Дэлгэрэнгүйг видео ярилцлагаас үзнэ үү.
Манай энэ удаагийн "ТЭР" дугаарт ОХУ-ын иргэн, чих хамар хоолойн эмч Р. Слава оролцлоо.
2006 онд Улаанбаатарт ирсэн даруйдаа АШУҮИС-д элссэн тэрээр Монгол найзуудынхаа элгэмсүү тусч зангийн ачаар хичээлээ ойлгож амжилттай суралцсан хэмээн хуучилж байлаа.
Тэрээр, "Эхний хоёр гурван сар хичээлээ огт ойлгодоггүй байсан. Гэвч хичээж чадвал бүтэхгүй зүйл гэж үгүй. Миний хувьд ангийн найзуудынхаа дэвтрийг гуйж авч яваад тухайн өдрийн хичээлийн тэмдэглэлийг нь шөнөжин сууж Орос хэл рүү хөрвүүлдэг байсан. Ингэж л хичээлээ ойлгож хэлээ сайжруулж байсан. Аливаа зүйлийг хийхдээ сэтгэл гаргаж, биеэ дайчлахгүй л бол сурч боловсрох боломжгүй гэж боддог" хэмээн ярьсан юм.
Дассан газрын даавуу зөөлөн гэдэгчлэн эмч Р. Слава Монголоос өөр газар амьдарч чадахгүй гэж байлаа. 14 жилийн турш Монголд амьдарсан тэр өөрийн төрсөн нутаг болох Улаан-Үүдэд очиход хүний нутаг шиг хөндий санагддаг. Харин Монгол нутагт ээнэгшин дассан болоод ч тэр үү амар амгаланг эндээс олдог. Гэвч гадаадын харьяат иргэн Монголд ажиллаж амьдрахад олон газраас зөвшөөрөл аван өндөр татвар төлдөг. Энэ нь надад их хүндрэлтэй байдаг. Уг нь Буриад болон Монголчуудыг би элэг нэгтэй ахан дүүс шиг л боддог юм хэмээн дурсаж суулаа.
Цагийн юм цагтаа байх ёстой гэх зарчмыг баримталдаг тэр монголчуудын цаг барьдаггүй хариуцлагагүй байдалд ундуйцаж явдаг талаараа өгүүлсэн юм. Түүний хувьд өглөө хамгийн эрт ажилдаа ирж, орой хамгийн сүүлд гэртээ харьдаг. Гэр бүлийнхнээсээ хол олон жил бие даан ганцаар амьдрахдаа хааяа учиргүй их ганцаардаж хоосон мэдрэмж төрж л байдаг. Ялангуяа баяр ёслолын үеэр. Гэвч сонгосон зам хүлээсэн үүргээ бодоод тэр бүр сэтгэлээ ил гаргадаггүй.
Ийм үедээ өвчтөнүүдээсээ “баярлалаа” гэдэг үгийг сонсчихоор урам орчихдог. Миний амьдралын сонголтын үнэ цэнийг мэдрүүлдэг үг. Таван жилийн дотор би 1500 гаруй хагалгаа хийжээ. Зарим аймаг сумдаас зөвхөн надад үзүүлнэ гэх өвчтөнүүд ирдэг. Энэ бүхэн надад туйлын сайхан мэдрэмж төрүүлдэг. Миний хувьд цаашдаа ч Монголд амьдарсаар байх болно” хэмээн ярьлаа.