Сэтгүүлч, яруу найрагч Ц.Доржсэмбэтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Тарган сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан.
-Цагаан сарын өмнөхөн Францад гарсан Монголын орчин үеийн яруу найргийн түүвэр номд таны гурван шүлэг багтжээ.
-Би тэр ном гарсныг мэдээгүй байхад зохиолч хуурай дүү маань таараад “Сэмбээ ах аа таны шүлгүүд Францад хэвлэсэн номд орсон байна. Та авсан уу?” гэдэг юм. Тэгээд Г.Мэнд-Ооёо ахын туслахаар дамжуулж тэр номыг авсан. Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтнүүдийн шүлэг тэр номд ороогүй юм билээ. Гайгүйгээс Г.Мэнд-Ооёо ахын бүтээл харагдана лээ. Дээр нь манай зохиолчид Доржсэмбийн шүлгүүдийг оруулья гэж зөвлөлдөөд багтаасан байх магадлалтай. Би ч их баярласан. Хувьтай юм даа гээд. Мөн Хятадад ханз үсгээр миний шүлгийн номуудаас түүвэрлэн хэвлэжээ. н.Ерөөлт гэж Өвөр монгол залуу Цагаан сарын өмнө ном, юанийг чинь аваад очно гэсэн. Коронавирусаас болоод ирж чадаагүй.
-Таныг 1990-ээд оны шилдэг яруу найрагчдын нэг гэдэг. Тантай мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж, дотно нөхөрлөсөн нөхөд гэвэл?
-Намайг танихгүй зохиолч, яруу найрагч гэж байхгүй. Бас олон сэтгүүлч ахыг нь андахгүй ээ.
-Нутаг ус, аав ээжийн тань талаар асууя?
-Би Улаанбаатар хотод 1975 оны хоёрдугаар сарын 2 буюу Д.Сүхбаатар жанжинтай нэг өдөр төрсөн. Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт анхны дуугаа хадаасан гэдэг. Унаган гарал гэвэл Сүхбаатар аймгийн Улаан баян сум. Төрсөн эцэг Батмөнх Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Сангийн аж ахуйд холбооны эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Намайг Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэнд гэж хүнд үрчлүүлсэн юм. Өсгөсөн эцэг маань намайг Сүхбаатар руу дагуулж, төрүүлсэн эцэг эхтэй маань хааяа нэг уулзуулдаг байсан. Би эцэг эхээс тавуулаа. Дээрээ ахтай, хоёр охин, нэг эрэгтэй дүүтэй. Миний төрсөн аав өсгөсөн эцэгтэй маань Замын-Үүдийн хилийн цэрэгт хамт алба хаасан юм билээ. Онжавууд. Өсгөсөн эцэг Цэндийн анхны хүү тухайн үед нас барж, зовлон шаналалтай байхад нь аав маань намайг үрчлүүлсэн юм билээ. Тэгээд Цэнд гэж хүний хүү болж байгаа юм. Үрчилж авсан ээж бол Баянхонгор аймгийн Өлзийт сумын түүх, газар зүйн багш мэргэжилтэй, Боловсролын тэргүүний ажилтан хүн байлаа. Миний нэрний овгийн эхний үсэг ингэж өөрчлөгдсөн түүхтэй.
-Таны бага насны дурсамж Өлзийт сумтай холбоотой гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Би бага байхаас Оросын ард түмний дунд өссөн ч гэж хэлж болохоор. Өлзийтөд Орос цэргийн анги байрладаг байлаа шүү дээ. Аав мотоцикл дээрээ намайг сундлаад орос цэргүүд дээр их очно оо. Нэг бараан дурсамжаа сөхье л дөө. 1984 онд наймдугаар сард есөн настайдаа “Зил-130” машины тэвшин дээр хадлан тариалангийн ажилд оролцох ах эгч нартай хамт явдаг юм. Тэгсэн давааны уруу явж байтал сууж явсан машины тормоз гэнэт ажиллахаа больж онхолддог юм байна. Тэнд надаас гадна 13 хүн зорчиж явсан. Хамгийн бага нь би. Тэгээд амьд үлдсэн цорын ганц хүн нь ч би. Нэг харах нь ээ шөнө дунд гэрэл цацруулсан олон машин ирж явсан. Ирсэн хүмүүс юм зөөж байсан нь санаанд үлдэж. Одоо бодоход тэд цогцос зөөж байж дээ. Тэгээд намайг түргэн тусламжийн машинаар аймгийн эмнэлэгт хүргэсэн. Аймгийн эмч нар намайг Улаанбаатар руу яаралтай явуулах хэрэгтэй гээд хотын эмнэлэгт хэвтүүлдэг юм. Хотод авчрахад төд удалгүй ЗХУ-ын Якутын эмнэлэг рүү явуулах шийдвэр гаргасан гэдэг. Тэнд зургаан сар эмчлүүлсэн дээ. Одоо архинд орсон тухайгаа ярих уу?
