2020 оны 2-р сарын 3-ны 14.00 цагийн орчимд Төрийн албаны зөвлөлийн серверийн өрөөг Цагдаагийн Ерөнхий Газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн лацдав. Манай сайтын сурвалжлах баг газар дээрээс нь шууд дамжуулж Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн н.Дэмчигсүрэнгээс тайлбар авч байв. Тэрээр ярихдаа “ Серверийн өрөөг ЦЕГ-тай хамтарсан ажлын хүрээнд лацадсан. Гэмт хэргийн шинж чанартай зүйл байхгүй” гэсэн юм. Харин тэр худлаа ярьсан.
Начир дээрээ ЦЕГ-ын илрүүлсэн хэргийг харьяаллын дагуу АТГ руу уржигдар шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны 11-р сард Төрийн албаны зөвлөлөөс “төрийн албан хаагчийн шалгалт” зохион байгуулах үеэр IT инженер нь 20 гаруй хүнийг шалгалтад хууль бусаар тэнцүүлсэн байж болзошгүй баримтууд илэрчээ. Эх сурвалжийн мэдээллээр Төрийн албаны зөвлөлийн шалгалтад орох нэг хүнээс 2.5 сая хүртэлх төгрөгийн хахууль авч, шалгалтад тэнцүүлсэн гэж байна. Харин шалгалтад тэнцсэн хүмүүс дунд шүүгч, прокурор хүмүүс байхгүй гэлээ.
Хэргээс харахад IT инженер нь анх удаа ийм зүйл хийж байгаа юу? Ямар дарга нар нь холбоотой вэ? Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 2019 оны төрийн албан хаагчын шалгалтыг хүчинтэйд тооцох уу? Зэрэг ноцтой асуултууд урган гарч байна.
Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаас жилдээ хоёр удаа цахимаар шалгалт авдаг ба мэдээллийн аюулгүй байдал нууцлалыг журмаараа тэд өөрсдөө хангах учиртай. Гэтэл олон мянган залуусын хөдөлмөр, хүсэл зорилгыг уландаа гишгэж, авилга өгсөнийг нь тэнцүүлж, төрийн албаны нэр төрийг унагах ноцтой алдаа гаргасан байж болзошгүй байна.
Мөн шалгалтын асуумжаа буруу боловсруулсан хэмээн гомдол гаргасан иргэдийн асуудлыг шийдэхгүй элдэв төрлийн аргаар дарамталсан хэмээн манай редакцид иргэд мэдээлсэн юм.
Харин чиг үүргийнхээ дагуу Тагнуулын Ерөнхий Газар төрийн бүх байгууллагын мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологид нь анхаарал хандуулж ажиллах учиртай ч муугийнх уу, мэдлэггүйнх үү ийм байдалд хүргэлээ.
/Зураг дээр баруун гар талаас ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэл, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар. Жич: Зургийг эвлүүлсэн болно. /
Монгол улс мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээгээр Дэлхийд 78-р байранд жагсдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи, аюулгүй байдлын асуудалд төсөв хөрөнгө бага төсөвлөдөг, боловсон хүчин муу зэрэг шалтгаанууд нь хойгуур жагсах гол үзүүлэлт юм. Монгол улс дижитал шилжилтийг ид хэрэгжүүлж байгаа энэ үед энэ мэт мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой ноцтой алдаа гарвал улсад хэмжээлж баршгүй хохирол учрах эрсдэлтэй. Тиймээс мэдээллийн технологийн салбарт бодлого хэрэгжүүлж, хууль баталж, боловсон хүчнээ бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг дээрх тохиолдол нотоллоо.
Ингэхэд ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ТАЗ-ын дарга Б.Баатарзориг нар мэдээллийн технологийн талаар юу мэддэг бол?