Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент” сэдвээр хэлэлцлээ. Цар тахлын хүнд үед иргэд өөрсдийн төлөөлж сонгосон улс төрчид хэрхэн манлайлахыг хүлээж байна. Манай улс төрчид манлайлалтай ажиллаж чадаж байгаа юу?
Зочноор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Бизнес эрхлэгч Т.Ганболд
- Улс төр судлаач О.Чулуунбилэг
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЕ
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
- Манай Хөдөлмөрийн үндэсний намд олон судлаачид байдаг. Бид ковид гарснаас эхлээд эдийн засаг, шинжлэх ухааны үндэслэлтэй маш олон зөвлөмжүүдийг боловсруулж Засгийн газарт өгсөн. Зөвлөмжүүдийг ер нь хүлээж аваагүй.
- Их Хурлын гишүүдийн бүх эрх мэдлийг засгийн газар өөрсдөө авсан. Бид Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Парламентын нэр хүндийг Засгийн газар унагаж байна. Хэлэлцүүлгээр дамжуулаад хэлэхэд Монгол улсад парламентын институт хэрэгтэй юу, парламент нь илүү бодлого шийдвэрээ гаргаад явах уу? Цаашдаа ардчиллаа авч явахад энэ институт үнэ цэнтэй юм уу гэж байвал засгийн газар бас анхаарах хэрэгтэй, иргэддээ ойлгуулах хэрэгтэй.
- Мөнгөний бодлогоор дамжуулаад Монгол банкин дээр долоон их наяд төгрөгийг үнэт цаас хэлбэрээр цуглуулчихсан. Түүхэнд байхгүй их хэмжээ. Бодлогын хүү нь буураад байхад банкнууд үнэт цаасыг нь худалдаж аваад байна. Засаг дээр байгаа жоохон төсвөө орон нутагт үр ашиггүй бүтээн байгуулалт санхүүжүүлнэ гээд хөдөлгөдөггүй. Маш олон санхүүгийн арга байна гагцхүү үүнийг хийх улс төрийн эр зориг хэрэгтэй байна. Хоёр дугаарт мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй.
- Төсвөө буруу зарцуулж, тойрогтоо өгөөжгүй хөрөнгө оруулалт батлуулах гэдэг нь манай сонгуулийн буруу тогтолцоотой л холбоотой. Би төсөв дээр санал гаргаж, гишүүдтэй уулзсан. Хотоос сонгогдсон гишүүд л дэмждэг. Тиймээс одоо орон нутгийн нэгжийн тухай хууль дээр өөрчилье, үүнийг хэн яаж өөрчлөх вэ гэхээр сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй.
- Олон улсад нэг ажлын байрыг шинээр бий болгоход хамгийн багадаа 10 мянган доллар байдаг, 1-2 жил зарцуулдаг. Байгаа ажлын байрыг хамгаалахад 5000 доллар байдаг гэх судалгаа байдаг. Өнөөдөр Монгол улсын төсвийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөс тухайлбал 1.5 их наяадыг авлаа гэхэд 100-120 мянган ажлыг байрыг хамгаалж болно. Монгол банкин дээр байгаа үнэт цаасан дээр ашиглаад байгаа 6-7 их наяадаар 500-600 мянган ажлын байр хамгаалж болно. 2009 оны эдийн засгийн хямралаар бид 140 мянган ажлын байраа алдаж байсан. Дараа нь түүнийгээ сэргээх гэж асар их зардал гаргаж байсан. Нэг өдөрт 50,60,70 тэр бумын алдагдал үүсээд байна гэдэг нь танхимын тооцоо. Ер нь бол бидэнд мөнгө байна гаргая гэхээр эрстчих гээд байна. Худалдан авалт байхгүй. Тийм болохоор бид шинээр ажлын байр үүсгэх биш, байгаа ажлын байраа хадгалах хэрэгтэй байна. Тэр нь мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдаж явах хэрэгтэй.
- Ковидын ачаар л төсөв гэж юу байдгийг иргэд ойлгож байна.
Т.ГАНБОЛД: ЗАСГИЙН ГАЗАР ЭРХ МЭДЭЛ АВСАН ШИГЭЭ ХАРИУЦЛАА Ч БАС ҮҮР
- Засгийн газрын сүүлийн шийдвэр яах вэ бага зэрэг дэмжлэг болно. Гэхдээ бизнес зогсчихсон, их олон аж ахуй нэгжүүд хаалгаа хаачихсан, дампуурлын ирмэг дээр байхад дорвитой нөлөөлөл байхгүй. Хоёрт судалгаа, тооцоолол үр дагавраа дутуу, яаруу гаргасан шийдвэр гэж харж байна.
- Гомдсон, туйлдсан, өлссөн, төрдөө итгэх итгэл нь унасан, асар их хохирчихсон нийгэм боломж олдоход түүнийг аль болох их ашиглахыг бодно.