-Хүүхэд насны тань дурсамжийг яриулж дуусгаад энэ талаар асууя гэж бодож байна?
-Харин тэгээд яагаав. Би естэйдөө архи ууж эхэлсэн хүн. Амьд үлдэх гэж их ч зовсон. Манай эмч нар энэ хүүхдийг бид дийлэхгүй, хойшоо явуулъя гэсэн тул Якутын Верхоянск хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тэнд том бөгстэй орос эмч, сувилагч эгч нар надад дандаа спирт өгдөг байсан даа. Есөн настай хүүхдэд халбагаар биш судалтай стаканаар дүүрэн цэнхэр спирт хийж өгнө. Тэрийг нь уунгуутаа өвчнөө мартаад унтаад өгнө биз дээ. Согтож байгаа нь тэр юм байлгүй. Согтууруулах ундаа анх амссан нь тэр.
Надад Бавуугийн Лхагвасүрэн гэж агуу хүн мундаг үг хэлж билээ. Ноднин бие нь тааруу гэртээ орондоо хэвтэж байхад нь очиж таарлаа. Битүүний өдөр санагдана. Тэгээд буурал найрагч маань надад “100 граммын ард гарч чадсан хүн гэж байдаггүй юм, Сэмбээ минь мэдээрэй” гээд эхнэртээ “Алив Баасан, наад Сэмбээдээ бүтэн шил архи өгөөд орхи” гэсэн юм. Би тэр үед архийг нь бодсон болохоос үгийг нь толгойдоо тунгаагаагүй ээ. Одоо бодоход айхавтар сургаалийн үг байж дээ. Би Лхагваа ахтайгаа тэгэхэд сүүлчийн удаа уулзаж байна гэж яаж мэдэхэв. Тэгээд маргааш үүрээр өнгөрчихсөн юм билээ. Лхагваа ах бид хоёр тийм ч дотно биш. Яруу найрагчийн хувиар хааяа нэг таарахад хүн чанартай, заавал сургаалийн үг хэлдэг байв.
-Орост зургаан сар эмчлүүлсэн гэхээр хүнд гэмтэлтэй байж дээ?
-Жинхэнэ амьдын там гэдэг чинь тэр. Эмчилгээ дуусаад дамнуургаар Өлзийтөд гэртээ ирсэн. Миний өвдөлтийг намжааж, тайвшруулдаг ганц зүйл нь ердөө л архи. Гэртээ ирэхэд үрчилж авсан аав маань хүртэл архи хийж өгдөг байсан. Тухайн үед архи ховор ч байж. Би бүр муу зан сурчихсан, архигүй бол өвдөлт их мэдрэгдэх шиг санагдана. Өвчин эргүүлж хүүхэд нас минь өнгөрсөн дөө хөөрхий. Би хөл дээрээ босч чадалгүй их ч удсан. Эцэг маань хөлд оруулах гэж олон ч арга хэрэглэсэн. Унадаг дугуй хүртэл авч өгсөн. Хүүхэд хойно шохоорхоод унаж үзэх гэж тэмүүлнэ шүү дээ. Тэгж л дахин хөл дээрээ гишгэж, алхаж сурсан юм. Одоо бол мотоцикл, унадаг дугуй асуудалгүй унана. Техник хэрэгсэлтэй бол харьцана даа.
-Архинаас гарах гэж үзэв үү?
-Саяхан Мааньтад хэдэн сар архины албадан эмчилгээнд явсан. Тэнд Энэтхэгийн эм өгдөг юм билээ. Тэндэхийн уур амьсгал нь манайхаас ямар билээ. Энэтхэг, Монгол хүний бие организм хэр ялгаатай билээ. Тэгээд болоогүй дээ.
