Энэ зууны бас нэгэн том тахал бол анхаарал төвлөрлийн хомсдолд орох явдал юм гэж эмч, сэтгэлзүйч нар төдийгүй шашин номынхон ч анхааруулж байна.
Анхаарал төвлөрлийн хомсдол гэдэг бол сэтгэл санаа тогтворгүй, төвлөрч чадахгүй, үргэлжийн ямар нэг юмнаас хоцроод ч байгаа юм шиг түгшсэн байдлыг хэлэх аж. Дотооддоо та амгалан байж чадахгүй бол өөрийгөө стрессдүүлж байгаагийн шинж юм. Мэдээж гадаад орчноос биднийг стресстүүлэх, тайван бус байлгах шалтгаан мундахгүй. Тэглээ гээд бид тэр бүгдэд автаад байвал өөрийгөө өвчлүүлж эхэлнэ гэсэн үг.
- Та нэг зүйлд анхаарлаа хандуулахдаа хэдэн минут төвлөрч чаддаг вэ?
- Зөвхөн нэг зүйлдээ төвлөрч чаддаг уу?
(мультитаскинг гэдэг бол өөр ойлголт)
- Сэтгэл санаа товтортой, тайван байж чаддаг уу?
Анхаарал төвлөрлийн хомсдолд орохоос сэргийлэх хамгийн сайн арга бол бясалгал юм.
Гэхдээ ихэнх хүмүүс бясалгал хийнэ гэдгийг цав цагаан танхимд, эсвэл хүнгүй зэлүүд газар, лаа асааж олон минутаар ганцаараа сууна гэж эндүүрч ойлгодог.
Гэтэл үгүй. Бясалгал хийнэ гэдэг нь маш энгийнээр ямар ч орчинд байсан төвлөрч суухыг л хэлнэ. Гэхдээ мэдээж бясалгалаар хичээллээд эхэлвэл түвшин нэмэгдэхийн хэрээр өөр болох нь тодорхой.
Сэтгэлзүйчдийн зөвлөж буйгаар та заавал хичээл авч, цаг гаргаж бясалгалаар хичээллэж амжихгүй бол ядаж өдөрт нэг удаа 3-5хан минут өөрийн амьсгал дээрээ төвлөрч сууж байхыг зөвлөдөг. Энэ нь сэтгэл хөдлөлөө хянах, төвлөрлөө сайжруулах, стрессээс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой.
Эхний ээлжинд та гурван минут төвлөрч чадахгүй анхаарал нь сарниад байвал юм зурах, юм будах, юм оёх зэргээр төвлөрч болно.
Ингэж дадал болох нь бясгалын эхний шат юм. Харин танд таалагдаж, үр дүн мэдэрч байвал тогтмол бясалгалаар хичээллээрэй.