LIVE FORUM: КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ЗҮЙЛС
Өрөг.мн, Ub.life сайтууд хамтран Коронавирусийн эсрэг иргэн ТА юу хийж чадах вэ? Live хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт
Ц.Ганзориг – Улсын онцгой комиссийн гишүүн, засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын дарга
Б.Цогтбаатар- Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга
Б.Отгонтөгс- МУИС-ийн эдийн засгийн тэнхимийн профессор
Ж.Хулан- Ub.life сайтын дэд захирал нар оролцлоо.
Бид
– Иргэн та хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ?
– Бодитой мэдээллийг хүлээн авахдаа яаж нягтлан шалгах вэ?
– Өрх гэрийн хуримтлал, санхүүгээ хэрхэн зохицуулах вэ?
– Улсын онцгой комисс ямар шийдвэрүүд гаргав, яагаад гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан юм.
Б.Цогтбаатар: Эрсдэлийн үед бүгд тайван байх хэрэгтэй
1. Дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал үүслээ. Энэ бол цар тахал. Эрсдэлийн үнэлгээгээр Монгол улс маш өндөр эрсдэлтэй. Covid 19-ийн халдварлах чадвар бусад халдвараас гурав дахин өндөр.
2. Иргэн та мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг биелүүлэхэд болно. Эрсдэлийг ойлгож, өөрийгөө болон бусдыг хамгаал. Үүргээ биелүүл.
3. Ямар ч эрсдэлийн үед төр засаг ч тэр ард иргэд ч тэр тайван байх ёстой. Панект орохгүй байх ёстой. Ингэснээр протоколынхоо дагуу зөв мэдээллээ өгөөд зөв ажиллах боломжтой.
4. Коронавирусийн талаарх ямар ч мэдээллийг бид нуугаагүй. Мэдээллийг үнэн зөвөөр авсан даруйдаа ард иргэддээ өдөр бүр 11:00 цагаас хүргэж байгаа. Мэдээлэл нууж яах юм бэ? Мэргэжлийн хувьд, ёс зүйн хувьд тэгэх шаардлага байхгүй. Нуусан ч булан тойроод баригдана. Хэвлэл мэдээллийнхэн ч сайн ажиллаж байна. Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны арга зүй гэж бий. Ялангуяа ийм синситив мэдээллийг хэрхэн түгээх вэ, дотроо яаж харилцах вэ гэдэг дээр ажилладаг арга зүй бий. Түүнийхээ дагуу ажиллаж байгаа.
5. Эмнэлэгт клиник болон биологийн үхэл гэж бий. Тухайн хүн нас барснаас хоёр цагийн дараа бодитой хариу гарна гэж үздэг. Зарим үед хоёр цагаас ч илүү хугацаанд тухайн хүнийг харах шаардлагатай. Эргээд эмчилгээ авч сэргэсэн түүх зөндөө.
6. Хятад бүх мэдээллээ ДЭМБ-д хуваалцсан. Үүнээс хойш 2-3 газар ажиллаж, оношлуураа хийсэн. Оношлуур хийсэн даруйд удалгүй бид авсан. Вакцин, эм хийх мэдлэгээ Дэлхийн 2-3 оронд үйлдвэрлэчихлээ. Туршин шинжилгээ хүн дээр турших ажил удахгүй хийгдэх гэж байна. Үр дүнтэй байвал хурдавчилсан байдлаар хийсэн ч 2021 он хүрч байж масс үйлдвэрлэлд орохоор байгаа. Вирусийн эсрэг эмийг бас өөр газруудад хийгээд явж байна. Эм вакцинаас өмнө хэрэглээнд орж ирэх хүлээлт байна.
7. Бид хүмүүсээ эмчлэх бүх бэлтгэлээ сүүлийн сар гаруй хугацаанд хангаж ажиллаж байна. Бидэнд хоёр тактик байсан. Нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн боломжит бүх арга хэмжээгээ авч, халдварыг оруулж ирэхгүй байх. Хоёрдугаарт эрүүл мэндийн байгууллагын оношлох, эмчлэх бэлэн байдлаа хангаж ажиллах. Маш олон ажил хийж байгаа. Эмчлэх арга тактик дээр ДЭМБ 200 гаруй гишүүнтэй. Ийм эрсдэлийн үед гишүүн орнуудаа удирдаж, чиглүүлж байдаг. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу. Ингэж оношилно, ингэж эмчилнэ гээд байнга удирдамж гаргаж байгаа. Бид үүнийг түр зуурын удирдамж гэж нэрлэдэг. Удирдамж гарсан даруйд шөнө бол шөнө, өдөр бол өдөр тэр дор нь суугаад зөвлөх баг шинэчлээд ашиглаад удирдамжаа хэрэглэж үзээд явж байгаа.
8. Нас барсан хүмүүс их байгаа ч эдгэж байгаа хүмүүсийн тоо сүүлийн үед өсөж байгаа. Энэ халдварын эсрэг буюу вирусийн эсрэг Дэлхий дахинд танин мэдэгдсэн 80 гаруй төрлийн эм, эмийн бодис бий. Энийг ашиглаж байна. Мөн уламжлалт арга зэрэг юу ашиглаж болох бүхнийг ашиглаж байна. Хүмүүсээ эдгээсэн улс орнуудын протокол, ашигласан эмийнх нь талаар мэдээллүүдийг бид авч, бэлэн байдлаа хангаж байгаа.
9. Хуурамч мэдээ маш их хортой байгаад байна. Эхлээд “ЭМЯ-ны хамаатан тэгж хэллээ гэсэн бичлэг тараад дараа нь онцгойд ажилладаг ах маань ингэж хэллээ гэсэн 47 секундийн бичлэг тарсан”. Энэ үед хүмүүс үймж, дэлгүүрээс хүнс нөөцөлсөн. Тиймээс үг үйлдлээ цэнэж, хариуцлагатай байх хэрэгтэй байна. Бид дандаа л урагшаа явмаар байна. Гэтэл хуурамч мэдээ тарахад урагшаа нэг алхах гэж байсан хүн хойшоо хоёр алхах болдог.
10. Маскны эрэлт улам өсөж байгаа. Анх сэрэмжлүүлээд маск ярьж эхлэхэд л хүрэлцээтэй биш болоод эхэлсэн. Яг эрсдэлтэй ажлын байранд байгаа буюу эмнэлэгт байгаа хүмүүс мэс заслын маскаа зүүж байгаа. Байгаа нөхцөл байдалдаа дасан зохицох хэрэгтэй. Хил гааль хязгаарлалтад орсон, Хятад, Солонгос зэрэг максны түүхий эд авдаг улсуудад халдвар тархсан. Тиймээс өөрсдөө гараараа ч болтугай оёод маскаа хэрэглье ээ.
11. Бараа материалаар халдвар орж ирэх боломж байгаа юу?
Өмнө нь ийм эрсдэл байсан. Бид тодорхой хэмжээгээр хилийн бүсэд хязгаарлалт тавиад нэлээн удчихлаа. Эрсдэл буурсан. Бараа материалаар халдвар дамжих эрсдэл ер нь бий. Covid-19 бол гадаргуу дээр амьдрах чадвартай. Тиймээс гараа сайн угаа, гараа ариутга гээд байгаа. Маск бол агаар дуслаар халдах эрсдлийг бууруулж байна.