LIVE FORUM: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС
Өрөг.мн, Ub.life сайтууд хамтран Коронавирусийн эсрэг иргэн ТА юу хийж чадах вэ? Live хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
Ц.Ганзориг – Улсын онцгой комиссийн гишүүн, засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга
Б.Цогтбаатар- Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга
Б.Отгонтөгс- МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор
Ж.Хулан- Ub.life сайтын дэд захирал нар оролцлоо.
Бид
– Иргэн та хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?
– Бодитой мэдээллийг хүлээн авахдаа яаж нягтлан шалгах вэ?
– Өрх гэрийн хуримтлал, санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?
– Улсын онцгой комисс ямар шийдвэрүүд гаргав, яагаад гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Ж.ХУЛАН: АЙДАСТ АВТУУЛСАН МЭДЭЭЛЛЭЭС ЗАЙЛСХИЙХ ХЭРЭГТЭЙ
1. Айдаст автуулсан мэдээллээс итгэл найдвар төрүүлсэн мэдээ нөхцөл байдал дунд үр дүнд хүргэх нь өндөр. Сандарсан үед нь айдаст автуулаад байвал үймээн л бий болно. Хэрвээ "та өөрийгөө хамгаал, гараа ариутга" мэтээр мэдээлэл, сурталчилгаа өгвөл илүү үр дүнтэй.
2. Редакциудад өгөх зөвлөмжид шуурхай мэдээ дамжуулахдаа буюу баримт мэдээлэхдээ 12 цагийн турш нягтал гэж зөвлөсөн байсан. Шуурхай мэдээ дамжуулах үед энэ бол маш хэцүү. Гэхдээ илүү хариуцлагатай хандаж, 12 цагаа байя гэхэд 2 цаг ч болтугай нягтлах хэрэгтэй байх.
3. Иргэд халдварт өвчин гарсан үед буюу эрсдэлтэй үед мэдээллийн вакумд орж, сэтгэл зүйн тогтворгүй нөхцөл байдалд ордог юм байна. Тиймээс засгийн газрын албаны мэдээллээ хүлээн авч, өдөр тутмын амьдралаа хэвийн авч яв гэж зөвлөсөн байна лээ. Хэтэрхий их түгшүүр нь айдаст автуулаад биднийг буруу шийдвэр гаргахад хүргэж болзошгүй гэдгийг хэлж байсан.
4. Мэдээ хэн, хэзээ, хаана, хэрхэн, яагаад гэсэн асуултуудад хариулт өгдөг. Аливаа мэдээлэл рүү дараад орлоо гэхэд эдгээрийн аль нэг нь бүрэн биш байвал мэдээг бүү түгээгээрэй. Иргэний үүрч байгаа нэг асуудал бол түгээх товч дарахынхаа өмнө юу түгээж байгаагаа бодох хэрэгтэй. Тухайн мэдээний гол агуулга санаа юу байна вэ? гэдгийг харах хэрэгтэй. Жишээ нь бид мэдээний гарчгийг хараад орчихдог. Гэтэл гарчиг, мэдээ хоёр авцалдаагүй байх нь бий. Энэ тохиолдолд тухайн мэдээг зориудаар хуурамчаар хийсэн байж болзошгүй байдаг. Үйл явдал үзэгдлийг батлахдаа хуурамч буюу Харвард, Стэнфордын судалгаа гэх мэт үгнүүдийг ашигласан байдаг. Хэрвээ тийм мэдээ байвал яг хэдэн оны ямар судалгаа вэ, тэр үнэхээр энэ үйл явцыг батлах уу гэдгийг харах ёстой болдог. Мөн та ямар эх сурвалжаас мэдээ авч байгаагаа харах хэрэгтэй. Өчигдөрхөн гэхэд гэр бүл.мн гэсэн хаяг байсан. “Солонгосын бүх удирдагчид covid 19 өөр өвчлөөд хөх ордон хаагдах гэж байна” гэсэн мэдээ байсан. Таны тогтмол ордог, сайн эх сурвалж мөн үү гэдгийг шалгаж,шээр товчлуураа дарахгүй бол болохгүй. Мөн таны ойр дотны хүмүүс буруу мэдээлэлтэй байвал залруулж, баталгаат мэдээллүүдийг хэлж өгч байгаарай. Ойр дотнын хүний мэдээлэл албан эх сурвалжаас илүү итгэл төрүүлдэг гэдэг.