШТС-7-ийн дизель түлш болон АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрсэн.
– Эхний дүгнэлтээр “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-32-ын АИ-95 авто бензиний савнаас ус илэрсэн. Бага зэргийн лаг наалдаж гарч ирсэн.
– Эхний дүгнэлтээр “Синчи Ойл” ХХК-ийн SUPER 92 ШТС-2-ын АИ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрсэн.
– Эхний дүгнэлтээр “Петро жамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ-92 авто бензиний савнаас ус илэрсэн байна.
ШТС-ууд шатахуун хадгалах савыг цэвэрлэх зөвлөмжийг хэрэгжүүлж ажилладаг гэх боловч бүрэн хэрэгжүүлж ажилладаггүй нь энэ шалгалтаар нотлогдлоо. Улмаар МХЕГ-ын холбогдох улсын байцаагчид чиг үүргийнхээ дагуу үргэлжлүүлэн шалгаж байна.