Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Үүнд антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг ОНЦОЛЛОО. Учир нь тэр "Монгол дахь төр, олон нийтийн хөдөлгөөн, алтны уурхай: Неолиберал бодлого боловсруулахуй" бүтээлээ барууны өндөр зэрэглэлийн хэвлэлийн газраар хэвлүүлсэн юм. Энэ нь Монгол улсын хэмжээнд нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт сүүлийн есөн жил тасалдаад байсан орон зайг нөхсөн явдал болсон билээ.
Та өөрөө Антропологич буюу хүн судлаач. Томоохон сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү. Таны судалгаа болон энэхүү бүтээлээрээ юу хэлэв?
Эрдмийн их олз омогтой сайхан жил байлаа. Лондонгийн их сургуулийн нэгэн салбар сургууль болох Universe Collage London гэж байдаг. Анхандаа коллеж байж байгаад сүүлдээ их сургууль болчихсон. Энд 3,4 орчим жил суурин судалгаа хийгээд буцаж ирсний дараа бүтээл маань гарсан. Төр болоод олон нийтийн хөдөлгөөн алтны уурхай, шинэ Либерал бодлогыг хэрхэн Англиар бол Shaping буюу тодорхой хэлбэрт оруулах гэсэн үг л дээ. Иймэрхүү эдийн засаг, улс төр, уул уурхай мөн уул уурхайн эсрэг тэмцэж байгаа байгаль орчны хөдөлгөөнүүд, засаглалын асуудлыг энэ бүтээлдээ хөндөж бичихийг оролдсон.
Энэ бүтээлээрээ ямар асуудлуудыг гаргасан бэ?
2014,2015 оны үед миний ажилласан энэ сургуулийн Антропологийн тэнхимд Монголын эдийн засгийг судлах, тэр дундаа эдийн засгийн Антропологийн үүднээс судлах, Европын судалгааны зөвлөлийн томоохон төсөл хэрэгжиж эхэлсэн. Түүнд судалгааны төлөвлөгөөгөө бичиж өгсөн. Монголыг судалдаг бас Кембриж Эмпсон гээд профессор байдаг. Энэ төслийнхөө хүрээнд таван үндсэн судлаач шалгаруулж авсан. Тэр таван үндсэн судлаачын нэгээр би шалгараад очсон. Шалгаруулалтад ороход ерөнхийдөө эдийн засаг, улс төр соёлын хамааралтай сэдэв байх нь ерөнхий төслийн агуулгаас харахад тодорхой байсан. Мэдээж Монголыг судалдаг, энэ асуудлыг судалдаг зөвхөн Монголын биш гаднын олон эрдэмтэн, залуучууд материал өгч өрсөлдсөн. Би тэр дунд материалаа өгч байхдаа юу судалбал тэнцэх вэ, юу хийвэл Европын судалгааны Консул сонирхолтой судалгаа байна гэж онцолж тэр тэтгэлгийг надад өгөх вэ гэдгийг бодсон. Тэгж бодоод орчин үед хамгийн сонирхолтой зүйл бол дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаа, дэлхий нийтэд тулгамдаад байгаа сэдвүүдийг бодож үзсэн. Үүн дотор Байгаль орчны асуудал орж ирж байгаа юм. Тийм учраас би үүн дээр нийтийн хөдөлгөөн буюу байгаль орчны хөдөлгөөн, уул уурхайн ямар нэгэн эрсдлээс орон нутгаа хамгаалах гэсэн олон янзын хөдөлгөөнүүд байдаг. Нөгөө талдаа үндсэрхэг хөдөлгөөн, эдийн засаг хүн төрөлхтөнд маш чухал томоохон байр суурийг эзэлдэг.
Барууны сэтгүүл гэхээр өндөр шаардлагатай сэтгүүлийг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр мэргэжлийн энэ сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхявц их амаргүй байдаг. Үүнийг хэрхэн давсан бэ?
Шинжлэх ухааны дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа ерөнхий нэг загвар гэх юмуу, өөрийн гэсэн дүрэм журмаар явдаг зарчим байдаг. Өнөөдөр Монголд хэрэгжиж байгаа дүрэм журам үүнээс арай өөр байдаг. Тэр шалгуур, хэмжүүр ер нь төвөгтэй нь үнэн. Жишээ нь, Англи хэл миний төрөлх хэл биш учраас хэлний асуудал гарч ирнэ. Олон жилийн өмнөөс англи хэл үзсэн ч гэсэн судалгааны бүтээл англи хэл дээр хийнэ гэдэг амар зүйл биш. Нөгөө талаасаа энэ зүгээр нэг өдрийн тэмдэглэл биш шинжлэх ухааны бүтээл. Яг одоо үүнтэй холбоотой Антропологийн болоод бусад холбогдолтой уул уурхайн салбар, газар зүй, байгаль орчин гэх мэт олон салбарын бүтээлүүдийг уншина. Яг Монголд болж байгаатай төстэй үйл явдал өрнөж буй улсууд болох Латин Америк, Африк, Өмнөд Ази, Номхон далайн орнуудад гээд олон газар болж байдаг. Тэгэхээр төстэй судалгаануудыг бүгдийг нь уншаад үүн дээрээ судалгааны санал шүүмж бичнэ. Миний судалгаа бол өмнө гарсан энэ судалгаанаас ийм юмаар өөр юмаа гэдгийг гаргах нь үнэнийг хэлэхэд хүнд ажил байдаг.
