Дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага цаг хугацаагаа даган хувьсаж, залуусын сэтгэлгээ, мэдрэмжийн хурд улам өссөөр байна. Энэ цаг үед манай улсын театрын хөгжил ч өсөн дэвшиж байгаа. Үүний тод жишээ нь шинэ илэрхийлэмж, шинэ техник технологийн дор постдрамын чиглэлээр найруулан тавьж буйгаараа онцлогтой "Фауст" жүжиг, театр урлагийн чамин тансаг гэх үнэлэмжийн хэм хэмжээг тодорхойлсон "Анна Каренина" жүжгийг хамруулж болно.
Эдгээр жүжгийн талаар бид СУИС–ийн багш, утга зохиол судлаач шүүмжлэгч Х. Чойдогжамцтай ярилцсан юм.
Тэрээр, “Германы агуу сэтгэгч И.В.Гёте “Фауст” зохиолоо 60 жилийн туршид ирээдүйн тухай зөгнөж бичсэн байдаг. Энэхүү бүтээлийг постдрамын чиглэлээр найруулан жүжиг болгон тавихдаа зохиолчийн хэлэх гэсэн санааг тайзан дээрээс аль болох сонирхолтой хэлбэрээр, харилцан ярианы энгийн диалогоор хүргэхийг зорьжээ. Энэ бүхнийг найруулагч цаг хугацааны нандин мэдрэмжин дээр зангидаж чадамгай гаргаж харууллаа.
Жүжгийн өрнөл хэсэгт,
- аз жаргал ямар өнгөтэй вэ?
- аз жаргал ямар үнэртэй вэ?
- аз жаргалын төлөө хүмүүс төлөөс төлдөг үү? гэх асуултыг дэлгэцэн дээр текст хэлбэрээр тавих үед ямар ч хариулт хэлэх боломжгүй мэт санагдахаар маш хүчтэй мэдрэмжийг төрүүлж байсан. Үгний цаана байгаа утга агуулгыг баллуурдаад хаячихаж байгаа юм шиг л. Үзэгчдэд ийм гүн мэдрэмжийг түгээх нь найруулагч болон уран бүтээлчдийн зорилго хэмээн миний хувьд ойлгосон.
Мөн гол дүрийн хоёр жүжигчний хувьд маш эрчимтэй, уран чадвараараа бие биенээ гайхалтай нөхсөн, нягт уялдаатай хоршлыг харуулж чадлаа. “Фауст” гэх том туульсын жүжгийг тайзан дээр хураангуйлан илэрхийлэхдээ аль болох шинэлэг өнцгөөс орчин цагт яаж илэрхийлж амилуулж болох вэ гэдэг талаас нь харсан байна. Энэ нь нэг талаас эрэл хайгуул, нөгөө талаас театрт үзүүлж буй маш том туршилт юм.
Аливаа туурвилыг жүжиг болгохдоо эх зохиолд маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Фауст жүжиг дээр Норовын Пүрэвдавга гэх зохиолч маш олон сонгодог жүжгүүдийг хувиргаж орчуулсан хүний хувьд туршлагатай ажилласан байна.
Харин Анна Каренина жүжгийн хувьд маш олон дүртэй том хэмжээний романыг ганц Анна Каренинагийн амьдралаар төлөөлж тайзан дээр үзүүлэхийн тулд уран сайхны багасгалыг хийх шаардлагатай болно. Үүн дээр УДЭТ–ын уран бүтээлчид их чадамгай ажилласан.
Жүжигчин Н. Баярмаагийн хувьд тэр олон сэтгэл зүйн хувирлууд, амьдралын ээдрээтэй цаг үеүдэд маш түргэн хувьсаж, жүжгийн гол нурууг чадамгай авч гарсан гэж хэлмээр байна.
Энэхүү жүжгээс үзэгчид, өөртөө үнэнч байснаараа бусдыг хэрхэн ойлгож, хайрлаж болох талаар илүү гүнзгий мэдэрсэн байх” хэмээн ярилаа.
Мөн тэрээр, “Театр бол хамтын урлаг. Харин театрын хөгжлийг жүжигчдийн ур чадвараар нь дүгнэж болно. Миний хувьд дээрх хоёр жүжгийн дүрүүдийг бүтээсэн нийт уран бүтээлчдийн ур чадварыг өндөр түвшинд үнэлж байгаа” гэв.