Одоогийн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн Захиргаа гэж бий. Газар гэх үү, хэлтэс хэмээх үү хэлж мэдэхгүй. 2001 оноос өдгөө хүртэл явсан нэршил нь салбар яамны л харьяа. Үе үеийн Засгийн газар, танхимынх нь Зам, тээвэр хариуцсан гишүүний “халаас”-нд байж, бүтэц нь томорч ирснээс өөрөөр барагтаа гар хүрдэггүй, дархан эрхтэйгээр өнөөг хүртэл явж ирсэн цорын ганц бүтэц. Учир юу гэвэл уг бүтцийн үүх түүхийг сөхвөл нэлээд элдэвтэй бас сонирхолтой.
Монгол Улс далайд гарцгүй ч олон улсын гэрээ, НҮБ-ын конвенцод 1996 онд нэгдэн орсны дараа “Их далайг ашиглах талаар авах зарим арга хэмжээний тухай” 316 дугаар тогтоолыг арван хоёрдугаар сарын 18-нд баталж, Улаанбаатарыг бүртгэлийн боомт хот болгон зарлажээ.
Энэ хүрээнд 1999 оны тавдугаар сарын 28-нд Далай ашиглах тухай хуулийг парламентаас баталж, 2001 оны нэгдүгээр сарын сүүлчээс Дэд бүтцийн болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдад тус тус даалгах Засгийн газрын шийдвэр гарч байв. Улмаар салбарын яамны харьяа Авто тээврийн газраас Сингапурын хөрөнгө оруулалттай “Маритайм Чейн”-тай гэрээ байгуулснаар хоёр улсын хамтарсан “Монголын хөлөг онгоц бүртгэл” компанийг байгуулж, 2003 оноос үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн байдаг.
Ардчилсан намын анхны Ерөнхий сайд М.Энхсайханы үед сэдэл нь төрж, Ж.Наранцацралт агсныг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байхад УИХ-аас соёрхож, Н.Энхбаярыг “Хаан” болох эхлэлээ дөнгөж тавьж эхлэх мөчид хөрс суурийг нь тавьсан “алдартай” бүтэц гэж тодотгоход үнэнд илүү ойртоно.
Анхлан хэрэгжүүлэгч нь Ерөнхий сайд Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн сайдаар очсон Б.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хариуцаж байсан Д.Насанжаргал нар. Ямар ч байсан Монгол төрийн залгамж халааны тод илрэл нь энэ бүтэц байж ирснийг одоо өгүүлье. Энэ үеэс далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улс далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашгийг хүртэхийг эрмэлзэж, хөрш орноор дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, найдвартай гарцтай болох, тээвэр хийх, гадаад худалдааныхаа эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн том зорилго тавьжээ.
Өнөөгийн нөхцөл байдлаар жишвэл ОХУ-ын Восточный боомтоор дамжуулан гуравдагч хөршид нүүрсээ борлуулах Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгатай бараг л агаар нэг юм. Гэвч тэгсэнгүй. Тийм ч байсангүй. Монгол Улсад ч төдийлөн орлого орсонгүй, оруулсангүй. Жилдээ 200 гаруй сая төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг тухай мэдээлэл бий. Тэгсэн атлаа улсын төсвөөс санхүүждэггүй, тэгэхдээ олсон орлогоор санхүүжилтээ хийж, орон тоогоо, бүтцээ цалинжуулж ирсэн гэх ганцхан гоё үг нь тэднийг чимдэг, өөрсдийгөө өмөөрөх шалтгаан болж иржээ.
Н.Энхбаярын Засгийн газрын үед үйл ажиллагаа нь өргөжин тэлэх амбийцтай эхлүүлсэн Далайн захиргааны бүтцийн бодлогод 2007 оны арван нэгдүгээр сарын 5-нд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлийн 174 дүгээр тушаалаар “Далайн захиргаа байгуулах, түүний бүтэц, орон тоо, дүрэм, цалин батлах тухай” нэртэй зарим өөрчлөлтийг хийжээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга асан М.Энхболдыг Ерөнхий сайдаас буухаас хоёр долоо хоногийн өмнө энэхүү үйл явдал болсон байдаг.
