Оюутолгой төслийн хувьд Рио Тинто компанитай хийсэн манай анхны Засгийн газрын гэрээ бол Оюутолгой төсөл дээр эрчим хүчээ 100% дотоодоосоо хангана гэсэн байдаг. Гэтэл энэ гэрээнийхээ үүргийг манайхаас одоо болтол биелүүлээгүй Хятадаас эрчим хүчээ авч байна. Жилдээ 150-250 сая долларыг Хятад улс руу урсгаж байгаа юм. Монгол улс Оюу Толгойн эрчим хүчийг дотооддоо хангах боломж бий юу талаар Ньюком группийн ТУЗ-ийн гишүүн Э.Орчлонгоос тодрууллаа.
Оюутолгой төслийн хувьд Рио Тинто компанитай хийсэн манай анхны Засгийн газрын гэрээ бол Оюутолгой төсөл дээр эрчим хүчээ 100% дотоодоосоо хангана гэсэн байдаг. Гэтэл энэ гэрээнийхээ үүргийг манайхаас одоо болтол биелүүлээгүй Хятадаас эрчим хүчээ авч байна. Оюу толгойн эрчим хүчийг бид дотоодоосоо хангах боломжтой юу? Танайх Өмнөговьд сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан станцууд барьсан туршлагатай компани учраас энэ асуултыг асууж байна?
2019 онд Монгол улсын засгийн газар Рио Тинто, Туркойз Хилл компаниуд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байсан. Гэрээнд Оюутолгойн үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой компани Монгол улсаас эрчим хүчээ хангана гэсэн заалт байдаг. Оюу толгойн үйл ажиллагаа, олборолт, Оюутолгой зэсийн баяжмалын экспорт нь 2013 онд эхэлсэн. Тийм учраас үндсэндээ 2017 оноос эрчим хүчээ дотоодоос хангах үүрэгтэй байсан. Энэ үүрэг яагаад одоо болтол хэрэгжээгүй байна гэхээр тухайн үед Оюутолгой манай Засгийн газар хоёр хэлэлцээд Тавантолгойн цахилгаан станцыг барих юм. Энэ үүргийг Таван толгойн цахилгаан станц баригдтал хойшлуулж өгөөчээ гэсэн тохиролцооны дагуу явагдаж байсан.
Бидний туршлагаар бол нүүрсэн цахилагаан станцад хөрөнгө оруулалт татах, томоохон нүүрсэн цахилгаан станц барих нь өнөөгийн нөхцөлд асар хэцүү. Таван толгойн цахилгаан станц гэдэг төсөл 2012 оноос хойш одоо найм дах жилдээ явж байна. Манай компанийн хувьд бол бас 5-р цахилгаан станцын төслийн концесс эзэмшигч байсан. Барилга угсралтын ажлаа эхлэхийн даваан дээр манай гадны хөрөнгө оруулагчид нүүрснээс татгалзаж байна, бид нүүрсэн цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх боломжгүй боллоо гэж мэдэгдээд төсөл царцсан байсан.
Түүнээс хойш бид 5-р цахилгаан станцыг нүүрсэн биш газаар ажилдаг цахилгаан болгох гээд ажил нь ТЭЗҮ боловсруулах түвшиндээ явж байна.
Миний хувьд өмнө нь Оюу толгойд ажиллаж байсан. Тэр туршлага дээрээ ч үндэслээд тэр, манай баг хамт олон хоёр асуултын дагуу маш сайн судалгаа хийсэн:
- Яагаад дотоодоос эрчим хүчээ хангах боломжгүй байдаг юм бэ?
- Сэргээгдэх эрчим хүчээр яагаад хангаж болдоггүй юм бэ?
Гэж сүүлийн дөрвөн жилд манай багийнхан, манай хамт олон, судлаачид, олон улсын зөвлөх, олон улсын техникийн компани, хөрөнгө оруулагчидтай нийлж маш нарийн судалгаа, ТЭЗҮ хийсэн.
Манай хийсэн судалгаа, ТЭЗҮ-ийн дүгнэлтээр:
Оюутолгойн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр ТЭЗҮ дээрээ үндэслээд бид энэ оны нэгдүгээр сард Оюутолгойд маш тодорхой санал тавьсан. 500 мегаваттын нар салхи, батерей хураагууртай хосолсон цахилгаан станц барьж өгч, эрчим хүчийг Монголоос нийлүүлье гэсэн.
Манай саналын хамгийн гол давуу тал нь шинэ нүүрсэн цахилгаан станц барьж байснаас илүү хямд тарифаар нийлүүлнэ гэсэн санал юм. Мөн бид энэ боломжоороо Монголоос гадаад руу эрчим хүч экспортлох боломжтой болж байгаа юм.
Бид Оюутолгойн эрчим хүчийг дотоодоосоо хангадаг болчихвол жилдээ хичнээн төгрөгийг дотооддоо шингээх боломжтой вэ?
