Цаашид бизнесийн чиг хандлага ямар болж өөрчлөгдөнө гэж харж байна вэ?
Дэлхий нийтээрээ бизнесийн чиг хандлага хиймэл оюун ухаанд суурилсан тал уруугаа явж байна. Компаниуд ч бүхий л салбарт үүний үр өгөөжийг ашиглахыг зорьж байна. Товчхондоо, компаниуд хэрэглэгчид файлаа боловсруулах гэж өөрсдөө хугацаа алдаж суудаг биш, бэлэн файлаа илгээхэд л серверээс асар богино хугацаанд боловсруулаад буцаагаад илгээдэг тийм хэлбэр лүү шилжиж байна. Жишээ нь, Майкрософт компанийн Азур систем бий. Тэнд хэрэглэгч сар, жилээр нь төлбөрөө төлчихөөд клауд систем рүүгээ бэлэн файлаа өгчихнө. Ингэхэд тухайн клауд систем дэх том серверүүд ажиллаад ганцхан минутын дотор тухайн файлыг нь боловсруулаад өгчих жишээтэй. Хэрэгтэй үедээ мөнгөө төлөөд үйлчилгээгээ авна. Хэрэглэгчдэд нүсэр технологи, өндөр хүчин чадалтай компьютер хэрэгсэл хэрэггүй болж байгаа юм. Манай компани ч ийм жишигт шилжиж эхэлсэн. Сараар төлбөрөө төлөөд л үйлчилгээгээ авчихдаг. Тэгэхээр цаг мөнгө хэмнэхээс гадна, ажлын бүтээмж нэмэгдэж байгаа.