Өрөг.мн сайт 2020 онд худалдаанд гарсан онцлох номуудыг уншигч танд цувралаар хүргэж байна. Бид энэ удаа ТАГТАА хэвлэлийн газрын эрхлэн гаргасан бүтээлүүдээс онцлох таван ном нэрлэлээ. Энэхүү номын жагсаалтыг гаргаж тусалсан, мэдээллээ хуваалцсан ТАГТАА хэвлэлийн газарт талархлаа.
Турк, Британийн зохиолч Элиф Шафакийн “Хайрын дөчин дүрэм” роман
Туркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ. Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ.
Орчуулагч: Б.Сувддулам
Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа
Техник редактор: Ж.Тэгшзаяа
Хавтасны зураг: Л.Нямдорж
Хавтасны дизайн: Б.Билгүүн
Английн зохиолч Нил Гейманы “Коралайн”
Энэхүү тууж 2002 онд хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртэж байв. The Guardiаn сэтгүүлээс “Коралайн” туужийг 21 дүгээр зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэж байлаа.
Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцох болсон билээ. “Коралайн” туужаас сэдэвлэн 2009 онд ижил нэртэй анимэйшн кино бүтээгдсэн нь хүүхдүүд төдийгүй томчуудын талархлыг хүлээж, тухайн ондоо шилдэг анимэйшн бүрэн хэмжээний кино төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв. Түгжээтэй хаалга нээгээд л Нарниагийн гайхамшигт аялал эхэлдэг шиг, Алиса туулайн нүх рүү унаад цочирдом жигтэй аялалын эргүүлэгт татагдан ордог шиг Коралайнтай хамт нууцлаг хаалгаар нэвтрэн ормогцоо та хайр, ид шид, саарыг ялан дийлэх сайн сайхны хүчинд эрхгүй итгэх болно.
Орчуулагч: Аюушийн Анударь
Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа
Орчуулгын редактор: Ж. Тэгшзаяа
Номын дотоод зураач: Баттулгын Төгсжаргал
Номын хавтасны зураач: Л.Нямдорж
Номын дизайнер: Б.Билгүүн
Хятадын алдартай хүүхдийн зохиолч, Ханс Христиан Андерсаны нэрэмжит шагналт Жан Жылүгийн хамгийн алдартай бүтээл бол түүний 1987 онд хэвлүүлсэн "Цахилгаан жаал"
Энэ бол хүүхдийн роман. Байгалиас заяасан ер бусын чадвараасаа болж бусдад ад шоо үзэгдэн гадуурхагдаж буй нэгэн хүүгийн түүхээр дамжуулан хүч чадлаа эгнэгт сайн сайхны төлөө зориулсны хариуд хүн юунд хүрч болдгийг харуулсан энэ зохиол үе үеийн олон хүүхдэд урам зориг, итгэл өгч, хүнлэг, сэтгэлийн хаттай хүмүүс болон төлөвшихөд нь тусалсан билээ. Мөнхүү энэ зохиол хүүхдийн ертөнцийг хал үзэж, хашир суусан томчуудын нүдээр дээрээс нь тонгойж харах бус тэдний өөрсдийнх нь гэнэн цайлган, хиргүй тунгалаг нүдээр дэргэдээс нь харах боломжийг ч томчуудад олгодог. Хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө онцгой, сод! Тэр онцгой сод чанараа хүүхэд өөрөө олж анзаарах, үнэлэх нь хамгийн чухал! Цахилгаан жаалын уйдамгүй адал явдлууд ертөнцийн сод хүүхдүүдэд сэтгэлийн хань, урам зориг, нугаршгүй итгэл бэлэглэх болтугай!