Тэр нь шинжлэх ухааны төвшинд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Дэлхийн томоохон сургуулиуд бүгд өөр өөрийн гэсэн хэвлэн нийтлэгчтэй. Энэ хэвлэлийн компаниудыг зэрэглэлээр нь жагсаадаг. Нэг зүйлийг мартахаасаа өмнө хэлэхэд энэ бүтээлийг маань үнэлээд Монголын Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулиас шилдэг эрдэм шинжилгээний бүтээл шагналыг оны сүүлд надад өгсөн. Энэ шагналыг өгсөн МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийнхан ялангуяа захирал Заяа багш тэргүүтэй хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Нийгэм хүмүүнлэгийн ухаанд монографи ийм бүтээл хэвлүүлнэ гэдэг нь маш чухал байдаг. Магадгүй байгалийн ухаанд шилдэг сэтгүүлд өгүүллэг хэвлүүлчихвэл бас чухал. Бидний хувьд ч гэсэн өгүүллэг хэвлүүлэх нь чухал. Миний хувьд мөн олон янзын өгүүллүүд байгаа. Үүнээс илүү ном хэвлүүлэх чухал. Жишээ нь энэ ном зургаан бүлэгтэй, удиртгалтай, дүгнэлттэй гээд үзвэл бараг найман хэсэг байгаа. Салгаад өгвөл эрдэм шинжилгээний томоохон хэвлэлүүдэд хэвлүүлбэл найм, есөн өгүүлэл болчхоор тус тусдаа эрдэм шинжилгээний томоохон санааг дэвшүүлсэн ном байгаа. Үндсэндээ сэтгүүлээр тооцвол найман өгүүлэл багтсан гэж хэлж болохоор юм. Тасалдаад байсан гэдэг нь яг нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр манай Монгол эрдэмтэд бүтээл хэвлүүлж байгаа л даа. Гадаадад ажилладаг Монголчууд бас байгаа. Яг Монголын их сургуульд орон тооны албан ёсны ажилтай ч гадна хэвлүүлсэн тохиолдол харьцангуй цөөхөн. Яг одоо ажиллаж байгаа Мандахаа эгч, Кембрижийн их сургуульд Булга гуай ажиллаж байгаа гэх мэтчилэн орон тооны багш нар байнга бүтээлээ хэвлүүлж байгаа. Олон жилийн өмнө Оксфордод доктор хамгаалсан түүхийн танхимын Баярсайхан багш бүтээлээ хэвлүүлсэн.
Монгол хэл дээр унших боломж байх болов уу?
Ерөнхийдөө бид бүтээлээ шууд Англи хэл дээр бичихгүй бол дараа нь орчуулгын ажил гэж хоёр удаа бичих болчихдог асар том ажил гарна. Эх хувь нь Англи хэл дээр хэвлэгдсэн байх шаардлага тавьдаг. Тиймээс шууд англи хэл дээр бичсэн. Монгол дээр хэзээ нэгэн цагт орчуулагдаж гарах байх гэж найдаж байна. Үүнийг орчуулна гэвэл их ажил болно. Би өөрөө орчуулж амжих эсэхээ хэлж мэдэхгүй байна. Магадгүй сонирхож байгаа уншигчид байвал яг англи хэл дээрх эх нь Amazon дээр зарагдаж байгаа.
Энэ хэвлэлийн утга учрыг хэлэх нь зүйтэй байх. Яг цаасан хувилбар нь надад найман хувь ирсэн. Бидний эрдэм шинжилгээний бүтээл манай эрдэмтдийн бүтээл Amazon дээр цөөхөн зарагддаг. Нөгөө талаасаа эдний сүүлд гаргаж ирсэн томоохон дэвшилтэт алхам юу вэ гэхээр PDF хувийг вебсайт дээр үнэгүй байршуулж байгаа. Тэгэхээр миний энэ номыг PDF-ээр хайвал гарч ирнэ. Зөвхөн англи хэл дээр унших боломжтой хүмүүс англиар уншчих байх.
Судалгааны дүн, дүгнэлт, зөвлөмж их сонирхолтой санагдаж байна. Эдийн засаг, уул уурхай, байгаль орчин гурвын огтлолцлыг яаж тэнцвэржүүлэх ёстой вэ?
