Ковидын үед шийдвэрүүдийн тодорхой бус нөхцөл байдлаас болж нийслэл рүү орж чадалгүй шинжилгээний хариугаа хүлээсээр хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа, дөрвөн иргэн спиртний хордлогоор амиа алдлаа.
УОК шийдвэрүүдээ судалгаан дээр тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргаж чадаж байгаа юу? Шийдвэрүүддээ хүний эрх, ардчилсан байдлыг хэрхэн тусгаж байгаа вэ? зэрэг асуудлыг хөндөж “Өрөг” хэлэлцүүлэг энэ удаа “Ковидын үеийн тодорхой бус нөхцөл байдлууд иргэдэд хэрхэн хохирол учруулж байгаа вэ?” сэдвээр хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочноор :
Б.Ууганбаяр /УОК-ийн гишүүн, Онцгой байдлын дэд дарга, хурандаа/
Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн асан/
Г.Дарамбазар /УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн/
Н.Өнөрцэцэг /Зариг.мн сайтын эрхлэгч/
Б.Отгонтөгс /Эдийн засагч/
Онцлох яриаг хүргэе:
Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг шугамаар мэдээллээ авч байгаа. Нэг шугам гэдэг нь ЭМЯ–ны 11 цагийн мэдээ юм. Үүнээс өөр байдлаар мэдээлэл авах боломжгүй. Харин 11 цагийн энэхүү мэдээг ойлгомжгүй, тодорхой биш байна гэх иргэдийн гомдол тасардаггүй. Мөн эргэж буцдаг шийдвэрүүд хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байна. Сэтгүүлчид худлаа мэдээлээд байна уу? Эсвэл дарга нар эргэж буцаад байна уу? Хэмээн иргэд эргэлзэж байна. УОК–оос гаргасан шийдвэрүүд амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байна. Энэ нь иргэдийг залхаан цээрлүүлж эхэллээ.
- Шинжилгээний бичиг шаардахгүйгээр бүх иргэдийг гарга гэсэн ЭМЯ төрийн нарийн бичгийн дарга Амаржаргалын гарын үсэгтэй бичиг . Иргэд үүнийг шинжилгээний бичиггүй гарч болох юм байна гэж ойлгосон. Гэвч хоёр цагийн дараа гарч болохгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ мэдээллийн зөрүүтэй байдал, төрийн байгууллагын эргэж буцдаг уялдаа холбоогүй байдал иргэдэд бухимдал үүсгээд байна.
- НОК-оос пиво, виног зарж болно гэсэн шийдвэрийг Засгийн газарт оруулж, Засгийн газар дэмжлээ гэсэн мэдээлэл хийчхэж байгаа юм. Харин хоёр хоногийн дараа зарахыг хориглосон гэсэн шийдвэрийг танилцуулсан.
- Хувийн машин унахгүй автобусанд суу гэсэн шийдвэр гаргачхаад хойноос нь бид автобусанд суу гэж хэлээгүй гэх мэт эргэж буцсан асуудлууд байгаад байна. Бид энэ хүнд үед нэг шугамаар мэдээллээ авч болж байна. Гэхдээ энэ нь олон нийтэд мэдээлэл болж чадахгүй байна.
- Хөл хорионы голомтод ажиллаж байсан эмч цагдаа, онцгой байдлын албан хаагчид өвдчихөөд байна. Тусгаарлах байрны үүдэнд хамгаалалт хийж байсан Хан-Уул дүүргийг зохицуулагч цагдаагаас халдвар илэрсэн. Үүнтэй холбоотой ЭМЯ, УОК-оос эдгээр алба хаагчид хаагуур явсан, цагдаа хэчнээн хүнийг зогсоосон, автобусны жолооч яг аль чиглэлд хэдэн хүнтэй харьцсан, бэлэн мөнгөөр харьцсан уу үгүй юу зэрэг олон нийтэд тархсан эсэх талаар маш тодорхой мэдээллийг өгмөөр байгаа юм.
- Хэвлэл мэдээлэл нээлттэй биш хаалттай байна. Бид 11 цагийн хуралд долоо хоногтоо нэг ордог хүрэлцээ муутай байгаа. Мөн 22-ын товчоон дээр нэг иргэн нас барчихлаа. Тэнд байсан эмч нар НОК-руу 60 удаа залгахад утсаа огт аваагүй. Энх саран сувиллын маргаан шийдэгдээгүй хариуцлагагүй байдалд цэг тавигдаагүй 13 албан тушаалтанг эрүүгийн хэргээр шалгаж байгаа. Ард нь ахиад Алтай, Эрхэс гэсэн хоёр тусгаарлах байр дээр өвчин гарчихсан байна. Сэтгүүлч хүний хувьд дүгнэлт хийгээд харахад Ковидийг төрийн албанд хийж байгаа маш том шалгалт юм байна гэж харж байна. Өмнө шалгалтыг мэргэжлийн хяналт гэх мэт газрууд хийдэг байхад дарга нар аргалчихдаг байсан. Ковид өвчин учраас яаж ч болохгүй бүлт үсрээд гараад ирж байна. Төрийн албаны хүнд суртал, ажил хоорондын уялдаа холбоо байхгүй, нэг нэгнээ үгүйсгэдэг, амбиц зэрэг байдал дээрээс иргэд хохироод байна.