Өрөг.мн сайт 2020 оны “ОНЦЛОХ 11” хүнийг нэрлэлээ. Оны "ОНЦЛОХ БАГ" -аар "Single ladies 4" кино төслийн багийг онцоллоо. Учир нь энэхүү киног бүтээхэд 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, 280 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ба 40 хоногийн хугацаанд 202.414 хүн кино театрт үзжээ. Уг кино орчин үеийн кино урлагт олон өөрчлөлт, дэвшил дагуулсан юм. Багаа төлөөлж "Single ladies 4" киноны ерөнхий найруулагч Л.Бат-Амгалан бидний хүндэтгэлийг хүлээн авсан юм. Түүнтэй ярилцсан товч ярилцлагыг уншина уу.
"Single Ladies-4" кино 40 хоног кино театрт гарахад 200 гаруй мянган хүн үзсэн. Энэ хэр их хандалт вэ? гээд киноны салбарын хүмүүсээс асуухад маш сайн хандалт гэж байсан л даа. Танай киног богино хугацаанд ийм их хүн үзэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг та юу гэж харж байна?
Коронавирусээс болоод энэ жил киноны индастри ихээхэн асуудалтай байгаа. Single Ladies-ийн хувьд дотооддоо 250 мянга гаруй хүн үзсэн. Ер нь бол рекорд эвдсэн гэж үзэж болно. Г.Ундармаа жүжигчний өөрийнх нь олон жилийн хөдөлмөр. Мөн Single Ladies цуврал киноны үзэгчдийн хандалт байсан байх.
Монголд кино театр руу очдог цөөн тооны л үзэгчид байдаг. Зарим нь таарвал л зурагтаар үздэг. Эсвэл Univision-ээр. Тэгэхээр үзэгчдийг кино театр явуулж сургах хэрэгтэй. Дээрээс нь кинонууд сайжрах хэрэгтэй. Кино голдог өөр төвшний үзэгчид байдаг . Тэдгээр хүмүүс Монголынхоо киног голдог гэх мэт кино яг л хөгжлийнхөө замд явж байгаа. Ерөнхийдөө сайжраад алдаа оноотой бүх юм хийгдээд явж байна.
Танай киног богино хугацаанд 200 гаруй мянган хүн үзсэн амжилттай байна. Хоёрдугаарт, Single Ladies-4 кино 1.4 тэрбум төгрөгөөр боссон. Та хэдийгээр найруулагчийн хувьд продюсерын ажилд оролцоогүй ч энэ их мөнгийг дотоодын зах зээлээс босгож чадна гэдэг нь киноны зах зээлийн хувьд онцлох зүйл юм?
Яах аргагүй дотоодын зах зээлд хамгийн өндөр үзүүлэлт гэж харж байгаа. Мэдээж Г.Ундармаа продюсерийн өөрийн хүч чадал байна. U Film өөрөө маш олон кино хийсэн. Хүч хөдөлмөр гаргаад олон жилийн ажилласных. Ахиад нэг шат ахья, кино урлагт олон жил ажилласан жүжигчний хувьд ч тэр, продюсерийн хувьд ч тэр хийж бүтээе гэсэн дур байдаг. Үүндээ илүү анхаарч ажилласан юм болов уу гэж бодож байна. Ер нь заримдаа хүн ашиг харж ажилладаг, заримдаа ашиг биш өөрийн хүсэл сонирхлоо дагаж ажилладаг шүү дээ. Мэдээж хүн өгч байж авдаг. Тэгэхээр мэдээж хүн хайртай дуртай зүйлдээ сэтгэл зүрх, хүч зориулж, өгдөг. Гэхдээ тэр зүйл сүүлд буцаад хүнд үр өгөөж өгөх нь тодорхой байдаг. Тиймээс тултал ажилласны үр дүн гэж бодож байна.
Зураг авалтаа олон газар хийсэн зэрэгт зардал их гарсан байх?
Тийм. Туркт зураг авахаас гадна зун, намар, өвөл гээд гурван улирал дамнаж зураг авалт хийсэн. Их цаг хугацаа зарцуулсан.
Single Ladies 4 кино шинэ дүрийг олон нийтэд танилцуулсан. Энэ их онцлог зүйл байсан?
Найруулагч бид хоёр анхнаасаа Монголжуу, өвөрмөц шинэ төрх гаргая гэж ярьсан. Эмэгтэйгээ өвөрмөц дүр төрхтэй байлгая гэж эрэл хайгуул хийсэн. Найруулагчийн хувьд Single Ladies киногоо орчин цагийн Монголын хайрын түүх, Ромео Жулетта маягийн өөр төрлийн түүх домог шиг болгосон юм.
