Өрөг.мн сайт 2020 онд худалдаанд гарсан онцлох номуудыг уншигч танд цувралаар хүргэж байна. Бид энэ удаад МонСудар хэвлэлийн газрын эрхлэн гаргасан бүтээлүүдээс онцлох таван номыг нэрлэлээ. Энэхүү номын жагсаалтыг гаргахад тусалж, мэдээллээ хуваалцсан Мон Судар хэвлэлийн газарт талархлаа.
Larousse Gastronomique – Сонгодог зоогийн нэвтэрхий толь
“Сонгодог зоогийн нэвтэрхий толь”-ийг монгол хэлнээ албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан гаргалаа. Энэхүү ном нь олон төрлийн зоогийн гарал үүсэл, түүхий эд, түүгээр бэлтгэх дэлхийн улс орны уламжлалт зоог, хоол үйлдвэрлэлийн технологи гээд нийт 4000 орчим нэршлийн дэлгэрэнгүй тайлбартай, 1200 гаруй өнгөт болон хар, цагаан зурагтай, 1448 нүүр бүхий дэлхийн хамгийн том хоол хүнсний нэвтэрхий толь юм.
Одиссэй – Хомер
Илиада болон Одиссэй хэмээх хоёр туульсыг барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлүүд гэж тооцдог. НТӨ /нийтийн тооллын өмнөх/ 725-675 оны хооронд анх Илиада нь, арай сүүлд Одиссэй нь зохиогдсон хэмээн тооцогддог эдгээр туульс олон зууныг дамжин өнөө бидний үед ирэхдээ ач холбогдол нь асар өндөр болжээ. Энэ хоёр туулийг олон талаас нь судалж, тайлбарлаж, шүүмжилж, дэлхийн бараг бүхий л хэлэнд хөрвүүлж, янз бүрээр хялбаршуулж, өөрчлөн найруулсан. Гэвч эдгээр туулийг бичиж туурвисан зохиогчдын тухай асуудал өнөөг хүртэл маргаан дагуулсаар.Эртний үеийн ганц сод туурвилч, элдэв янзын домог таавар дагуулсан сохор туульч Хомэр зохиосон гэдэг үнэн болов уу? Эсвэл хожмоо бичиж буулгаж авахаас нь өмнө олон олон туульч үеэс үе дамнуулан зохиож, уламжлан өвлүүлснийг бэлгэдэл маягаар энэ хүмүүнд оноож данслав уу? Хоёр туульсыг нэг зохиогчийн бүтээл гэх эхний таамаг үнэн байж таарвал дараа дараагийн асуултууд хөвөрнө. Хомэр тухайн цаг үед тун цөөхөн байж таарах, бичиг үсэгт тайлагдсан хэдхэн хүний нэг байв уу, эсвэл ийм том хэмжээний цогц бүтээлийг бичиж тэмдэглэлгүй цээжээрээ зохион хэлэх боломжтой хэрэг үү? Энэ хоёр туульсыг үнэхээр Хомэр зохиосон юм болов уу?
Алдагдсан зүйлийн жагсаалт – Юдит Шаланский
Монсудар хэвлэлийн газар Германы зохиолч Юдит Шаланскийн 2018 онд гарсан даруйдаа дэлхийн олон орны уншигчдын анхаарлыг татсан нэгэн бүтээл 2020 онд хэвлэгдсэн юм. Харьцангуй шинэ энэхүү бүтээлийг Мерк компани ба Goethe-Institut Mongolei-ээс хэрэгжүүлж буй “Хамтын орчуулга” төслийн 2 дахь бүтээл болон гарчээ. Энэ номыг гаднаас нь ч, дотроос нь харсан элж хуучрах, элэгдэж үрэгдэх хорвоогийн жамыг уншигч танд санагдуулах болно. Зохиолч Юдит Шаланский номоо бичээд зогсохгүй, харагдах үзэмжийг ч өөрөө зохиомжилж, хэлбэр ба агуулгыг нэг санаанд зангидан цогц бүтээл туурвижээ.
Карамазовын хөвүүд – Фёдор Достоевский
Хүний доторх муу муухай бүхэн хаанаас эхтэй байдаг вэ, бид үүнийг ялан дийлж чаддаг уу? Бурхан гэж байдаг уу? Хэрэв бурхан байдаг бол орчлон хорвоо дээрх муу муухай бүхнийг тэр яагаад хүлцэн тэвчинэ вэ? Хэрэв байдаггүй юм бол хүмүүс бид итгэл найдвараа алдаж, цөхөрчхөлгүйгээр энэ хорвоо дээр яаж амьдрах вэ? Бас энэ нийгмээ эмх замбараагүй байдал, анархизмд хүрэлгүйгээр хэрхэн авч явах вэ? Номын тухай дэлгэрэнгүй: http://www.monsudar.mn/books/view/512/
Монголын нууц товчоон – Б.Батцэцэг, Б.Төрмөнх
Эртний сод туурвил болох Монголын нууц товчоог орчин үеийн хүүхэд залууст хүргэхэд дөхөм болгохын тулд үг хэллэг болоод утга агуулгыг илүү ойлгомжтой болгон найруулан гаргасан бүтээл.