Сонирхолтой нь, салбарын сайд нь танхимаараа огцрохоос өмнө гаргасан тушаал нь Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, өөрийнх нь буюу Ц.Цэнгэлийн хүү Хангай нарыг албан тушаалд томилох л байв. Өөрөөр хэлбэл, Далайн захиргааны бүртгэгчээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дүү Энхтуяа, дэд захирлаар нь сайд асан Ц.Цэнгэлийн хүү Хангай нарыг томилж, ажиллуулж байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тухайн үеийн Төрийн өндөр албан тушаалтнууд дүүгээ, хүүгээ чимээгүйхэн томилж орхисон нь л зарим хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Ингэж л Зам, тээврийн салбарын харьяанд хавчуулагдаж ирсэн уг бүтцийн талаар мэдэх, яг юу хийдгийг нь сонирхсон хэвлэлийнхэн хараагаа төвлөрүүлж эхэлсэн юм. Гэхдээ амжилт олоогүй.
Ямар сайндаа л “Хамтарсан компанийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийг л ах дүү хамаатан садан гэж яриад байгаа юм л даа. Тэр нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Энхтуяа гээд бүсгүй бүртгэгчээр тэнд ажилладаг. Бас Цэнгэл гишүүний хүү Хангай гэж залуу дэд захирлаар ажилладаг. Энэ хоёрыг л яриад байгаа юм. Ц.Хангай ажилдаа үнэхээр сайн залуу шүү дээ. Ерөнхийлөгчийн дүү ч гэсэн ажлаа хийгээд л явж байгаа хүн. Бид тэгээд ажлаа хийгээд явж байгаа хүнийг “Чи Ерөнхийлөгчийн дүү боль, чи гишүүний хүү байна боль” гэж хэлж болохгүй биз дээ. Түүнээс тэр хоёр хоорондоо садан төрөл биш, бидний дунд ч садан төрлийн хүн байхгүй” хэмээн Далайн захиргааны дарга Д.Галсандондог одоогоос 11 жилийн өмнө өөрийн тэргүүлдэг бүтцийн бүрэлдэхүүнээ өмөөрсөн ярилцлага өгч байх вэ дээ.
Анхнаасаа л сайд, дарга эсвэл Төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд очдог, бодлого зангидаж, үйл ажиллагааг нь хариуцахаар байгуулсан уг газрыг өдгөө Саранжавын Түвшинтөр хэмээх залуу даргалдаг.
САРАНЖАВЫН ТҮВШИНТӨР
Монгол Улсын Далайн захиргааны дарга
Аав Ч.Саранжав нь Эрчим хүчний хөгжлийн төв, “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин ээж нь УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа. Олон нийт түүнийг У.Хүрэлсүхийг Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байснаар нь эчнээ танина. Нэг үгээр, Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн энтэй болсон Н.Энхбаяр, УИХ-ын гишүүнээс салбарын сайд болтлоо дэвшиж явсан Ц.Цэнгэл нарын томилгоо хоёр жилийн өмнө ч Монголын төрд уламжлагдан үлдсэн нь С.Түвшинтөр Далайн захиргааны дарга болсон явдал байлаа.
Хамгийн анхаарал татахуйц нь УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа Говь-Алтай аймгаас сонгогдсон Б.Энх-Амгаланг салбарын сайдаар ажиллаж байх үед Засгийн газраас УИХ-д нэгэн хуулийн төслийг өргөн мэдүүлснийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаажээ. Тэр нь Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн цаг нь хугацаа нь 2019 оны аравдугаар сарын 17. Гишүүн Б.Энх-Амгалан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өргөн мэдүүлснийг удахгүй нээлтээ хийх намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр болсон нь энэ.
Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хэд хэдэн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн нь анхаарал татаж, хардлага, төрүүлэхүйц заалт оруулсан нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд салбар хариуцсан яамны харьяанд явж ирсэн Далайн захиргааны статусыг өөрчилж, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох заалтыг оруулжээ. Өөрөөр хэлбэл, үе үеийн дарга, сайд нарын хамаарал бүхий этгээдийн орогнож ирсэн уг бүтцийг томруулж, Засгийн газрын харьяаны агентлаг болгохоор хуульд тусгасан хэрэг. Хуульд тусгах замаар бие даасан агентлаг болгосон тохиолдолд улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүйгээр Монгол-Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийн үйл ажиллагааны орлогоос өөрсдийгөө санхүүжүүлээд явах тул улсын төсөвт шинээр зардал бий болгохгүй, дарамт учруулахгүй тухай ч учирлажээ.
Үргэлжлэл бий…
Г.Сондор