- Ковидын үеийн төсөвтөө үрэлгэн хандсан. Энгийн нэг жишээ хэлэхэд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт ямар ч утгагүй усан фантом 3.2 тэрбум төгрөгөөр барьсан. Тайлбар нь энэ бол гадны зочид гийчинд муухай харагдуулаад байна гэсэн. Би энэ цэцэрлэгийг тохижуулчихъя гэж олон нийтийн сүлжээгээр хэлсэн. Үгүй гэсэн. Ковидгүй байсан ч эмнэлэгт нь ор хүрэлцэхгүй коридорт хэвтдэг, эмнэлгийн тоног төхөөрөмж байдаггүй. Дээрээс нь ковид гараад байхад энэ мөнгөөр 3.2 тэрбум төгрөгөөр эмнэлгийн ямар их тоног төхөөрөмж, эмнэлгийн ор нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр би акцент хийж хандуулахад хотын дарга нь мушгисан. Гол нь би тэдний цавчаатай, мөнгө угаадаг бизнесээ зогсоохыг эсэргүүцэж илэрхийлсэн юм.
- Энэ ард иргэдээ хөдөө амьдруулж, чаддаг хүнсний үйлдвэрийг нь эрхлүүлж, үүн дээр нь гурван хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлийг олгох хэрэгтэй. Маш их эрчим хүч, дэд бүтэц, сургууль цэцэрлэг барьсан сум, хөдөө орон нутгаа эзэнтэй болгож тэнд амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх хэрэгтэй.
- Хоорондоо эрх мэдэл булаацалдах процесс дунд засгийн газрын насжилт богинохон байна гэдэг үүднээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газраа ерөнхий сайд нь УИХ-аас хамааралгүй зохион байгуулж, бүрдүүлж, арга хэмжээ авч чаддаг нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэтэл цар тахлын нөхцөл байдал, соёлын өвийг худалдаж зарсан, яамны мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн аль ч нөхцөл байдлаар ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд ёслоод ажлаа өгөх хэмжээний нөхцөл байдлыг хувь хүн өөрөө гаргах иргэний зориг алга. Харамсалтай нь ийм том эрх мэдлийг авсан ерөнхий сайд кабинет дээрээ ийм арга хэмжээ авч чадахгүй байна.
Ч. УНДРАМ: ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ҮЕД УЛС ОРОН ОЛОН ТОЛГОЙТОЙ ЯВЖ БОЛОХГҮЙ
- Их хурлын дэргэдэх түр хороог онлайнаар байгуулж ажилласан. Түр хороо 3-4 удаа ковидын хуулийн хэрэгжилтийг сонссон. Засгийн газрын шийдвэр засгийн газар дээр хэлэлцэгдээд батлагдана. Онцгой байдлын үед улс орон олон толгойтой явж болохгүй. Ямар ч мундаг улс төрийн манлайлал байлаа гээд нэг зангидсан гар шиг явах ёстой.
- Ковидын гарснаас хойшхи 10 сарын хугацаанд бизнес эдийн засаг руу чиглэсэн тодорхой хэмжээний олон арга хэмжээг авсан. Бизнес эрхлэгчдийн санал асуулга дээр эдгээр арга хэмжээнүүд дэмжлэг болсон гэж хариулсан байсан.
- Засгийн газраас эдийн засгийн урт хугацааны стратеги танилцуулаагүй байна. Гэхдээ хэн ч маргааш юу болохыг мэдэхгүй байна. Бид өнөөдөр ойрын хугацаанд болж байгаа үйлдлүүдийг хараад хийх ёстой зүйлээ хийгээд явж байгаа.
- Би энэ оны төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Ковидтой жил учраас төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмсэн. Мөн вакцины төсөвт 20 сая төгрөгийг тусгасан. Энэ жилийн төсөв шинэ үндсэн хуулийн хэрэгжилтээр төсвийн зарлагыг нэмж болдоггүй онцлогтой болсон. Аль нэг зардлыг нэмэхийн тулд нөгөөг нь хасаж байж багц дотор нь нэмж болдог.
- Энэ жилийн төсвийн давуу тал эрүүл мэнд, болосвролын салбарын реформыг хийсэн. Эрүүл мэндийн даатгалын сан, эмийн бодлого сайжруулъя гэх мэтчилэн тэр чигт нь тусгасан. Мөн боловсролын реформыг тусгаж чадсан. Төсвийн бараг хамгийн их хувийг боловсролын салбар эзэлж байгаа. Энэ Их хурал анх удаа төсвийн зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлж чадсан гэдгийг хэлмээр байна.
С.ОДОНТУЯА: ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨ МАРГААШАА АРГАЦААСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА
- Засгийн газрын сүүлийн шийдвэр өрхүүдийг дэмжиж чадахаар байна, аж ахуй нэгжүүдэд харин хангалттай дэмжлэг болж чадахгүй. Иргэдэд ашиглахгүй байгаа, үнэгүй юм тарааж өгөх гэж байгаа мэт тайлбарласан л болохоос биш Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт төвлөрүүлэх байсан мөнгө л байхгүй болно гэсэн үг. Нэгэнт ийм хэмжээний мөнгө төсвөөс гаргах гэж байгаа бол 5-10 жилийн ашигтай шийдэл гаргаж болох байсан.