Зохиолч: Жан Жылү
Орчуулагч: Батсайханы Сувддулам
Номын зураач: Лхаасүрэнгийн Нямдорж
Ариутган шүүгч: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Дизайнер: Баярмагнайн Билгүүн
Солонгос, Германы философич Хан Бён Чолийн “Тамирдсан нийгэм” нэгэн сэдэвт философийн бүтээл
Эдүгээгийн өрсөлдөөнт, тав тухад чиглэсэн нийгмийг Хан Бён Чоль “Амжилтын нийгэм” гэж тодорхойлжээ. Хуучны дэг журамт нийгмээс ялгаатай нь эл эринд хүмүүс нийгмийн институцийн эрэг шурга болон, бусдын захиргаадал дор ажиллах бус, зөвхөн өөрийн дур зоргоор, өөрийн төлөө ажиллана. Гэвч зөвхөн өөрийн төлөө л хичээх энэ амтат эрх чөлөө үнэндээ чөлөөлөлт биш, туйлын эгоныхоо хязгааргүй шуналд зогсоо чөлөөгүй талхиулах шинэ төрлийн боолчлол байсан юмсанж. Өөрийн эгоны шуналд хязгаар үгүй тул бид туйлдталаа зүтгэж, тамирдталаа шамдсаар эцэст нь ажлаас халшрах эмгэг, сэтгэл гутралын баглаасандаа тэрийн ойчном бус уу.
Солонгос, Германы философич Хан Бён Чоль бол Европ төдийгүй барууны ертөнцөд хамгийн түгээмэл уншигддаг, бүтээлүүд нь дэлхийн маш олон оронд орчуулагдсан, шинэ хэлнээ хэвлэгдэх бүртээ академик орчин болон олон нийтийн дунд баялаг яриа хөөрөөг дэгдээж чаддаг, нэн шинэ үеийн тун сонирхолтой сэтгэгчдийн нэг билээ. Тэрээр эдүгээ Берлиний Урлагийн Их Сургуульд багшилж байна.
Зохиогч: Хан Бён Чоль
Орчуулагч: Амарсанаагийн Амармэнд
Редактор: Батсуурийн Баясгалан
Хавтасны дизайнер: Зандангаравын Мандах
Нобелийн шагналт зохиолч Мө Янийн “Мэлхий” роман
Дэлхийн орчин цагийн утга зохиолын үгүйсгэгдэшгүй тод дүр, “төрсөн нутгийн ой санамжаар” дамжуулан нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч Мө Янийн хамгийн алдартай бүтээл "Мэлхий"-г Тагтаа Паблишинг 2020 онд хэвлэн гаргалаа. Бүхэл бүтэн нэгэн үеийн бие хийгээд сэтгэлийн өлсгөлөнг илчлэхийг урьтал болгосон эл бүтээлээрээ Мө Янь хувь хүнийхээ хувьд ч хамаг л гэм буруу, нүгэл хилэнцээ уншигчдын өмнө хайр найргүй тайчин хаясан бөгөөд ингэж чадсаных нь төлөө түүнийг “тайтгаршгүй романч”, “өлсгөлөн, гэм зэмийн бичээч” хэмээн нэрлэдэг. Тэрээр хүүрнэл зохиолын том хэмжээний арав гаран бүтээл хэвлүүлснээс “Мэлхий” (2009) роман нь орчин үеийн туурвил зүйд хятадын үлгэр домгийн өнгө аясыг гарамгай сүлэлдүүлж чадсан онцгой бүтээл юм. Тиймээс ч Мө Янь халлиуцинатор (хий үзэгдлийн) реализмыг домог сэлт, түүхэн бичлэг, орчин цагийн сэдэвтэй гарамгай хоршуулсны учир 2012 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртжээ. "Ядуу гачуугийн гашуун зовлон, төрүүлсэн ээжийн минь гунигтай амьдрал, ганцаардаж энэлсэндээ эд зүйлсийг амь оруулж, амьтдыг хүнээр сэтгэх болсон бага нас, хувь тавилангийн гарах гарцгүй байдал, өнөөгийн Хятад улс байгаагүй бол би зохиолч болохгүй байсан" хэмээн тэрээр өгүүлсэн нь бий. Мө Янь хэмээх бичгийн нэрээрээ уншигч бидэнд танигдсан Гуан Мо Еэгийн хамгийн сүүлд хэвлүүлсэн бүтээл бол "Мэлхий".
Орчуулагч: Амарбаатарын Урантогос
Уран сайхны редактор: Ороолонгийн Элбэгтөгс
Ерөнхий редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Номын хавтасны зураг: Лхаасүрэнгийн Нямдорж
Номын дизайн: Зандангаравын Мандах