Энэ их дутуугийн комплекстой болохоор тэрийгээ нөхөж үнэтэй машин унадаг, эд хогшилд дурладаг, энэ дутуугийн комплекстой болохоор өөртөө итгэлгүй, бүрэг ичимхий юм зайлуул гэсэн яриа дүгнэлтийг сонсож байгаагүй хүн ховор байх. “Дутуугийн комплекс” гэж бидний нэрлэж заншсан сэтгэлзүйн асуудлын талаар сэтгэл судлаач Л.Энхтүшигтэй ярилцлаа.
- “Дутуугийн комплекс” гэж юу вэ? Хүн бүрт байдаг сэтгэлзүйн асуудал уу?
Хүн бүр л “дутуугийн комплекс” гэдэг үгийг ярьдаг болсон, их, бага хэмжээгээр ойлголттой болсон санагддаг. Гэхдээ дутуугийн комплекс гэдэг үг сэтгэл судлал, философийн бүтээл дундаас гарсан нэр томъёо, ойлголт учраас хүний стрессийн түвшин яг тэд байна гээд тодорхойлдгоос ялгаатай.
Ер нь хүнийг ажиглаад үзэхээр амьдралынхаа турш юм бүхнийг өөртөө “авах” гэж хичээсээр дуусдаг. Жишээ нь, бага насны хүүхэд өөртөө байхгүй тоглоомыг өөр хүүхдээс булааж авах, бусдад байгаа зүйлсийг шууд өөртөө авахыг хүсдэг. Сургуулийн хүүхэд бусдынхаа гутал, хувцсыг ихэд шохоорхдог бол томчууд нэгнийхээ шинэ байр, машин, эд хөрөнгийг хараад тийм л зүйтэй болохыг хүсдэг. Гэвч энэ нь дутуу зүйлээ дүүргэх, хэрэгцээгээ нөхөх хүний жам бөгөөд нийгэм, түүхийн явцад ч ядуус нь дээдсийгээ авч хаядаг мөнхийн тойргоос харагддаг. Тэгэхээр энэ бол хүнийг зорилгод зарим талаараа хүргэж өгдөг хүчин зүйлс гэж ойлгож болно. Үүнийг дутуугийн мэдрэмж гэдэг.
Хүн бусдаас илүү гарах, тэмцэлдэх, өөрийгөө хөгжүүлэхэд муу зүйл байхгүй. Жишээ аваад үзье. Баяраа найзынхаа машиныг хараад шинэ машин худалдаж авах сэдэл төрвөл энэ байдаг л зүйл. Харин Баяраа эргэн тойрныхоо хүмүүстэй үргэлж барьцах, тэдэнтэй өрсөлдөх мэдрэмжээр цэнэглэгдэж байвал хэвийн биш болж байна гэсэн үг. Цаашид ийм байдлаар аз жаргалтай мэдрэмжийг бусдаас илүү, хүч чадалтай гэдгээр мэдрэмжээр сольж байвал үүнийг дутуугийн комплекс гэж үзэхээр байна.
- Дутуугийн компексийн ямар ямар хэлбэрүүд байдаг вэ? Үүнээс үүдсэн сэтгэлзүйн асуудал арилдаг уу?
Би нэгэн өвчтний түүхийг судалж байсан юм. Тэрээр 40 орчим настай эрэгтэй. Орой эхнэр нь ажлаа тараад ирэхээр нөхрийнх нь астма хөдөлдөг. Үүнийгээ гэрт олон хүн цуглаад ирэхээр амьсгал давчдаад байна гэж тайлбарладаг байсан юм. Судлаад үзэхээр өвчтөн хүүхэд байхдаа өдрийн ихэнхи хугацааг ээжтэйгээ өнгөрүүлдэг байсан бөгөөд орой аав, ах, эгч нар нь ирэхээр мэдээж ээж бусадтай нь харилцах хэрэгтэй болдог. Энэ байдлаас үүдэн хүү ээжийнхээ анхаарлыг хүнтэй гэрлэх хүртлээ татах гэж их хичээдэг болсон байна. Мэдээж эхнэртэй болсны дараа ээжийнхээ анхаарлыг татах шаардлагагүй болж, орой болохоор ухамсаргүйгээр түүний астма хөдөлж тэр хавиар нэг шуугиан дэгдээдэг байж л дээ. Эндээс юу гэж ойлгож болох вэ гэхээр дутуугийн комплекс бол зүгээр нэг эд хөрөнгө цуглуулах, бусадтай барьцах асуудал биш. Энэ нь зарим талаараа бусдын анхаарлыг татах хэвийн бус сонирхол байдаг.
- Ямар сөрөг нөлөөтэй вэ?, Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ юун дээр анхаарах ёстой вэ?
Энэ чиглэлийн ном, сурах бичгүүдэд “нийгэмд ашиг тустай” гэдэг зөвлөмжийг олон удаа дурьдсан байдаг. Хийж байгаа үйлдэл нь өөрийн эго-г тэжээхийн тулд биш гэсэн үг. Жишээ нь, хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо янз бүрийн зорилготой байдаг шүү дээ. Жишээ нь, намайг дунд ангид байхад эргэн тойрны маань томчууд гааль, татварын албаны мэргэжилтэн болох хэрэгтэй, их мөнгө олдог гэж их ярьдаг байсан. Энэ бол цэвэр хувиа хичээсэн явдал. Хүүхэд цаашид нийгэмд ашиг тусаа хүргэнэ гэсэн ойлголтгүй болгоно гэсэн үг. Ийм бэртэгчин ойлголт Монголд их байгаа учраас хүн зөвхөн өөрийгөө л боддог, дөвийлгөдөг, бусдаас илүү гэдгээ мэдэрч таашаал авах гэсэн “муухай” хүн болж хувирах аюултай. Эсрэгээрээ зарим хүүхдүүд эцэг, эхийгээ эмчлэхийн тулд эмчийн мэргэжлийг сонгодог жишээ бий. Энэ бол нийгмийн ашиг тусын төлөө шүү дээ. Гэхдээ үүнийг хүмүүсийн анхаарлыг татах гэж сайн дурын ажил хийдэгтэй хутгах хэрэггүй.
Эцэг, эхчүүдийн хүмүүжлийг ажиглаад байхаар одоо ч гэсэн тэрний хүүхэд онц авчихсан байна, ийм сайн ажил хийж байна, чи юугаараа дутдаг юм гэж их хэлдэг дээ. Энэ буруу шүү. Хүүхдийн “шар”-ыг хөдөлгөх гэж Монголчууд ярьдаг. Ялангуяа хүүхэд байхаас нь бусадтай харьцуулдаг, доош нь хийдэг нь буруу арга барил. Хүүхэд ийм мэдрэмж амсаад ирэхээр яриад байгаа дутуугийн мэдрэмжээр цэнэглэгдэж ирдэг. Нэг хэсэгтээ хичээлдээ сайн дүн аваад, ажил төрлөө хийнэ л дээ. Гэхдээ тэр хүүхдийн ухаан санаанд ийм чадвар эзэмшээд, нийгэмд ийм тус хүргэх ийм мэргэжилтэй болно гэсэн мөрөөдөл байхгүй. Зүгээр л Батаа, Дулмаагийн хүүхдээс илүү гарах ёстой л гэж бодно. Ингээд байвал хүүхэд эргэн тойрны бүх хүмүүсийг дайсан шиг мэдэрдэг. Ийм хүн аз жаргалтай амьдарч чадахгүй.