Монгол улс жилдээ 300 сая ширхэг өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Нийт өндөгний хэрэглээний 50 хувийг нь ОХУ-ын импортын өндөг хангадаг бол 50 хувийг нь “НВЦ” ХХК, “Түмэн шувуут” ХК зэрэг дотоодын үйлдвэрүүд хангадаг юм.
“Түмэн шувуут” ХК-ийн өндөгний үйлдвэр дээрээс бэлтгэсэн сурвалжилгыг хүргэе.
“Түмэн шувуут” ХК-ийн үйлдвэр 350 мянган тахиатай, өдөрт 250-300 мянган ширхэг өндгийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг. Энэ нь нийт зах зээлийн 30 хувь юм.
Монголчууд өндөгнийхөө хэрэгцээг дотооддоо хангах боломжтой юу?
“Түмэн шувуут” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд:
Шувууны аж ахуйг хөгжүүлээд өндөгний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах бүрэн боломжтой. Шувууны аж ахуй эрхлэхэд төрөөс импортын өрсөлдөөнөөс яаж хамгаалах вэ гэдэг тогтсон бодлого хэрэгтэй байна. Шувууны аж ахуй эрхлэгчид хөнгөлөлттэй зээл ч гэдэг юм уу янз бүрийн юм хүсэхээсээ илүү импортын өрсөлдөөнөөс хамгаалсан тодорхой бодлого гаргаад өгвөл зүгээр байна. Импортын өндөгтэй жижиг фермерүүд өрсөлдөхөд хэцүү. Тийм учраас жижиг фермерүүд үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй байгаа. Тэрнээс улбаалаад хөдөө орон нутгуудад шувууны аж ахуй хөгжихгүй байна. Хөдөө орон нутагт аймаг болгондоо 10-20 мянган шувуутай жижиг жижиг ферм байгуулаад ажлын байр бий болгоод явах бүрэн боломжтой.
Импортын өндөг 20-30 төгрөгөөр хямд байдаг. ОХУ-д үйлдвэрлэгдэж байгаа өндөг маш хямд өртгөөр гарч байгаа. Яагаад гэвэл тэнд тахиа тэжээж байгаа тэжээл нь дотооддоо хямд үнэтэй үйлдвэрлэдэг. Мөн ОХУ-ын зарим шувууны фермерүүд БНХАУ-аас оруулж ирдэг хямд тэжээлээр борддог. Харин манай дотоодын өндөгний үйлдвэрүүд Монгол тэжээлээр шувуугаа тэжээдэг.
Шувууны аж ахуй бол хүн эрхэлж болохгүй нарийн төвөгтэй хэцүү бизнес биш. Хүмүүсээ сургачихаж болж байна, тэжээлээ Монголд үйлдвэрлэдэг болсон, дэгдээхэйгээ ч бас Монголоос авч байна. Ганц айж байгаа юм нь импортын өрсөлдөөнөөс яаж хамгаалагдах вэ гэдэг л байна. Үүн дээр тодорхой бодлого байхгүй учраас фермерүүд зоригтой хөрөнгө оруулалт хийж чаддаггүй. Өндөгнийхөө хэрэгцээг өөрсдөө хангана гэдэг бол шинэ өндөг хэрэглэнэ гэсэн үг. Оросоос орж ирж байгаа өндөг 3-7 хоногийн дараа хэрэглэгчийн гар дээр очдог.
“Түмэн шувуут” ХК хаягдал цаас боловсруулан өндөгний цаасан үүр хийж байна