Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Үүнд “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар хүүхдийн редакц”-ийг "ОНЫ ОНЦЛОХ РЕДАКЦ"-аар онцоллоо. Учир нь энэхүү редакцийн хамт олон 2020 онд Монгол ахуй, соёл уламжлалыг үр хойчдоо тээж өвлүүлэх үйлсэд өндөр хувь нэмэр оруулсан 19 ном хэвлүүлж, дэлхийн орчин үеийн хүүхдийн номуудыг албан ёсны эрхтэйгээр эх хэлнээ буулгаж, нийт 61 ном эрхлэн гаргажээ. Монголын ном хэвлэлийн зах зээлд энэхүү үйл нь шинэ үзэгдэл болсон юм. Жангар редакцийг төлөөлж, бидний хүндэтгэлийг Жангар редакцийн зураач Б.Төрмөнх хүлээн авлаа. Түүнтэй ярилцсан товч ярилцлагыг уншина уу.
2020 он дэлхий даяараа цар тахалтай учраас бизнесүүд хаалгаа барьж, эдийн засгийн хувьд зах зээл хумигдаж байгаа хүнд жил байлаа. Харин Монсудар хэвлэлийн компани ийм цаг үед 61 хүүхдийн бүтээлийг эрхлэн гаргаж, тэр дундаа Монгол үлгэрүүдийг шинэчлэн найруулж, зурагжуулж гаргасан онцлог ажлууд хийлээ. Энэ уран бүтээлүүдийнх нь талаар ярилцацгаая.
Мэдээж 2020 он хүнд хэцүү цаг үе байлаа. Гэхдээ МонСудар хэвлэлийн Жангар редакц хойч үе болсон үр хүүхдүүдэд соён гэгээрлийн үр шимийг суулгахаар зорьж ажилладаг учраас энэ ажлаа илүү сайн хийхийг хичээж, хөл хорионд байгаа хүүхдүүдэд сайн чанартай бүтээл тэр дундаа өв соёлдоо анхаарсан бүтээлүүдийг хүргэе гэсэн эрхэм зорилготойгоор 2020 оныг үдэж байна. Энэ жил олон ном гарсан. Энэ жил манай редакцаас Монголын нууц товчоог эрхлэн гаргасан. Энэ номон дээр хоёр жил шахуу ажилласан. Монголчууд өв соёлоороо бахархдаг ард түмэн. Гэсэн хэдий ч Монголын нууц товчооны хувьд ойлгож уншиж чадсан уу? гэвэл эргэлзээтэй. Монгол хүн цаашдаа мөнхөд оршин тогтнох, үзэл баримтлалтай байх ёстойн үүднээс үндсэн өв соёлын дээж болох Монголын нууц товчоог бүрэн гүйцэд сайн ойлгох ёстой гэсэн асуудлууд байнга яригдах ёстой. Бид хүүхэд багачуудад зориулж нууц товчооны үнэт зүйлийг яаж энгийнээр, үнэн зөв, бодитойгоор хүргэх ёстой вэ? гэдэг ажлын хүрээнд Монголын Нууц Товчоо зохиолыг шинээр найруулсан. Энэ нь зохиолыг эвдчихлээ гэсэн үг биш. Харин энэ их зохиолыг унших гүүр болж өгөхийн тулд хүүхэд багачуудад зориулж 60 гаруй зурагтай номыг бүтээсэн байгаа. Нууц товчоотой энэ зэрэгцэхүйц өөр дэлхий дахинд хүрсэн эртний уран зохиолууд байдаг. Жишээлбэл, 1001 шөнийн үлгэр гэдгийг тэнд агуулсан шударга үнэн зарчим гэдгийг хүүхдэд яаж хүргэх вэ? гэдэг үүднээс. Дараа нь Гэсэрийн тууж, Хомерийн туужаас гэдэг ч юмуу цааш цаашдаа үргэлжлээд явах номууд байгаа. Энэ бол Монголын ялангуяа хүүхдийн номын бүтээлийн хувьд цоо шинэ үзэгдэл болсон зүй боллоо.
Үлгэрүүдийг бага зэрэг өөрчилсөн талаар ярихгүй юу?
