Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас удахгүй болох УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн нам, нэр дэвшигчдэд хандан авлигатай тэмцэхийн тулд хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг дэмжих амлалт өгөх, хэвлэл мэдээллийн шинэчлэл хийхийг уриалсан байна.
Монгол Улс эрх чөлөөний зарчим, олон ургальч хэвлэл мэдээллийг хүлээн зөвшөөрдөг ч тус улсын хууль эрх зүйн орчин нууц эх сурвалжийг хамгаалах явдал хангалтгүй, мөн одоогийн гүтгэхтэй холбоотой зохицуулалт нь сэтгүүлчдэд цензур тавих, улмаар торгох ял оногдуулах зэрэгт хүргэдэг юм.
Монгол Улс нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексээр 180 улсаас 73 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Уг уриалгыг бүрэн эхээр нь “Өнөөдөр” сонинд монгол хэлээр, “UB Post” сонинд англи хэлээр нийтэлсэн гэжээ.
Дэлхийн авлигатай тэмцэх байгууллагуудын зураглал (тойм) нэртэй тайлан гарчээ
Францын Авлигатай тэмцэх байгууллага нь Авлигын эсрэг Европын зөвлөлийн Авлигын эсрэг улсуудын бүлэг (ГРЕКО), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Авлигаас урьдчилан сэргийлэх байгууллагуудын сүлжээтэй хамтран улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын талаар судалгааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайланг “Дэлхийн авлигатай тэмцэх байгууллагуудын зураглал” нэртэйгээр гаргасан байна.
Тайланг дараахь линкээр орж үзэх боломжтой:
Уг тайланг дэлхийн 114 улс орны 171 байгууллагад хийсэн онлайн судалгаанд үндэслэн гаргасан байна. Төслийн зорилго нь дэлхийн улс орнуудад байгуулагдсан авлигатай тэмцэх олон төрлийн байгууллагуудын талаарх мэдээллийг цуглуулах, төвлөрүүлэх, тархаах байсан юм. Өргөн хүрээний мэдээлэл цуглуулалтын зорилго нь авлигатай тэмцэх байгууллагуудын шинж чанар, тэдний шаардлагын талаар авлигатай тэмцэх чиглэлийн судлаачдын ойлголтыг нэмэгдүүлэхэд нь туслах, мөн түүнчлэн эдгээр байгууллагуудын нийтлэг хандлага, сорилт бэрхшээлийг тодорхойлох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх явдал байсан аж.
Судалгааны тайланд дүгнэхдээ, ерөнхий байдлаар, улс орнуудад авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү байгууллага нь ихэнхдээ хуулийн этгээдээс илүүтэйгээр хувь хүнтэй холбоотой мөрдөн шалгах болон/эсхүл яллах чиг үүрэгтэй байна. Авлигатай тэмцэх байгууллагуудаас хариуцлага хүлээлгэх механизм нь ихэвчлэн захиргааны шинж чанартай байна. Ихэнх авлигатай тэмцэх байгууллагууд нь үндэсний авлигатай тэмцэх стратегийг боловсруулахад оролцсон байгаа бол бага хувь нь хөрөнгө болон ашиг сонирхлын мэдүүлгийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдыг 39 хувь нь өөрийн авлигатай тэмцэх байгууллага нь удирдах албан тушаалтнуудын хөрөнгө болон/эсхүл ашиг сонирхлын мэдүүлгийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байна.