НЭГ: ГАЛ БА ШАШНЫ ЗАН ҮЙЛ
Гуравдугаар сарын дунд үеэс зургаадугаар сарын дунд үе хүртэлх хугацаа бол хуурайшилтын үе буюу гал гарах магадлал өндөртэй өдрүүд. Тиймээс энэ үеэр байгальд гарахдаа тамхины иш, асаасан гал, өргөсөн зулаа дуустал нь хүлээх, бүрэн унтраах шаардлагатай.
2019 онд л гэхэд шашны зан үйлээс улбаатай хоёр ч гал гарсан юм. Тухайлбал их тэнгэрийн ам, богинын амын дунд байрлах БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ХИЙХ ЦЭГ-т асаасан галаа унтраагүйгээс үүдэж гал гарч байв. Мөн зуслангийн газарт нэгэн иргэн зул асааж орхиод дуустал нь хүлээгээгүйн улмаас 2000 мкв газарт гал түймэр гарсан юм.
ХОЁР: ГАЛ БА ИРГЭДИЙН ХАРИУЦЛАГА
Иргэд хавар болохоор хашааныхаа өвсийг шатаадаг. Өвс шатааж байгаад гал алдаж, олон хүнийг хохироосон тохиолдол их. Жишээ нь 2019 онд нэгэн иргэн хашааны шар өвсөө шатаасны улмаас түймэр гарч, 20 гаруй айлын байшин шатаж байв. Мөн нэгэн иргэн байшингийнхаа хаалгыг гагнаж байгаад оч үсэрч, олон айлын байшинг санамсаргүй шатаасан.
ГУРАВ: БОГД УУЛЫН ЭРГЭН ТОЙРОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ААН-ҮҮД
Дархан цаазат Богд уулын хязгаарлалтын бүсэд 2000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм. Ойн тухай хуульд зааснаар дээрх аж ахуй нэгжүүд эргэн тойрныхоо 50 м газрыг хариуцаж, гал гарсан үед унтраах техник хэрэгсэлтэй байх ёстой. Тиймээс дээрх аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжээ алдахгүй хуулиа биелүүлэх шаардлагатай байна.
ДӨРӨВ: АЯЛАГЧ НАР БА ГАЛ
Ууланд алхаж, амарч зугаалж буй иргэд ч ил гал түлэх, тамхины ишээ бүрэн унтраалгүй хаях зэргээр хариуцлага алддаг тул энэхүү мэдээгээр дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байна.