Ах дүү Гримм гэх мэт Европийн хуучин үлгэрүүдийг цуглуулж, шинээр найруулж бичээд хүүхэд багачууддаа хүргэсэн байгаа. Энэ нь үндсэндээ өв соёлын тухай, хувь хүнд байх үнэт зүйлийн тухай маш сайн үүрэг гүйцэтгэж өгсөн. Өнөө хэрэн Марвел студи гэдэг юмуу, Ах дүү Гриммийн үлгэр дээр шинэ контент кинонуудыг хийсээр байгаа. Монгол үлгэрийн хувьд өнгөрсөн зууны дунд үеэс хойш амнаас тэмдэглэж авсан хэлбэрээр байгаа. Үүнийг хүүхдүүдэд янзалж өгч чадаагүй. Ерөнхийдөө төрийн хийх ажил байсан уу? хувийн хэвшлийн хийх ёстой ажил байсан уу? сайн мэдэхгүй байна. Ер нь бол хүүхдүүддээ хүргэж чадаагүй байна. Өмнө бол ард түмэн хоорондоо ярьдаг, тэр битгий хэл танин мэдэхүй нь байсан гэж хэлж болно. Жишээлбэл, домог үлгэрийн хувьд Нар Сар яагаад хиртдэг тухай, Байгалын үзэгдлүүдийн тухай домог сүжиг бишрэлтэйгээ холбож боддог байсан. Энэ үнэт зүйлийг хүүхдэд хүргэх ёстой. Яагаад гэвэл бид уламжлал нэгэнт ярьсан учраас. Зайлшгүй хүүхдийн хэл гэдэг асуудлыг хөндөх ёстой. Бид өгүүлбэр зүйн бүтэц хүүхдийн хэл ярианы хөгжлийн чадамж зэрэгт тулгуурлаж бичиж байгаа. Тэгэхээр Монгол үлгэрийг хялбаршуулна гэдэг үг үүнд зохимжгүй юм шиг санагдаж байна. Энэ өөрөө цаашид хөгжих хэл. Хүүхэд агуулгыг ойлгочхоод түүнийхээ дараа дэлгэрүүлж үндсэн эхийг уншина. Илүү сонгодог дараа дараагийн төвшинд номыг уншаад явна гэдэг ч юмуу ийм зүйл рүү орно гэсэн үг л дээ. Анхны ном, анхны ертөнцийг үзэх үзэл, ойлголт болж явах ёстой гэж бид зорьж ажиллаж байгаа. Ерөнхийдөө СУИС, МУИС, МУБИС-ийн багш нар болон оюутнуудтай хамтарч энэхүү Монгол үлгэр зурах төслөө энэ жил явуулаад 9 номоо гаргаад байж байгаа.
Ковидын үед хүмүүс гэртээ байна. Ном унших хандлага ихсэж байна уу?
Хүүхэд бол мэдээж ном унших хамгийн дуртай. Яагаад гэвэл ээж аав нь уншиж өгдөг учраас. Ээж аавтайгаа хамтдаа орой үлгэр уншуулаад унтана гэдэг аз жаргал. Одоо болтол миний өвөө эмээ, аав ээжээрээ яриулж байсан үлгэр миний зүрх сэтгэлд хоногшиж үлдсэн байна. Тэгэхээр хүүхдэдээ нөлөөлөх хайр халамж гар утаснаас биш уншиж өгч байгаа үлгэрээс авдаг. Тийм учраас хүүхдүүд ном уншуулах дуртай. Ээж аавуудын хувьд мэдээж цаг наргүй ажилладаг. Энэ амьдралын хэв маягаас болоод хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүй гэдэг ч юмуу ном унших цаг хомс байдаг. Гэхдээ тэгж зориулж ном уншиж өгдөг ээж аавууд байдаг.
Номын зураачийн хувьд зураг хүүхдийг ном унших гол сэдэл, хөглөх эд нь болдог?
Зургийн ажил хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн, маш их уншиж судлах гэдэг ч юмуу. МонСударын хувьд бид гадаадын мэргэжилтнүүдийг жил болгон урьж авчирж, сургалтууд хийдэг. Янз янзын чиглэлийн компаниудтай сургалт зохион байгуулж бас энэ төрлийн уран бүтээлч нарыг хамруулж юм хийдэг. Бид олон жил ийм сургалтын дараа хүүхдийн номын зураг гэдэг ойлголтыг арай дэвшилттэйгээр хүргэхийг зорьж байгаа. Ер нь манай ихэнх зураач нар нуулгүй хэлэхэд халтуур гэж боддог байсан.
Хүүхдэд хэдэн наснаас нь эхлэн ном уншвал зүгээр вэ?
Дэлхий дахинд хүүхдийн нүдний харааны бүтэц 9 сартай тогтож эхэлдэг гэж үздэг учраас 9 сараас эхлэн ном уншуулдаг. Манайд сургуульд ороход нь уншиж сурчхаад унш гэдэг ялгаа бий. Ном уг нь хэл ярианы хамгийн том дасгал болно. Нүдний дасгал болно.
2021 онд бидний хүүхдийг та бүхэн хэрхэн баярлуулж мялаах гэж байна вэ?
Бид Монгол хүн гэдэг төсөл энэ онд хэрэгжүүлнэ. Энэ маань юу гэхээр Монгол хүн юуг дэлхий дахинд үлдээж чадсан бэ? Жишээлбэл Занабазарын тухай, Дашдоржийн Нацагдорж хэрхэн Монголын соёл гэгээрлийн ул суурийг шинэчилж шинэ тавцанд гаргасан. Н.Норовбанзад гуайн тухай гэдэг юмуу. Ж.Гүррагчаа гуайн тухай гэдэг ч юмуу. Монгол хүмүүсийн түүхүүдийг бодит амьдрал дээр нь сэдэвлэж хүүхдэд зориулж гаргана гэж төлөвлөсөн байгаа. Мөн гадаадын хэвлэлийн газруудын хүүхдийн номыг манай редакц албан ёсны эрхтэйгээр авч Монгол хэлээрээ хүргэн ажиллана.