Ер нь миний бие муу байгаа. Гэхдээ би үхлээс айдаг хүн биш. Хангалттай амьдарч, сайн, муу их ч юм үзлээ. Хятадын Бээжин хотод хүртэл эмчилгээ хийлгэх гэж очоод бичиг баримт, мөнгө төгрөгөө хаяад зүдэрч л явлаа. Тэгээд Бээжингийн төв талбайд хаанаасаа ч олсон юм, хятад бичигтэй сонин бариад өдөржин сууна. Хятад хүмүүст манайхан таатай ханддаггүй. Би ч ялгаагүй. Гэхдээ тэнд сайн хүн олон байдаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Ядарч зовж явахад гэртээ дагуулж аваачаад хоол хийж өгсөн олон хятад хүнтэй таарсан даа.
-Элчин сайдын яамандаа хандаж үзээгүй юу?
-Очиж уулзах гэхээр хөөдөг. Манай ганзагын наймаачид нурууг нь авчихсан шиг байгаа юм. Тэгээд тэнд байгаа монголчуудаасаа тусламж хүсэхэд нэг нь ч гараа сунгаагүй. Туслах албагүй байх л даа. Гэхдээ хүний нутагт элэг нэгт Монголчууд маань тэгж хандахад сэтгэлд нэг л эвгүй юм билээ. Харин одоо “Би эх орондоо байгаа тул хоосон боловч баян хүн шүү” гэж бодож явна. Би хүний нутагт өвдөж, өлсч, ядарч үзсэн хүн (уйлав).
-Зохиолчдын хорооны хойхно талд байсан хашаа, байшингаа эхнэр, охин хоёртоо үлдээгээд салсан гэж дуулсан?
-Тэр үнэн. Хашаа байсан газар дээр өндөр барилга боссон байна билээ. Одоогоор бол “А” зэрэглэлийн газар. Би гэрээсээ чемодантай хувцсаа аваад л гарсан юм.
-Эхнэртээ зориулж уран бүтээл туурвисан уу?
-Би эхнэртээ зориулж “Линдадаа” гэж шүлэг бичсэн.
-Охинтойгоо уулздаг уу?
-Уулздаг ч уулзах ер нь дэмий. Охин маань, “Улаанбаатарт архичин явахаар архины албадан эмчилгээнд яв” гэдэг юм. Тэр газар нь огт таалагддаггүй. Тэнд хийж буй эм тариа нь дандаа туршилтынх.
-Боловсрол эзэмшсэн тухайгаа ярих уу?
-Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийг дүүргэсэн. Харин хоёрдугаар арван жилд нь Г.Аюурзана суралцаж байлаа шүү дээ. Би толгой сайтай байсан юм уу, “Найрамдал” зусланд амрах эрхээр шагнуулдаг байлаа. Москвад мэргэжил дээшлүүлэх маягаар Горькийн нэрэмжит сургуульд суралцсан.Ажлын анхны талбар гэвэл нутагтаа “Лениний зам” сонинд бага сага юм бичдэг байв. Хотод Соёлын төв өргөөний долдугаар давхарт Одгэрэлийн “Шар сонин”-д ажилласан. Одгэрэл одоо лам болчихсон Энэтхэгт шавилж байгаа дуулдсан. Дараа нь “81 дүгээр суваг” сонинд ажилласан даа.
-Та утга зохиолын салбарт ямар гавьяа шагнал хүртэж байв?
-Зохиолчдын хорооны бүх шагналыг авсан. “Болор цом”-оос бусад нь надад байна. Хамгийн эхэнд Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал авсан. “Болор цом”-д олон орсон, цөөнгүй шөвгөрсөн дөө.
-Тэр үеийн “Болор цом” одоогийнхтой харьцуулахааргүй шударга болдог байсан биз?
-Шударга бус шүүлт тэр үед байж л байсан. Намайг шүлгээ уншихаар гарах гэж байхад 100 грамм татчих гээд. Тэгж архиар шахсан нөхөр нь “Болор цом” шүүсэн шүүгч байдаг байгаа.
-Тэр хүн хэн бэ?
-Би нэр хэлэхгүй. Би тэр архийг нь уухгүй байж болох байсан болохоор одоо элдэв юм ярьж гоншгонох утгагүй. Намайг тухайн үед дардаг байсан тал бий.
-Хэвлэл мэдээллээр таныг нас барсан гэдэг мэдээлэл гарсан байх аа?
