Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0 хувь, их 30,4 хувь), 30 шахам хувьд нь (28.2 хувь) дунд зэрэг эрсдэлтэй байгааг мэдээлжээ.
Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их зэрэглэлтэй байв. Өөрөөр хэлбэл эдгээр нутгаар өвөл, хавар цаг агаар хүндрэх нөхцөл бүрджээ.
Өнгөрсөн зун гантай, гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгаар өвс ургамлын гарц муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байна.
Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумын нутгаар муу үнэлгээтэй байв.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалт, хиймэл дагуулын мэдээ нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргажээ.