Энэ сарын 15-нд болсон УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан билээ. Тухайн хууль ирэх гуравдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхлэх юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс тус хуулийн хоёр заалт дээр хориг тавьсан билээ. Хоригийг УИХ чуулганаараа хэлэлцэнэ. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай хориг тойрсон асуудал болоод Шүүхийн тухай хуулийн чухал заалтууд, өөрчлөлт, шинэчлэлтийн талаар ярилцлаа.
Тэрбээр, "Шүүхийн тухай хууль нэлээн адал явдалтай төгсгөл рүүгээ орж байна. Сүүлийн арван жил шүүх засаглал асуудалтай байна, дорвитой шинэчлэл хийх хэрэгтэй гэж ярьцгааж ирсэн. Үүний гол зорилго нь иргэдээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаажуулах. Өнгөрсөн онд баталсан нэмэлт, өөрчлөлтийн хоёр чухал заалт нь шүүх эрх мэдэлтэй шууд хамааралтай. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгоно. Энд зааснаас бусад эрхийг олгохгүй гэж заасан. Үндсэн хуульд Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлтэй холбоотой бүх шатны шүүгчдийг томилох, Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх бий. Тэр эрхийг хэвээр хадгалж буй. Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг УИХ булаагаад авчихсан юм шиг ойлголт яваад байна. Шүүх эрх мэдлийг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь Ерөнхийлөгчид бий. Үндсэн хуульд зааснаас гадна шүүх эрх мэдлийн талаар маш олон эрхийг төвлөрүүлсэн байсан.
Үүнд, бүх шатны ерөнхий шүүгчид, шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүд, ёс зүйн хорооны бүх гишүүдийг Ерөнхийлөгч томилно.
Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэл нэг хүний гарт уяатай байна. Үүнд УИХ, Засгийн Газар оролцдоггүй. Ард түмнээс ч хаалттай нууц. Яагаад нууц гэж байна гэхээр шүүх засаглалын бүх гишүүдийг бид мэдэхгүй. Хуульчдаас шүүгчдийг шилж сонгох үүрэгтэй хүмүүсийг томилж байгаа учраас хэнийг сонгон шалгаруулалтад тэнцүүлэх, нэр дэвшүүлэхийг захиалдаг. Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр ноцтой үг хэлсэн шүү дээ. Эхлээд өргөдлийг нь он сар өдөргүйгээр бичүүлж авдаг гэж. Дараа нь үгэнд нь орохгүй бол огноог нь бичээд өөрийнх нь хүсэлтээр гэж ажлаас нь халдаг. Шүүгч хэрвээ үгэнд орохгүй бол хариуцлага тооцох ёс зүйн хороо нь өөрийнх нь гарт бий. Ажлын хэсэгт ажиллаж байх үедээ олон шүүгчтэй уулзаж байсан. Ёс зүйн хорооны зарим нөхдүүд шүүгчдийг “чиний хувь заяа миний гарт байна” гэж дарамталдаг гэнэ. Энэ бүх эрх мэдэл нэг хүний гарт буюу Ерөнхийлөгчид бий. Өөрөөр хэлбэл хэмжээгүй их эрхтэй. Энэ эрх мэдлээр дамжуулаад бизнесийг дээрэмддэг, өрсөлдөгчөө намнадаг, захиалга өгдөг. УИХ-ын чуулган дээр хүнд хэдэн жилийн ял өгөхийг хэлдэг гэж яригдсан шүү дээ. Энэ арай хэтэрч байна. Тиймээс шүүхийн тухай хуулиар хоёр асуудал дээр шүүгчдийг гав дөнгөнөөс нь салгахыг хүссэн юм. Улс төрчдийн нөлөөллийг алга болгохын тулд шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хорооны тал гишүүдийг шүүгчид нууцаар санал хурааж сонгоно. Энэ нь шүүгчид улс төрийн эрх мэдэлтнүүдээс өөрсдийгөө хамгаалах дархлаатай болгож байгаа юм. Тавин хувь гэдэг бол ямар ч шийдвэрийг гаргуулахгүй байх хүч.
УИХ, Ерөнхийлөгч, гишүүд, сайд нар шүүгчидтэй уулзахдаа протоколтой уулзаж, тэмдэглэл үйлдэнэ.
Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцээр орж огцрох ёстой гэсэн заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. Дээр хэлсэнчлэн ерөнхий шүүгчдийг Ерөнхийлөгч томилж байгаа. Зарим шүүгчдийг ерөнхий шүүгч нар нь “би хоёр удаагийн зарлигтай хүн шүү” гэж дарамталдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, шүүгч, ерөнхий шүүгч хоёрын зарлигтай. Шүүх эрх мэдэлд ямар ч дарга байх ёсгүй. Ганцхан хуульд л захирагдах ёстой. Энэ тогтолцоог устгасан" хэмээсэн юм.