- Импортыг орлох хүнсний худалдаа, үйлдвэр эрхэлбэл бүх зардлыг нь тэглэе, хөдөө очоод ногоо тарьвал ийм дэмжлэг үзүүлье үйлдвэрлэл эрхэлбэл татвар чөлөөлье гэх зэргээр дэмжих хэрэгтэй. Эдийн засгаа солонгоруулъя гэж олон жил ярьж байгаа хэрнээ өнөөг хүртэл дорвитой зүйл хийхгүй байна. Монгол улс эрүүл хүнсээ өөрсдөө хангах салбарыг хөгжүүлэх боломж байсан. Энэ урамшуулал дэмжлэгийг зөв хандуулж чадсан бол. Ковидын хоригийн үед улс орнуудын дотоодын хүнсний үйлдвэрүүд маш сайн хөгжиж байна.
- УИХ-ын гишүүдийн гол үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих индэр бол байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган байдаг. Цар тахалтай холбоотой хамгийн гол асуудал бол төсөв. Айлын эхнэр, ээж хүний хувьд хэлэхэд өрх айл ковидтой үед төсвөө янз бүрийн зүйлд зарцуулахгүй. Төсөв барьж байгаа гэрийн эзэгтэй шуба авна, байрныхаа өр зээлийг төлж дуусаагүй байж дахиад нэг хаус авна гэж бодохгүй. Гэтэл яагаад улсын төсөвт гэрийнхээ төсөвт ханддаг шиг хандахгүй байна вэ? Бид музей, олон соёлын төвөө түр хүлээчих, эхлээд бүгдээрээ хоол унд, ажлын байр хадгалахдаа зарцуулъя гэж янз бүрээр хэлж үзсэн.
- Төсвийн хууль гарчихсан, орлого нь орж ирэхгүй байхад яаж төсвийн хуулиа биелүүлэх юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Нийслэлийн орлого 40% тасарчихсан. Гэтэл төсөв дээр 400 гаруй тэрбумыг нийслэлд төвлөрүүлэхээр байна. Яаж нийслэл орлогоо бүрдүүлэх вэ. Төсвийн хууль хэрэгжих боломжгүй болж байна.
- Ардчилсан нам урт хугацааны бодлого дээр анхаардаг байсан. Чингис бондоос 300 мегаваттын эрчим хүчний салбарын өргөтгөл хийгээгүй бол өнөөдөр ачааллаа дийлэхгүй байх байсан. ТЭЦ-4 дээр 123 мегаватт, ТЭЦ-3 дээр 50 мегаватт, нийт маш олон зуун мега ваттын хөрөнгө оруулалтыг Чингис бондоос эрчим хүчний салбарт хийж байсан. Өөрөөр хэлбэл энэ нь 5-10 жилийн дараах бодлогоо харж хийж байсан. Тэгэхээр арай хийж явж байгаа эрчим хүчний салбарыг ганц буруу мэдэгдлээр хүнд нөхцөлд оруулж болохгүй.
О.ЧУЛУУНБИЛЭГ: ЕРӨНХИЙ САЙД ЭДИЙН ЗАСГИЙН УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
- Улс төрийн манлайлал гэдэг сайн дурын үндсэн дээр бий болдог. Цар тахлын үед улс төрчид санаачилгатай, манлайлалтай ажиллах ёстой.
- Ковидын үеэр улс орнууд бүрэн онцгой эрхийг засгийн газартаа олгоод байна. Ийм нөхцөлд иргэний эрх ихээр зөрчигддөг юм байна. Манайд ч гэсэн хангалттай зөрчигдөж байгаа. Яг энэ үед хийх ёстой зүйл бол хүний эрхийг хэрхэн хамгаалж байгаа вэ, иргэддээ үйлчилгээгээ яаж үзүүлж байгаа вэ гэдгийг ил тодоор шахаж шаардаж ажиллах ёстой.
- Энгийнээр харахад ковидыг мөсөн уултай адилтгаад байгаа юм. Вирус зөвхөн ил цухуйж байгаа хэсэг нь. Мөсөн уулын усан доор байгаа хэсэг нь юу вэ гэхээр ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл, хүний эрхийн асуудал гэх мэт энэ бүгд доор нь байна. Ковид гэдэг цар тахлын асуудлыг томоор харж Их хурал ямар төвшинд орох, мэргэжлийн байгууллага юуг нь хийх талаар төлөвлөгөөгөө гарга.
- Үндэсний зөвлөлийг ахалж байгаа ерөнхий сайд ард түмэнд хийх ёстой ажил, мэдээллээ танилцуулж байх ёстой. Цар тахлаас болоод эдийн засаг гэх мэт бүх зүйл өөрчлөгдөж байна. Энэ тохиолдолд яах юм бэ? гэдгийг ерөнхий сайд хэлэх ёстой. Манайд бодлого нь байхгүй байна.