Танаас түүхэн цаг үеийг харуулах дээрээс нь тулаантай, инээдмийн төрлийг нийлүүлээд чанартай уран бүтээл гаргана гэдэг чадвар их шаардсан байх. Ялангуяа та найруулагчийн хувьд баримтат кинонууд хийж байсан. Фестивалийн кино бүтээл найруулж байсан хүн. Өөр кино найруулахад ямар байв?
Single Ladies-4 дээр ажиллахад би их бодсон. Тэртээ тэргүй олон улсад уран бүтээлчид гарч ирэхдээ өөрийн гэсэн бие даасан зохиогчийн кинонууд хийдэг. Түүгээрээ сайн танигдсан хүмүүс яваандаа зах зээлд коммершиал кино руу ордог. Миний хувьд тэр замаар явах нь тодорхой байсан. Гэхдээ хэзээ вэ? гэдэгт л байсан. Single ladies 4 киног найруулах санал надад ирсэн нь санаандгүй явдал болсон. Би цаг нь ирж байгаа бол хийгээд үзье, өөрийгөө соръё гэж бодсон. Хэр баргийн залуу найруулагч ийм том төсөвтэй, ийм том бүтээлд орох завшаан тэр болгон таарахгүй.
Энэ кино танд ямар шинэ мэдрэмж, шинэ зүйлсийг өгсөн бэ?
Мэдээж цоо шинэ байсан. Продюсерийн кино, өмнөх ангиудтай уялдаа холбоотой байх ёстой гэдгийг анхаарна. Сүүлийн анги учраас өмнөх ангиудтай уялдаа холбоотойгоор төгсгөлийг яаж хийх ёстой, түүхэн киноруу хэрхэн хөрвүүлэх гээд олон юман дээр ажиглалт хийж бодож байгаад хийсэн. Би сайн туршлагатай найруулагч болсон хойноо инээдмийн болон түүхэн киноруу орно доо гэж боддог байсан боловч гэнэт ийм боломж олдсон. Олон юмыг сурч мэдэж авлаа, туршлагатай боллоо. Инээдмийн кино гэдэг чинь өөрөө хамгийн хэцүү төрөл. Инээдийг барих хэрэгтэй байдаг гэх мэт их олон даалгавартай байсан. Олон хүнтэй ажиллаж, олон зүйл сурсан.
Л.Бат-Амгалан найруулагчийн хувьд бүтээлүүдээрээ Монголчууддаа бага багаар танигдаж буй. Гэхдээ “Хуучны сайхан өдрүүд”, “Гайхамшигт нислэг” бүтээлүүд нь Лос-Анжелос, Пусан, Лондонгийн олон улсын кино наадмуудад амжилт гаргасан. “Гайхамшигт нислэг” киногоо Японы зах зээлд борлуулсан шүү дээ? Та энэ тухай яриач?
Энэ нь гадаадын зах зээлд киногоо мөнгө болгож зарсан анхны кино байх. Ингэж борлуулсан богино хэмжээний кино байгаа үгүйг би хэлж мэдэхгүй байна. Олон улсын Фестивалиудад явах эрхтэй зарим Фестивалиудад бүтээлүүдийг хараад худалдан авах агентлагууд их ажиллаж байдаг. Манай "Хуучны сайхан өдөр" болон "Гайхамшигт нислэг" гээд хоёр киног хоёуланг нь Японы агентлаг худалдан авч байсан.
Найруулагчийн хувьд та мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй. Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай онгод гэдэг бодсон бодол ханах цэг гэсэн байдаг. Найруулагчийн хэлбэр агуулгаар бусдад юм хүргэх ойлгуулах тэр зүйл тэр ажил бодол яаж өрнөдөг юм бэ?
Би өөрөө инженер мэргэжилтэй. Гэхдээ оюутан байхаасаа энэ чиглэлээр продакшнд ажиллаад эхэлсэн.Үүнээс үүдээд ийм чиглэлээр ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би 2009 онд гадны хэд хэдэн киноны сургалтад Герман, Солонгос улсад сурсан. Олон улсын продакшнд ажиллаад их туршлагатай болсон. Одоогоор кино найруулга талдаа илүү чиглээд ажиллаж байна. Хийсэн бүтээлээрээ өөрийнхөө ярих гээд байгаа зүйлээ илэрхийлдэг хүн гэж би өөрийгөө тодорхойлсон. Кинонуудаараа өөрийнхөө юу ярих гээд байгаа гэдгээ илэрхийлж гаргадаг даа.