-“Яруу найрагч Цэндийн Доржсэмбэ нас баржээ, Монголын зохиолчдын эвлэл эмгэнэл гаргаач” гэсэн утгатай мэдээ гарч л дээ. Би тэр тухай огт мэдэлгүй Зохиолчдын хороо руу Намайг өөрийгөө үхүүлсэн болгож зориудаар мэдээ гаргалаа гэж байгаа юм. Намайг сүүлд их өмөөрсөн хүн нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Х.Тэргэл. Тэр, “Наад хүн чинь архиа ууг, дуртай юм аа уугаад үхэг. Энэ хүнийг амьдад нь хайрлаач” гэж бичсэн гэсэн.
-Одоо тэгээд өдөр хоногийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Намайг авч яваа ганц зүйл нь уран зохиолын буян. Энд тэнд хүмүүс “Яруу найрагч Доржсэмбэ явна” гэдэг. Тэгэнгүүт тэднээс архины мөнгө л авна даа. Хоол унд өгөх нь цөөн. Намайг дуудах хүн гарна. Энийг засаад өг гэхээр нь тусална. Тэгээд миний гар дээр мөнгө өгөхгүй, шилтэй архи л өгдөг.
-Сэтгүүл зүйн салбарынхнаас тусалж дэмжих нь хэр вэ?
-“Цэндийн Доржсэмбэ нас барсан” гэдэг мэдээ гаргаж байгаа хүмүүс чинь ямар олиг байх вэ дээ. Харин Мааньтад хоригдож байхад зохиолч Гүн-Үйлс маань надад тэмдэглэлийн дэвтэр, олон өнгийн бал өгч явуулсан. Тэр нь надад жаргал болсон. Тэр дэвтэр дээр зургаан сарын хугацаанд кино зохиолоо буулгасан юм. Бас Ононгийн Чинбаяр над руу мөнгө шилжүүлсэн. Баярламаар сайхан хүн байдаг юм.
-Монголын уран зохиолын өнөөгийн төвшинг хэрхэн үнэлэх вэ?
-Маш сайн байгаа. Би Монголын уран зохиол руу муу үг унагах дургүй. Гаднын уран зохиолыг хуулбарлаад буй цөөн хэдэн хүнд л шүүмжлэлтэй ханддаг. Монгол үгний амь гэж юм бий. Түүнийг жаахан бүдгэрүүлэх гээд байдаг юм. Надад Очирбатын Дашбалбар агсан дорнын уран зохиол, өрнийн уран зохиол, буддын шашин гурвыг хоёр жилийн хугацаанд зааж сургасан хүн. Ийм учраас ялгаа заагийг нь бага боловч гадарлана аа.
-Та багшийнхаа тухай дурсамжаа хуваалцахгүй юу?
-Миний багш Жамъянгийн Болд-Эрдэнэ гэж агуу хүн байлаа. Шагдарын Уянга ах ч миний сайхан нөхөр явлаа. Тогоонтөмөрийн Содномнамжил гээд сайхан хүмүүс бүгд архинаас болж тэнгэрийн оронд очсон доо. Би тэдний архи уудаг байсныг хэзээ ч буруутгадаггүй. Энэ бол бодлогоширол. Дотроо асар их юм бодож, түүнийгээ боловсруулах технологи нь архи. Архи уудаггүй зохиолч гэж байдаггүй юм. Ар гэр, хүүхэд нь хэр арчаатай вэ гэдэг л чухал.
-Таны шүтдэг яруу найрагч Сергей Есенин уу?
-Би түүнийг хүндэлдэг. Шүтдэг гэвэл Александр Блок. Есенин тосгоноос хамгийн түрүүнд Блок дээр очсон байдаг. Блок түүнд, “Өөрийнхөөрөө яв. Чи болж байна” гэж хэлсэн гэдэг.
-Тэгвэл таалагддаггүй нь хэн бэ?
-Максим Горький. Нэг л худал санагддаг. Миний бодлоор ЗХУ задарснаас хойш Орост олигтой зохиолч гараагүй шүү. Яруу найрагч ч мөн ялгаагүй.Миний багшийн хэлсэн нэг агуу үг бий. “Ядуугийн зовлонг ядуу хүн л ойлгоно. Харин яруу найрагчийг зовлонг яруу найрагч л ойлгоно” гэж. Үнэн үг шүү.