Одоо миний ойлгож байгаагаар Оюутолгой компани 110-150 мегаваттын хэрэглээтэй. Энэ нь зөвхөн ил уурхай дээрээ. Далд уурхай ашиглалтад орохоор дундаж ачаалал нь 270 мв болоод, ид ачаалал нь 290мв болно гэсэн үг. Одоо жилд 100 – 150 сая доллар Хятадруу урсаж байгаа. Энэ тогтолцоогоороо далд уурхай ашиглалтад ороод хэрэглээ улам их болбол Хятадаас эрчим хүч худалдаж авах нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байвал 250 сая доллар урсана гэсэн үг.
Станц барих станц удаашрах тусам л гадаадруу валют урсаад байна.
Та бүхний саналыг Оюутолгой яаж хүлээж авсан бэ? Хэрэгжих боломж нь ямар байна ?
Оюутолгой болон Рио Тинтогийн техникийн хүмүүс судлаа боломжтой юм байна гэдэг дүгнэлтээ хийчихсэн. Түүний хүрээнд бид гэрээ хэлцэлдээ ороод явж байсан.
Манай төслийн хувьд Оюутолгойд ч тэр, Монголын Засгийн газар ч тэр маш ач холбогдолтой төсөл гэж үзэж байгаа. Дотоодоосоо 500мв нар салхины эрчим хүчээр Оюутолгойг хангана гэдэг бол амаргүй зүйл.
Гэхдээ Оюутолгойн хувьцаа эзэмшигчид буюу Рио Тинто, Монголын Засгийн газар хоёр энэ хувилбарыг болж байна гэж тохиролцож дэмжвэл бид маргаашнаас ч ажлаа эхлэхэд бэлэн болсон байгаа.
Японы Softbank зэрэг дэлхийн хэмжээний томоохон хөрөнгө оруулагчдаас санхүүжилтээ шийдчихсэн. Нийтдээ 800 сая долларын хөрөнгө оруулалт орж байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний 3 давуу талтай.
- Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц нүүрсэн цахилгаан станцны тарифаас илүү хямд.
- Хоёр дахь давуу тал нь илүү хурдан баригдана. Нүүрсэн цахилгаан станцыг хамгийн багадаа дөрвөн жил барина. 500мв-ын сэргээгдэх цахилгаан станцыг бид жил хагасын хугацаанд барих боломжтой.
Тэр хэмжээгээрээ Хятадруу урсгадаг байсан мөнгө дотооддоо шингэнэ гэсэн үг.
- Говь бол асар их усны хомсдолд орсон нутаг. Нүүрсэн цахилгааан станц барина гэвэл жилд 950 сая тонн ус хэрэглэнэ. Сэргээгдэх эрчим хүчний станц барих юм бол нэг ч тонн ус хэрэглэхгүй байгальд ээлтэй технологи юм.
Манайд цахилгаан станцын төслүүд олон жил яригддаг хэрнээ ажил болж чаддаггүй. Үүний цаана санхүүгийн боломж байна уу, хоёр хөршийн нөлөө байна уу?
Манай компанийн туршлагаас юу анзаарсан бэ гэвэл энэ цаг үед дэлхийн зах зээлээс нүүрсэн цахилгаан станцын төсөл дээр хөрөнгө оруулалт татах нь боломжгүй зүйл болчихсон.
Нэгт санхүүжүүлэх банкууд олдохгүй, хөрөнгө оруулалт олдохгүй байна. Нөгөө талаас нүүрсэн турбин үйлдвэрлэгч компаниуд ч маш цомхон болж байна. Мөн нүүрсний цахилгаан станц барьлаа гэхэд даатгах компани байхгүй болчихсон. Дэлхийн бүх томоохон даатгалын компаниуд нүүрснээс татгалзаж байна гэдгээ зарлачихсан. Тэгэхээр өөрийнхөө хөрөнгөөр тэрбум доллар гаргаад нүүрсний станц барьлаа гэхэд түүн дээрээ даатгал авч чадахгүй бол асар их бизнесийн эрсдэл болно. Гэх мэтчилэн санхүүжүүлэлт хийх, хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт хийх нөхцлүүд нь өөрөө хумигдаж эхэлж байна.
Манай улс дотооддоо өөрсдөө хөрөнгө босгоод нүүрсэн цахилгаан станц барья гэхээр манай эрчим хүчний тариф, хэрэглээний тариф асар хямд байдаг. Төрийн бодлогын дагуу, дундаж айл ардаа 25 мянга орчим төгрөг цахилгаанд зарцуулж байна. Тэгээд салбар нь өөрөө алдагдалтай ажиллаж байдаг. Ийм хямд тарифтай болохоор үүн дээрээ хөрөнгө оруулалт хийх компани олдохгүй байна.