Ерөнхийдөө яг уул уурхайн салбарт, хөгжлийн салбарт, эдийн засгийн салбарт яг юу дутагдаад байдаг вэ гэхээр эдийн засаг, уул уурхайгаа нэгт тавьчхаад байдаг. Түүнтэй хамааралтай гарч ирж байгаа бусад эрсдлүүд, ялангуяа байгаль орчин, түүх соёлын онцлог дээр тулгуурласан хүчин зүйлүүдийг ихэнхдээ орхигдуулаад байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийт орхиод байдаг. Миний энэ бүтээлийг хийсэн гол зорилго юу вэ гэхээр мэдээж эдийн засгийг хөгжүүлэх чухал. Гэхдээ нийт ард түмэн массын дунд байдаг түүх соёл дээр суурилсан итгэл үнэмшил, ёс заншил элдэв зүйлийг бүдүүлэг гэж үл тоох нь буруу юм. Хөгжлийн Антропологийн хувьд судлахад тухайн улс үндэстэнд байгаа суурь түүх соёлын, ёс заншлын, итгэл үнэмшлийн, нүүдлийн соёл амьдралын гэх мэт онцлогуудыг маш сайн харгалзан үзэх бараг нэгдүгээрт тавьж хүндэтгэн үзэх ёстой байдаг юм. Ингэхгүй бол их үл ойлголцол хямрал гэдэг зүйл болоод байгаа юм.
Монголд бид эдийн засгийн хямрал гэж яриад байдаг хэдий ч энэ салбарт соёл, итгэл үнэмшлийн ойлголцлын хямрал бий болоод байгаа юм. Нөгөө талдаа энэ байгаль орчин хамгаалах хөдөлгөөний хүмүүсийг шантаажчин гээд байдаг шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээнд шантаажчин байгаа. Гэхдээ яг үнэхээр соёл, итгэл үнэмшлийн онцлогоос болоод нутаг орныг ч юмуу ухахаар хүмүүс таалагдахгүй. Сэтгэл зүйн болон нийгэм соёлын үүднээс ч тэр. Тэгэхээр үүнийг хүмүүс орчин үеийн техник технологийг ойлгохгүй байна гэсэн маягтай хандаж болохгүй.
Та бидний яриаг залуу судлаачид үзэж, сонсож, туршлага зөвлөгөө сонсохыг хүсэж магадгүй юм. Тухайлбал энэ бүтээлдээ судалгааны ямар арга барилыг ашиглаж ямар байдлаар судалгаануудаа хийв? Таван жилийн хөдөлмөр гэдэг богино хугацаа биш шүү дээ.
Энэ их чухал асуудал байна, яах аргагүй дурдах ёстой. Манай салбар өөрөө судалгаагаа оролцон ажиглах гэсэн их өвөрмөц аргаар хийдэг. Энэ нь яадаг вэ гэхээр судлагдаж байгаа нийгмийнхээ бүлэгт очоод тодорхой хугацаагаар аж төрдөг. Жишээ нь би Кембрижийн их сургуульд доктор хамгаалахдаа дээд Монголчуудын дунд судалгаагаа хийсэн. Хамгийн багадаа жилийн хугацаанд амьдарч байгаа газраа дээд Монголчууд голдуу байдаг мужид очиж амьдарсан. Тэнд амьдрах ихэнх хугацаагаа хөдөө малчин айлд амьдраад, өдөр тутмын амьдралд нь зүгээр оролцоод орой нь суугаад тэмдэглэлээ хөтөлдөг байлаа. Шууд сууж байгаад судалгаа авах нь оновчтой арга биш. Гол арга нь оролцон ажиглах арга. Энэ номыг хийхэд би яг нэг нийгмийн бүлгийг сонгож аваагүй. Энэ чинь олон зүйлийн тухай болохоор голдуу оролцон ажиглах түүндээ суурилж ярилцах аргыг ашигласан. Нийгмийн бүлгийн хувьд гол үйл явдал болсон газар бол Дундговь аймгийн Цагаан-Уул сум.
Таны бүтээл нийгмийн шийдвэр гаргах төвшинд ямар үр нөлөө үзүүлэх хэмжээний бүтээл гэж та үзэж байгаа вэ?
Англи хэл дээр байгаа учраас тэр болгон хүн уншиж чадах үгүйг мэдэхгүй байна. Миний бодлоор үндсэндээ уул уурхай, байгаль орчин, засаглал гээд олон салбарын хүмүүс уншиж байгаа байх. Үүнээс нэг зүйл ойлгож байгаа болов уу. Хэт их савлагаатай байсан гэдгийг харах байх. Монголчуудын, Дорнынхны төв үзэл гэж байдаг. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг. Ийм л үзэл. Монголын ирээдүй хаашаа яваад байна, уламжлал дээрээ суурилсан улс болох гээд байгаа юм уу гээд олон зүйл байна. Эсвэл яг энэ гол зам дээр л аль нэг тал руу туйлшрахгүй байх үзэл байгаа юм.
Энэ номыг бичихэд гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа. Хамгийн гол нь надад мэдээлэл өгсөн хүмүүст их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Яагаад гэхээр тэр хүмүүс надтай ярилцаж учир явдлаа надад хэлээгүй бол судалгааны материал хэзээ ч бүрдэхгүй байх байсан.