“Ардын дуунд бодлогоширч явсан
Авьяаслаг найрагчийн гишгэсэн мөрийг
Зууны дараах цэцэг бүрхэж
Зулзаган хус шиг охид зүүдэлнэ”
гэж нэг шүлгийн сүүлийн дөрвөн мөрт юм. Ямар ч зохиолч жаргаж юм бичдэггүй. Зовж байгаад түүнийгээ архиар даруулж байгаад тархинаасаа гадагшлуулдаг байхгүй юу.
Би гурван тэмдэглэлийн дэвтэр дүүрэн бүтээлээ “Дайн ба Энх” хамтлагийн нэг нөхөрт “Хадгалж бай” гээд өгтөл нүдэн дээр минь шатааж билээ. Нэг л сонин санагдсан. Дахин бичих гэхээр улам дордуулах байхгүй юу. Яагаад гэхээр би толгойноосоо нэгэнт суллачихсан болохоор ахиж бичиж чадахгүй. Тэр нөхөр “Дуртайгаараа наад архиа ав” гээд надад 20 мянган төгрөг өгөхөөр нь аваагүй. Уг нь гайгүй юм хийчихлээ гээд өгсөн юм. Түүний өгсөн мөнгө нэг л сүжиггүй санагдсан даа. Бас Өвөрмонголын нэг хүүхэнд шүлгийн нооргуудаа өгсөн чинь өөрийнхөө нэр дээр ном гаргачихсан байна билээ. Монголд ирээд “Сэмбээ уучлаарай” гээд 100 мянган төгрөг өгсөн. Би тэр үед үнэхээр ядруу явж байсан болохоор өгсөн мөнгийг нь авсан ч баярлаагүй. Хүний уран бүтээлийг өөрийнхөө нэр дээр гаргасан түүний өмнөөс их ичсэн. Ер нь ийм зүйл олон тохиолдсон доо. Саяхан Францад гаргасан миний бүтээлийн шагнал гэж 150 мянган төгрөг өглөө. Бүтээл мөнгөөр хэмжигдэх зүйл биш ч дор хаяж сая төгрөг гаргаж өгмөөр юм.
-Та зохиолч хүн зовж бичдэг гэлээ. Тэгвэл та…
-Би нэг шил архитай, тухтай газар ийш тийш холхиж байгаад буулгадаг. Тэгж байгаад цаг хагаст багтаагаад дуусгачихдаг. Ер нь санаа цаанаасаа үерийн ус шиг урсаад л орж ирдэг юм. Би одоо хүнд итгэж бүтээлээ хадгалуулахаа больсон. “Утга зохиол, урлаг” сонин дээр миний шүлэг өөр хүний нэрээр гарсан байсан. Ямар ч уран бүтээлчийн бичлэгийн арга барил танигддаг юм шүү дээ. Тэгээд, “Энэ хүнээс архи авах эрхтэй болж байгаа юм байна” гэж бодсон. Энд тэнд таараад “Ганц юмны мөнгө өгч туслаач” гэхэд дуртай нь аргагүй өгдөг юм. Ер нь эд хөрөнгөө алдсанаас дор юм болно шүү. Тамаа цайж бичсэн зүйлээ өөр хүнд алдах сайхангүй ээ.
-Монголын яруу найрагчдаас таны хүндэлж явдаг нь хэн бол?
-Миний багш Жамъянгийн Болд-Эрдэнэ. Багш болохоор хэлж байгаа юм биш шүү. Бас Р.Чойном байна. Хүмүүс түүнийг муу хэлдэг ч түүн шиг бүтээл гаргасан нь хэд вэ? Баттогтох бол бас том үзэгдэл. Даанч 20 гаруйхан насандаа бурхан болсон доо. Над шиг хөл муутай хазгар хүн байсан юм билээ.
-Сүүлийн үед сэтгэлд тань нийцсэн бүтээл гэвэл?
-Дүү нарын бүтээлүүд гоё байна. Хашчулуун гээд залуу бий. Хүмүүс тэр бүр мэдэхгүй. Ном ч гаргаагүй гэсэн. Одоо хаана явдаг юм, бүү мэд. Хашаадаа их хайртай даа.
-Таны бие лагшин одоо хэр байна вэ?
-Муу ахынх нь амьдрал дуусч байна даа. Уг нь сууж байсан эхнэр Цэрэндолгортоо “Би 85 хүрээд үхнэ” гэж ам гарч байсан юм. Худлаа юм байна (уйлав). Зүрх их өвддөг болсон. Архи уухаар өвдөх нь намждаг. За даа, тэгээд болно доо, болно…